Иргэдээс ирсэн өргөдлийн 90 хувь нь хувийн чанартай байдаг

УИХ-ын Өргөдөл, гомдлын байн­гын хороо өчигдөр үдээс хойш анхны хуралдаанаа хийлээ. Хурал­даанаар байнгын хорооны дүрмийн төсөлтэй танилцаж, хийж гүйцэтгэх ажлын тайлан, нам­­рын чуулганы хугацаанд хийж гүй­цэтгэх аж­лын­хаа төлөв­лөгөөг авч хэлэлцэв. Өргөдөл, гомдлын байнгын хороонд өнөө­гийн байдлаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын 90 хувь нь хувийн хүсэлтүүд байгаа гэнэ.

Тус  байнгын  хороо байгуу­лагдсан даруйд иргэдээс 280 санал ирсэн бол  өнөөгийн байдлаар 400-гаад болж нэмэгд­жээ. Иргэдээс ирсэн өргөд­лийг хэлэлцэн шийд­вэрлэх зарч­маар явбал тоо нь нэмэг­дэх ханд­лагатай байгаа аж. Хамгийн гол нь иргэдээс гэр хүссэн өр­гөдлийг “гэр олго” гэж шууд цохох­гүй учир тэр хүсэлтийн тоо буурч магадгүй байгаа юм байна.

Байнгын  хорооны гишүүд ир­гэдийн хүссэн гэрийг үнэгүй ол­гоод эхлэхээр агаарын бохирдол, хөдөө орон нутгаас шилжих хөдөл­гөөн ихэсч, ажилгүйдэл бий болох зэрэг нийгмийн асуу­дал гарч ирч болзошгүй хэ­мээн үзэж байгаа аж. Тиймээс иргэдээс ирсэн хувийн хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэвэл зохис­той талаар хөндлөнгийн бай­гуул­лагаар судалгаа хийлгээд түү­­нээс гарсан дүгнэлтийг үндэс­лэн хэлэлцүүлэг зохион байгуу­лахаар төлөвлөжээ.

Мөн  газрын маргааны асуу­дал их хөндөгдөж байгаа учир “Газрын тухай хуулийн хянан шалгах”  сэдэвт хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэж үзсэн байна. УИХ-ын гишүүдийн зүгээс ши­нээр бий болсон байнгын хо­рооны үйл ажиллагааг хэлэл­цэж байгаа учир олон чухал саналыг хэлж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Иргэдээс ирсэн өргө­дөл, гомдлын байнгын хороонд ирж буй өргөдлийн тоо буурахгүй байвал сайн. Иргэдээс ирсэн өргөдлийг газар дээр нь шийдвэрлэх нь зүйтэй юм” гэсэн бол  Хууль  зүйн  сайд Х.Тэмүүжин хэлэлцүүлгийн сэд­вийн хувьд газрын маргааны асуудал илүү сонирхолтой хэ­мээ­гээд “Америк улсад өргөд­лийн байнгын хороог бусад мэр­­гэжлийн байнгын хорооноос ялгахдаа зөвхөн ир­гэдээс ирж буй өргөдлийн дав­там­жид үндэс­лэж маргааныг шийд­дэг. Улмаар гарсан дүгнэлтээ мэр­гэжлийн байнгын хорооддоо шил­жүүлж өгөх үүрэгтэй байдаг юм.

Харин  Өргөдөл, гомдлын байн­­гын хороо мэргэжлийн байн­гын хорооны эрх мэдлийг булааж хэ­рэгжүүлж болохгүй. Үндсэн хуульд төр хэн нэгэнд хувийн өмч өгөх эрхгүй байдаг ч орон байр хүсэх нь өмчтэй болъё гэсэн иргэдийн хүсэлт яах аргагүй мөн билээ. Тиймээс тэдгээр иргэнийг эрсдэлээс хам­гаалахын тулд өргөдлийг нь хү­лээн авах ёстой. Энэ чиглэлд сайн анхаарах хэрэгтэй байна” гэв.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих