Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг Ерөнхий сайдад танилцуулав

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээ танилцууллаа. Засгийн газар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран зургаа дахь удаагаа  энэхүү хэлэлцээрийг баталж байгаа юм.

 

Уулзалтын үеэр МАОЭНХ-ны ерөнхийлөгч Л.Нямсамбуу хэлэхдээ аль ч Засгийн газрын үед биднийг өнөөдрийнх шиг Ерөнхий сайд, танхимын гишүүдтэйгээ өргөн бүрэлдэхүүнээр хүлээн авч байгаагүй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал 1990-ээд оноос хойш хамтарч ажиллаж байгаа ч хэлэлцээрийг хэрэгжүүлэх механизм хангалтгүй байсан гэв. Харин МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Амгаланбаатарын хувьд хэлэлцээрт “Зохистой хөдөлмөрийн Үндэсний хөтөлбөр”-ийн тухай тусгагдсан байгаа. Хоёр жилийн өмнөөс бэлтгэгдэн, бэлэн болсон энэ хөтөлбөрийг УИХ-аар батлуулахад Засгийн газрын зүгээс анхаарч ажиллаач гэсэн хүсэлт тавьлаа.

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн эцсийн зорилго бол нийгмийн тогтвортой байдлыг хангах байдаг. Өмнөх хэлэлцээрүүдэд цалинг хорь, гучин хувиар нэмэх зэрэг хатуу шааардлагууд багтаж, хангалтгүй хэрэгждэг байсан. Тэгвэл энэ удаагийн хэлэлцээрт цалинг нэмэхдээ үнэ болон инфляцийн өсөлт, эдийн засгийн өсөлтийг харгалзаж байхаар тооцжээ. Энэ асуудлын тухайд “Цалин тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ” гэж Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан.Мөн төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх бүрт хувийн хэвшлийнхний цалин хэрхэн нэмэгдэх нь тодорхой буc байсныг өөрчилж, цалингийн нэгдсэн бодлоготой болох ёстой гэдгийг ч талууд хэлж байлаа.

 

Үндэсний хорооныхны зүгээс уг хэлэлцээрт багтсан асуудлуудын ихэнх нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан, хийж хэрэгжүүлэхийг зорьсон ажлууд байгаа гэдгийг дурдлаа. Харин эдгээр асуудлыг хэрхэн хамтарч шийдвэрлэх вэ гэдгийг бид тооцоолж, ажил хэрэг болгох хэрэгтэй гэлээ. Хэрэгжүүлэх бүхий л шатанд хамтын ажиллагаа чухал. Ялангуяа зарим яам, агентлаг, аймгуудын хувьд ойлголт муу, идэвхгүй ханддаг гэдгийг Үндэсний хорооныхон онцолсон юм. Харин энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах болно гэдгээ Засгийн газрын тэргүүн уламжлаад энэ 7 хоногт хуралдах Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын тоонд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг багтаана гэдгээ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих