Монгол дайчин бэлэн байна

Монгол дайчин нэрээр Их Британийн мэргэжлийн боксын рингийг олон жил  турш эзэгнэж яваа МУГТ Чойжилжавын Цэвээн­пүрэв спортын замналынхаа хам­гийн хүнд тулаануудын нэгийг Сингапурт хийхээр тус улсад газардаад байна. Тэрбээр мэргэжлийн боксын хүнд жин­гийн дэлхийн аваргын төлөө Индонезийн боксчин Дауд Чино Ёрдантай хүч үзэх юм.

Олон улсын боксын байгуул­лагын (IBO) дэлхийн аваргын цомын эзэн Чино Ёрдан мэр­гэжлийн рингэнд 32 тулаан хийснээс 29-д нь ялалт байгуулсан “хатуу самар” билээ. Тэрбээр энэ цомыг өнгөрсөн тавдугаар сард өөрийн болгосон төдийгүй цомоо хамгаалах эхний тулаанаа Ч.Цэвээнпүрэвтэй хийхээр болсон нь энэ.

Манай тамирчин Ч.Цэвээн­пүрэв 1997 оноос хойш ширэн бээлий өмсөн рингэнээ 41 тоглолт хийсний 39-ийг нь ялалтаар өндөрлүүлж байсан түүхтэй. Үүнээс 23-ыг нь хүнд цохилтоор буулган авсан гэх бахдам амжилт дагадаг. Хоёр тамирчин Сингапурын “Марин Вэй Сэнд” цогцолборт энэ сарын 9-ний өдөр буюу маргааш тулалдана. Түүнийг эх орноосоо мордох үед нь холбоо тогтоож чадаагүй ч  гавьяатын төрсөн ах Энхтүвшингийн хүү, дотны зөвлөх Э.Лодойсамбуугаас цөөн зүйл тодрууллаа.

 

-Ахынхаа тулааныг очиж үзэх үү?

-Энд үзнэ ээ. Бэлтгэл сур­гуулилт нь яг таарсан байгаа.

 

-Урьд нь үүнээс хүнд тулаан олон хийж байсан шүү дээ. Ялна гэдэгт нь итгэлтэй байна уу?

-Итгэж, найдаж байгаа. Урьдын тулаануудыг бодвол дэл­хийн аваргын цомын тоглолт хариуцлага өндөртэй гэж өөрөө хэлж байсан. Тийм болохоор бүх хүчээ дайчлах болов уу.

 

-Элэг нэгт монголчууд нь уухайлан дэмжиж байгааг уламжлаарай.  

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Монголчууд Ч.Цэвээнпүрэв гавьяатын тулаануудыг  үзэх бололцоо байдаггүй ч “яллаа” гэх мэдээ байсхийгээд ирнэ. Энэ оны гуравдугаар сард тэрбээр “WBC” мөнгөн цомын төлөө Францын боксчин Бастиан Розикистэй тоглон, хүнд цохилтоор өвдөг сөхрүүлсэн  ялалтын нь яриа намжаагүй л байна.  Олон ч удаа өрсөлдөгчөө нокаут буюу хүнд цохилтоор буулган авч байсан “Монгол дайчин” маань энэ удаа ч босоо хийморьтой байна гэдэгт монгол түмэн итгэлтэй байгаа.

Хан-Уул дүүргийн Яармаг хороололд Ч.Цэвээнпүрэв гавьяат хүүхэд насаа өнгө­рөө­жээ. Одоо ч түүний гэр бү­лийнхэн тэнд амьдардаг. Бага наснаасаа эмээ, өвөөгийнхөө өвөр дээр өссөн тэрбээр боксын спортод сонирхолтой байсан нь өнөөдрийн амжилтын үндэс байсан биз ээ.

Яармаг  хорооллын  60 ду­гаар дунд сургуулийг дүүр­гэсэн гавьяатынхан  удмаараа  тулаа­ны спортод элэгтэй. Тухайлбал, Ч.Цэвээнпүрэв гавьяатын дүү кикбоксчин Ч.Бумчин тулааны спортоор улсын хэмжээнд цөөнгүй амжилт байгуулсан. Тэрбээр кикбоксын улсын аваргын алтан медалийг 60 кг-ийн жинд хүртсэнээс гадна хүрэл медалийн эзэн болж байсан юм.

Монголын тулааны спортод үнэтэй хувь нэмэр оруулж яваа “Монгол дайчин” Ч.Цэвээнпүрэв Сингапурын рингэнд эх орныхоо нэрийг гаргаж, дэлхийн аваргын цомын эзнийг буулган авах болтугай.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих