Ардчилсан хувьсгалын лут зорилт

УИХ-ын 2012 оны сонгуулийн кампанит ажлын үеэр шударга ёсны эвсэл Үндэсний үзлээр жигүүрлэсэн таван хувьсгалыг удирдаж сонгуулийн үр дүнг Монголын ард түмний язгуур эрх ашигтай бүрэн нийцүүлж өөрчлөх улс төрийн чиг шугамыг баримталж ажилласан. МАНАН-г бүрдүүлж байсан хоёр том нам, бас манай эдийн засагт, улс төрийн хүрээнд эзэгнэлээ далдуур төлөвшүүлсэн гадаад хүч нь шударга ёсны хувьсгалаас сандран эмээж байсан гэдгийг бид зон олонд дуулгах ёстой.

 
Үндэсний үзэл дээр тулгуурласан таван хувьсгал нь зөвхөн МАНАН-гийн дээд удирдлагад төдийгүй, Монголын эрдэс баялаг руу өрсөлдөж буй үндэстэн дамнасан корпорациудад том айдсыг төрүүлж байв. Энэхүү хувьсгалаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, Тавантолгойн ордыг Монголын ард түмний мэдэлд өгч эл ордын хууль ёсны эзэн болгох гэсэн хоёр шаардлага үндэстэн дамнасан корпорациудыг лут шоконд оруулсан ажээ.

 

Тийм ч учраас, шударга ёсны хувьсгалыг амжилтанд хүргэхгүй байх, замын дундаас эл хувьсгалыг зогсоолгох, улмаар шударга ёсны хувьсгалыг манлайлсан эвслийг задлах элдэв оролдлогууд УИХ-ын сонгуулийн өмнө ч, энэхүү сонгуулийн дараа ч үргэлжлэн хийгдсээр байна. Сонгуулийн дараах 4 cap хүрэхгүй хугацаанд олон түмнийг, жирийн иргэдийг, улс төрийн олон намуудыг алмайруулсан лут лут хачирхалтай үйл явдлууд өрнөөд байгааг хэлэх шаардлагатай боллоо.

 

Бид юуны өмнө шударга ёсны хувьсгалыг зориглон эхлүүлж өрнүүлсэн улс төрийн хоёр нам, тухайлбал шинэчлэгдсэн МАХН, МҮАН хоёрын харьцааны асуудлаас шударга ёсны эвслийн улс төрийн чадавхийг, бас 5 хувьсгалын дархлааг хөндөх шаардлагатай тулгарч байгаа. Манай улс төрийн лийдрүүд болон улс төр судлаачид, хэвлэл мэдээллийн тойм шинжээчид саяын бидний дурьддаг хоёр зангилаа асуудлыг хөндөхөөсөө илүү өөр чиглэлийн асуудлыг, хувийн харьцааны аар саар сэдвүүдийг хөндөж яриад байна.

 

Бид шударга ёсны эвслийн улс төрийн чадавхи болон Таван хувьсгалын дархлааг зориуд товойлгон тавихдаа 1990 оны гуравхан cap үргэлжилсэн Ардчилсан хувьсгалын сургамж болон туршлагыг харгалзсан гэдгээ хэлэх ёстой. Ардчилсан хувьсгалын 10 лут зорилтыг дэвшүүлэхдээ Монголын ардчилсан холбоог Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын сэтгэлгээнээс салгаж уул холбоог улс төрийн соёл гэгээрэхүйн тусламжтайгаар бие даасан хөгжил дэвшлийн замналыг бадраахад шууд чиглэсэн том хувьсгалын лут эргэлт рүү татан оруулахад онцолж анхаарсан билээ.

 

Ингэснээр Ардчилсан хувьсгалыг залуурдан хөтлөх улс төрийн шинэлэг хүч төлөвшин бүрдэж улс төрийн чадавхийг олох учиртай байв. Ийм чадавхи бүрэлдсэн тохиолдолд Ардчилсан хувьсгалыг ялагдуулахгүй байх, уул хувьсгалыг зогсоолгохгүй байх, улмаар ийм хувьсгалыг амжилтанд хүргүүлэх тийм дархлаа бий болох ёстой. Ардчилсан хувьсгалын чадварлаг лийдрүүд зөвхөн уул хувьсгалыг амилуулах нөр их үйлдлүүдийн дүнд, өндөр хариуцлагыг хангах нөхцөлд л төрж гардаг жамтай.

 

Ингэж баймааж л Ардчилсан хувьсгалыг зөвхөн эхлүүлэх төдийгүй, цааш нь тууштай үргэлжлүүлж чадсаны ач буянаар Ардчилсан хувьсгалын дархлаа тогтнодгийг бид хэлэх учиртай. Бид Ардчилсан хувьсгал ялаагүй гэдгийг, бас ялагдаагүй гэдгийг “Хөх толбо” сониноор түмэн олондоо цөөнгүй удаа сонордуулсан.

1990 оны Ардчилсан хувьсгал гуравхан cap өрнөөд зогссон. Бид Ардчилсан хувьсгал зогссон хэмээх нэр томъёоллыг хувьсгалын тухай ерөнхий онолд хэрэглэдэг болсон төдийгүй бас Ардчилсан хувьсгалыг санаатайгаар зогсоолгох гэсэн өөр нэг ухагдахууныг ашигладаг болсныг зон олон анзаарсан байх. УБХ-ыг Ард түмний онц зөвлөлөөс өндөр зиндаанд дөвийлгөх болсон нь Ардчилсан хувьсгал зогсох болсны том шалтгаан нь болж өгсөн гэлтэй.

 

Харин Ардчилсан хувьсгалыг санаатайгаар зогсоолгох болсны цаад учиг нь Монголын Ардчилсан Холбооны болон Монголын Ардчилсан намын хэд хэдэн лийдрүүд БОЗ-ын бүлэглэлтэй хуйвалдаж төр төмөр нүүрээ үзүүлнэ гэсэн урианаас хулчийж, ардчилсан хувьсгалаас урвасан бохир үйлдэлтэй холбогддогийг бид байнга дурьддаг билээ. Энэ бол үнэхээрийн том эмгэнэл байсан юм.

 
Ардчилсан хувьсгалын жинхэнэ үнэ цэнийг ойлгохгүй хөөрцөглөж явсаар эцсийн шатанд урвагч лийдрүүд нь өчүүхэн ашиг сонирхол (том албан тушаалд санаархах, эд мөнгөнд шуналтах, хэт амбийцдах)-уудад уяран хөтлөгдөж улс төрийн чухал үйл явдлуудыг дампууралд оруулж чаддагийг бид гашуун түүхээс олж мэдсэн. Улс орны болон ард олны язгуур эрх ашгийг огт ухааран ойлгоогүйгээс, улс төрийн итгэл үнэмшлээ төлөвшүүлж чадаагүйгээс, улс төрийн соёлыг эзэмшээгүйгээс шалтгаалж Ардчилсан хувьсгалын дархлаа бүрдэж амжилгүй замхарсан гэлтэй.

 
Ардчилсан хувьсгалын онол бодлого МАХН-ын анхдугаар их хурлаар батлагдчихаад байхад нэлээд лийдрүүд маань эрх баригч намын зүгээс, социал демократууд болон МҮДН-чүүдийн зүгээс санаатайгаар түгээсэн хорлонт цуурхлуудад явган хов живүүдэд, элдэв башир аргуудад урхидуулж сэтгэл санаагаа хоёр дуулж гуйвж дайвж эхэлснээс болж Монголын Ардчилсан Холбоо (МоАХ)-ны болон Монголын Ардчилсан Нам (МоАН)-ын улс төрийн чадавхийг цогцлуулах үйлс эрс удааширсан байв.

 

Бид Ардчилсан хувьсгал зогссоны гол гол шалтгаануудыг улс төрийн чадавхи болон дархлаатай шүтэлцүүлж ярих болсон нь 2012 онд МАХН, МҮАН хоёрын санаачилж өрнүүлсэн таван хувьсгал зогссоны учир начрыг тайлах гэж зорьсонтой шууд холбогдож буйг зон олон маань анзаарсан гэдэгт итгэж байгаагаа хэлэх юун.
Хэрэв 1990 оны Ардчилсан хувьсгал Зөвлөлтийн далд колоничлолын эсрэг, дарга ангийн эсрэг чиглэж, тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсыг сүндэрлүүлэх, хүнлэг ардчилсан нийгмийг цогцлооход чиглэсэн байв.

 

Энэхүү хувьсгал нь Монгол Улсад чөлөөт зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлээгүй байсан. Харин олон хэвшилт эдийн засгийг тогтнуулах явдлыг Ардчилсан хувьсгалын эдийн засгийн чухал зорилт гэж томъёолж байсныг эргэж санахад юу нь буруудахав. Ардчилсан хувьсгалыг эхлүүлэх цаг мөчид өнөөгийнх шиг дөрвөн мянган лицензийг харийнханд панзлаагүй байсан бөгөөд харин эрдсийн дөрвөн том ордыг далд колоничлолоос аварч ард түмний мэдэлд өгөх улс төрийн лут чиглэлийг дэвшүүлсэн байлаа.

 

Тэгвэл 22 жилийн дараа буюу 2012 онд үндэсний үзлээр жигүүрлэсэн 5 хувьсгал 1990 оныхоос огт өөр нөхцөлд хэрэгжих ёстой байлаа. Шударга ёсны хувьсгал нэн хүнд нөхцөлд, олон зөрчил, элдэв хуйвалдаан, харш үзэгдлүүд ноёрхсон тийм нөхцөлд өрнөх хувь тавилантай учирсан. 1990 онд Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд нийт монголчууд, ялангуяа залуучууд өнөөгийнх шиг ажилгүйдэж, ядуурч, эвдэрсэн үзэгдлүүдтэй нүүр тулаагүй байв.

 

Сүүлийн 22 жилийн туршид Монгол Улсад далдуур өрнөсөн монжооч зах зээлийн хувьсгал Монголын ард түмнийг, ялангуяа залуучуудыг ажилгүйдэлд, ядууралд, элдэв хачин үйлдлүүдэд нэрвэгдүүлж манай эдийн засгийг үндэстэн дамнасан корпорациудад атгуулж, эрдсийн бараг бүх ордуудаа газар нутгаа лиценз гэгч залилангийн бичвэрээр панзалж, улс орныг сүйрэл сүйтгэл рүү түлхэн оруулсныг илчилж Монгол Улсаа, монгол түмнээ даруйхан аврах тийм хувьсгал хийх шаардлагатай гэдгийг шинэчлэгдсэн МАХН, МҮАН хоёр хамгийн түрүүнд ухамсарлан ойлгож, үндэсний үзлээр гийсэн таван хувьсгалын хөтөлбөрийг гаргалаа.

 
Хэрэв 1990 оны Ардчилсан хувьсгал 1981 оноос эхэлсэн хямралуудыг гэтлэн давах асуудлыг хүнлэг ардчилсан нийгмийг сүндэрлүүлэх зорилготой шууд уялдуулсан бол 2012 оны Шударга ёсны хувьсгал нь Монгол Улсыг сүйрэл сүйтгэлийн гольдролоос гаргахдаа таван хувьсгалыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх лут лут чиглэлүүдийг дэвшүүлж тавив. Эдгээр чиглэлийг зүй нь МАНАН-гийн удирдлага засгийн эрхийг барьж байсныхаа хувьд үндэслэж тавих ёстой байлаа.

 

Гэвч МАН-АН хоёрын аль аль нь таван хувьсгалын агуу хөтөлбөрийг Монгол түмэндээ толилуулах хувь тавилангүй болчихсон байжээ. Шударга ёсны эвсэл УИХ-ын сонгуульд таван хувьсгалын агуу хөтөлбөрөөр МАН-тай, АН-тай өрсөлдөж УИХ- ын олонхи суудлыг авахыг зорьсон. Тэгэхдээ бүр 45 суудлыг баараггүй авах тийм боломжийг шударга ёсны хувьсгалын хөтөлбөр олгосныг бид хэлэхгүй өнгөрч болохгүй.

 
Шударга ёсны эвсэл УИХ-ын сонгуульд ямар ч л байсан 10 суудал авах зорилтыг хэзээ ч тавиагүй байв. Ардчилсан нам ч, МАН ч аль аль нь өнөөх л хуучин сурч дадсан башир аргаар УИХ-ын 2012 оны сонгуулийг луйврын, асар их будлиан дагуулсан сонгууль болгож хувиргаснаас Шударга ёсны эвсэл маш цөөхөн суудал авахад хүрлээ. 45 суудал, 11 суудал хоёрын хооронд 4 дахин их зөрүү байгаа. Ийнхүү булхайтай луйврын сонгууль УИХ-ын дийлэнх суудлыг Ардчилсан намд, МАН-д олгож шударга ёсны эвсэл 11 суудалтай л үлдсэн шүү.

 

Улс төрийн хүчний ийм харьцаа УИХ- д бүрэлдсэн нь үндэсний үзлээр гийсэн 5 хувьсгалын агуу зорил туудыг хэрэгжих боломжгүй болголоо. Бид энд том хувьсгалын тухай асуудлыг хөндөж байгаа болохоос биш, зүгээр нэг шинэтгэл ч юм уу, эсвэл шинэчлэл ч юм уу, эсвэл алгуур хувьслын асуудлыг яриагүй гэдгийг онцолж дурьдах учиртай. Монголын ард түмэн янз бүрийн шинэчлэл болон шинэтгэлд итгэхээ больсон бөгөөд харин тэрбээр үндэсний үзлээр жигүүрлэсэн таван хувьсгалыг зүрх сэтгэлээрээ дэмжиж байсныг монголчууд бид хэд хэдэн удаагийн ард түмний их хуралдайнаас олж харсан гэлтэй.

 

Таван хувьсгалын 2 гол удирдагчийн харьцааны асуудал чухамдаа УИХ-ын ид сонгуулийн үеэр биш, энэхүү сонгууль явагдаж дууссаны дараа гурван сарын дараа яригдаж эхэлж байна. Шударга ёсны хувьсгал зогссоныг, бүтэлгүйтсэнийг хамгийн түрүүнд Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр олж харсныг бид хэлэх учиртай. Энэ хоёр том лийдэр таван хувьсгалыг эхлүүлэхдээ ийм хувьсгалаа ялагдалд нэрвэгдүүлнэ гэж зориогүй л байх.

 

Энэхүү хувьсгалаа заавап ялуулахын төлөө чармайсан гэдгийг хэн бугай ч зөвшөөрөх биз. Шударга ёсны хувьсгалыг өрнүүлэхэд хоёр гол тулгуурын нэг нь Н.Энхбаяр өөрөө байсан юм. Ардчилсан нам нь ч, Ардын нам нь ч аль аль нь Н.Энхбаярыг яг сонгуулийн үеэр шоронд хорьж, таван хувьсгалыг өрнүүлэх үйпсийг залуурдах явдлаас холдуулах тийм хорлонт санааг дээрх хоёр нам сэдсэн гэдэг нь улам бүр ойлгомжтой болж байна.

 
Манай улс төрийн амьдралын түүхэнд УИХ-ын сонгуультай зэрэгцүүлж, 5 хувьсгалыг өрнүүлж байсан тийм түүх тохиолдож байгаагүй гэдгийг бид онцолж сонордуулах ёстой. Улс төрийн хоёр гоц нам УИХ-ын сонгуулийг шударга ёсны хувьсгалтай холбохдоо улс төрийн хувьсгалыг шударга ёсны сонгуулийн гольдролоор амилуулж засгийн дээд эрхийг МАНАН-гийн олигархиудаас салгаж ард түмний их хурилдайд шилжүүлж өгөхийн төлөө үнэн зүрх сэтгэлээрээ идэвхийлэн тэмцсэнийг бид Монгол түмэндээ дахин давтаж хэлэх ёстой.

 
Хоёр намын гишүүд сонгуульд ялахын төлөө үнэнхүү зүтгэсэн гэдгийг ч бид хэлэх хэрэгтэй. МҮАН-аас ч, МАХН-аас ч сонгуулийн сурталчилгааг зөв чиглэлээр хийж нэг ч удаа ёс горимыг зөрчөөгүй бөгөөд тэр тусмаа, сонгогчдын саналыг худалдаж авах ганц ч үйлдлийг хийгээгүй байсныг ч монголчууд бүгд мэдэж байсан шүү. УИХ-ын сонгуульд шударга ёсны эвсэл олонхи болж чадаагүй гэдэг нь МҮАН-тай ч, МАХН-тай ч огт холбоогүй байсан гэдгийг бид бүгдээр мэдэж байлаа. Луйврын сонгуулийн үр дүнгээр Шударга ёсны эвсэл 11 суудал авсныг бид улс төрийн содон хоёр намын ялалт гэж үзэхгүй байгаа гэдгээ хэлье.

 
Үүнтэй уялдуулж бид нэгэн баримтыг дурьдая. “Улс төрийн тойм” сонины энэ оны 9-р сарын 21-ний өдрийн №179-д: “УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын хуралдааны үеэр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар санал хураалт явуулав. Гэтэл санал хураалтын дүнгээс харахад “Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй л бол улстөрч байсны хэрэг алга” хэмээн мэтгэлцэж, тэмцэлдээд байсан З.Энхболд гэдэг хүн алга болчихов.

 

Анзаарч харах нь ээ кнопоо “Өөрчлөлт оруулах шаардлагагүй” гэдэг талд нь даржээ. Н.Батбаяр, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарын хувьд ч адилхан. Өнгөрсөн онд баримталж байсан үзэл баримтлалаасаа 180 градус урвасан гэдгээ батлав. Гэрээг өөрчлөхийн төлөө гарын үсэг зурсан 23 гишүүний нэрийн дунд Шадар сайд Д.Тэрбишдагвын гарын үсэг байгааг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ баталсан. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тэр гарын үсэг чинь хуурамч гэсэн” хэмээн мэлзэв” гэжээ.

 
УИХ-ын энэхүү чуулган цаад утгаараа Шударга ёсны хувьсгалыг далд ялагдалд оруулсан тийм чуулган болж өндөрлөв. Улс төрийн тойм сонинд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхгүй гэсэн 27 гишүүний нэрс нийтлэгдэхэд уул гэрээг өөрчлөхийг дэмжсэн 26 гишүүний нэрс бас хэвлэгдлээ. Нэг саналын зөрүүгээр Монголын ард түмний язгуур эрх ашгийг дээдэлдэг гишүүд ялагдаж харийнхны язгуур эрх ашгийг дээдэлдэг УИХ-ын гишүүд нэг хүний саналын зөрүүгээр ялалт байгуулав.

 

Ийнхүү шударга ёсны хувьсгалын хөтөлбөрт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн улс төрийн агуу ач холбогдолтой заалт няцаагдлаа.
Ардчилсан нам үндэстэн дамнасан корпорациудын язгуур эрх ашгийг дээдэлдэг нам болж хувирснаа ийнхүү илчиллээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхийн төлөө Шударга ёсны эвслийн УИХ дахь гишүүд бүгд санаал өгсөн.

 

Хэрэв бидний дэмжиж явдаг хэд хэдэн гишүүд, тухайлбал, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Х.Тэмүжин, Л.Гантөмөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхгүй гэж санал өгсөн явдалд бид үнэхээр харамссан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх нь зүйтэй гэж санал өгсөн хэд хэдэн гишүүн (дархан аварга Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ж.Батзандан, Ө.Энхтүвшин, О.Содбилэг зэрэг) эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэл байдгийг нь бид олж хараад баярлан талархсан гэлтэй. Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганаар Шударга ёсны хувьсгалын хувь заяа эмгэнэлтэйгээр шийдвэрлэгдсэнийг бид сонордуулах учиртай.

 
УИХ болон шинэчлэлийн засгийн газар нь ийнхүү шударга ёсны хувьсгалыг зогсоолгож улмаар аймшигт геополитикийн орчинд луйврын бодлогыг луйврын бодлоготой хавсруулж амилуулах үүд хаалгыг цэлийтэл нь нээж өглөө. Үндэстэн дамнасан корпорациудын болон Монголын олигархиудын язгуур эрх ашиг нь Монголын ард түмний язгуур эрх ашгийг таягдаж хаялаа.

 

Ингэж Үндэсний үзлээр бадарсан таван хувьсгалыг монжооч зах зээлийн хувьсгал руу чиглэсэн байсныг үндэстэн дамнасан корпорациуд, бас манай олигархиуд олж харсан төдийгүй шударга ёсны хувьсгалыг сэм нугасалж дарж чаддагаа УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол түмэнд илчилж харуулсан. Шинэчлэлийн засгийн газар, олон улсын их хурал Монголчуудынхаа үндэсний үзлийг үл тоомсорлон гадаадын зальжин хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд буулт хийж буй нь Үндэснийхээ язгуур эрх ашгаас урвасан үйлдэл болсныг хэлэх нь зүйтэй болов уу.

 

Ямар ч л байсан үндэсний үзэл, гадаадын шулаач капитал хоёрын харьцааг үндэсний үзэлд хохиролтойгоор шийддэг горим төлөвшсөнийг түмэн олондоо дуулгаж байна. Бид улс төрийн тойм сонины 10-р сарын 1-ны өдрийн №185-д нийтлэгдсэн М.Энхсайханы ярилцлагыг олж уншлаа. МҮАН-ын дарга, доктор М.Энхсайхан 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцоогүй гэдгийг би мэднэ.

 

Тэрбээр ерөнхийлөгч П.Очирбатын найдвартай туслах байсан бөгөөд өөрчлөн байгуулалт хэмээх нэрээр өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд идэвхитэй оролцож ийм хөдөлгөөний манлайлагчдын нэг болж явсан. Доктор М.Энхсайхан ерөнхийлөгч П.Очирбатын хамт чөлөөт зах зээлийн тогтолцоонд Монгол Улсыг шилжүүлэх, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг таягдах үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсныг хэлэх нь зүйтэй байх.

 

Доктор М.Энхсайхан ардчилсан намд бусад лийдрүүдээ бодвол эдийн засаг, улс төрийн том асуудлуудад өөрийн гэсэн өвөрмөц байр сууринаас хандаж чаддагаараа содоншиж байлаа. Монгол Улсын эмгэнэлт бодит үзэгдэл, хандлагатай нүүр тулж том үйл явцуудын өөрчлөлтийг дүгнэн цэгнэж явсаар либерализмаас, зах зээлийн номнолоос татгалзаж үндэсний үзэл рүү таашаан хүлээж авдаг боллоо. Бид М.Энхсайханыг ч, Н.Энхбаярыг ч улс төрийн итгэл үнэмшил гүнзгийрч буйг ажиглаж бусад лийдрүүдээ бодвол улс төрийн зиндаагаараа нэн өндөр төвшинд очиж эхэлснийг нь мэдэрч эхэлсэн юм.

 

Үндэсний үзлээр жигүүрлэсэн 5 хувьсгалын номнолыг хоёр том улс төрч маань ард түмний их хуралдайгаар дэвшүүлэн баталгаажуулсан нь үнэхээр Монголын улс төрийн түүхэнд чухал үйл явдал болсныг нь бид нэг биш удаа онцолж дурьдаж байлаа. Үүний зэрэгцээгээр улс төрийн тавцанд Монгол Улсынхаа хувь заяаг зөв гольдролоор шийдвэрлэхэд хоёр том асуудал байдгийг бид “Хөх толбо” сониноор дамжуулж М.Энхсайханд, Н.Энхбаяр хоёрт зөвлөж байсныг дахин дурьдмаар байна.

 

Энэ юу гэсэн хоёр асуудал вэ гэвэл нэг нь шарын шашинтай холбоотой бол нөгөө асуудал нь гадны гурван давхар далд колоничлолтой уялдаж байв. Энэ хоёр асуудлыг анхааралдаа чамбайлан авбал үндэсний үзлээр жигүүрлэсэн таван хувьсгал хэрэгжих найдвартай суурь үндэс тавигдана. Гол санаа нь юу байсан бэ гэвэл Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрыг харийн шарын шашнаас холдох хэрэгтэй гэдгийг зөвлөсөн.

 

Хэрэв шарын шашныг сүсэглэхээ больвол энэ нь тэднийг агуу их соён гэгээрэхүйн зам руу ард олноо дагуулах өргөн боломжийг нээж өгөх ёстой юм. Ингэснээр үндэсний үзлийг улс төрийнхөө их үйлсийн дор үндэсний их үзэл рүү дэвшин оруулах найдвартай гарц нээж өгнө. Далд колоничлолыг, бас неоколоничлолыг үндэсний үзлийн өндөрлөгөөс, их Тэмүчин Чингис хааны онол үзэл бодлогын өндөрлөгөөс шүүн тунгаах явдал эцсийн эцэст ямар ч асуудлыг шийдэхэд монголчуудын, их монголчуудын язгуур эрх ашгийг тэргүүн зэрэгт дээдлэх боломжийг олгодог.

 

Бид ийм чиглэлээр шударга ёсны хувьсгалыг санаачилсан авъяаслаг хоёр лийдэрт хэлж байсан. Бид дахин давтан хэлмээр зүйл юу вэ гэвэл үндэсний үзлээр жигүүрлэсэн таван  хувьсгалыг Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр бүтэлгүйтүүлээгүй юм шүү. Ийм хувьсгалыг далдуур таслан зогсоолгох үйлдэл эсрэг талаас, тэмцлийн өөр фронтоос орж ирснийг анхааралдаа авах ёстой. Харин үндэсний үзлээр гийсэн таван хувьсгалыг бүхэлд нь саармагжуулахад УИХ-ын ээлжит бус чуулган 27:26 гэсэн саналыг зөрүүтэйгээр бүтэлгүйтүүлснийг бид тодотгож зон олондоо хүргэж байна.

 

Шударга ёсны эвслийг задлах явдлыг бид таашаахгүй байгаа. Шударга ёсны эвслийг улам чансаажуулж, улс төрийн чадавхийг нь дээшлүүлж, улмаар үндэсний үзлээр жигүүрлэсэн таван хувьсгалын дархлааг улам зузаатгах шаардлага хурцаар тавигдаж байна. Үүнийг Монголын ард түмний үндэсний язгуур эрх ашиг энэхүү хувьсгалын хоёр гол лийдэрт тулгаж байгааг дэнсэлж үзэх хэрэгтэй шүү.

 
Хоёр том лийдрийн хувийн зан чанар жижиг зөрчлүүд, аар саархан явдлууд, бас элдэв хов жив, цуурхлуудыг үндэсний үзлийн өндөрлөгөөс, шударга ёсны хувьсгалын өндөрлөгөес хоёр лут лийдэр цэгнэн дүгнэх чадвартай гэдгийг, хоёр биендээ хүнлэг ёсоор хандах ёстойг надаар хэлүүлэлтгүй ёсчлон хэрэгжүүлнэ гэдэгт олон хүн над шиг итгэж байгаа шүү. Үндэсний үзэл рүү алхаж орох, таван хувьсгалыг санаачлан удирдах тийм аз завшаан хүн бүрт, тэр тусмаа лут лут удирдагчдад тохиогоод байдаггүйг санаж явах ёстой.

 

Монгол Улс маань гадны гурван давхар далд колоничлолд нэрвэгдсэнийг таслан зогсоолгох, улс орноо сүйрэл сүйтгэлээс аврах улмаар Монгол Улсаа бие даасан хөгжил дэвшлийн замаар урагшлуулахад ард түмэндээ үнэнч, улс төрийн бодлогыг ухаарч ойлгосон, төрийн удирдахуйн “гал тогоо”-нд чанагдаж хатуужсан тийм лийдрүүд өнөө үед Монгол Улсад, Монголын их ирээдүйд хэрэгтэй гэдгийг иш үндэс болгож шинэчлэгдсэн МАХН, МҮАН хоёрын ухаалаг харьцаанд, хамтын хариуцлаганд тулгуурласан шударга ёсныхоо эвслийг элдэв задрал, дотоод зөрчил, хямралын аюулаас самбаачлан аварч улс төрийнхөө энэ чухал эвслээ Монгол түмнийхээ төлөө зүтгүүлэх үйлсийг залуурдах шаардлага хүчтэй тавигдаж байна.

 

Шударга ёсны эвсэлд Монголын ард түмэн итгэж явдгийг, хамгаалж явдгийг, шударга ёсыг улс орондоо сүндэрлүүлэх увидастай гэдгийг ухаарч ажиллах явдал нэн чухал болж байна.
Доктор П.Нэргүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих