УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР: Рио тинто дэндүү жижиг компани юм, эсвэл би дэлхийн хэмжээний улс төрч юм байна

УИХ-ын гишүүн Ганбаатар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг засаж сайжруулах тухай  шаардлагыг тавьж  тууштай тэмцэхээ  илэрхийлээд байгаа. Тэрээр  өмнө нь Оюу толгой компанийг  гүтгэлэгийн чанартай сурталчилгаа  явуулсан гэдэг үндэслэлээр шүүхэд хандаж байсан  ч түүний нэхэмжлэлийг шүүх хайхарч үзсэнгүй. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

үхбаатар дүүргийн шүүхээс таныг Ард түмнийг төлөөлөх эрхгүй гэдэг шийдвэр гаргажээ. Ингэж ард түмнийг төлөөлөх эрхгүй гэж байгаа нь Монгол Улсын шүүх Оюутолгой компанийн талд шийдвэр гаргасан гэж үзэж болох уу?

-Би тэгж үзэж байна. Шүүхийг хэн нэгэн хүн шүүх эрх байхгүй л дээ. Гэхдээ ард түмнээс уучлалт гуйлгах эрх чамд байхгүй гэчихлээ. Тийм учраас нийт ард иргэдээсээ тэдний өмнөөс уучлалт гуйлгуулахыг хүссэн мандат авахаар болсон. Ингээд надад мандат өгч итгэмжлэл үзүүлсэн хүмүүсийн өмнөөс уучлалт гуй гээд нэхэмжлэлээ бэлдэж байна. Харин нөгөө талдаа зориуд зорилготойгоор бусдыг төөрөгдүүлэх худал мэдээлэл цацсан бол Монгол оронд хуультай. Эсвэл монголчууд нийт ашгийнхаа 71 хувийг авна гэдгийг гэрээндээ оруулаад заачих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр Оюутолгойнхон гэрээндээ заахгүй байгаа байхгүй юу. Энэ бол маш энгийн ойлголт мөн биз дээ. Анх бол 71 хувь нь монголчуудын  хүртэх хувь хишиг гэж байснаа сүүлдээ 71 хувийн мөнгөн урсгал монголоор эргэлдэнэ гэж байгаа. Ингэх юм бол тусдаа асуудал. Тэр үед хэвлэл дээр юу гаргаж байсныг нь эргээд санаж байгаа байх. Тэр үед сурталчилгааны самбарууд дээр 71 хувийн ашгийг монголчууд хүртэнэ гэж байсан.  Үнэхээр тэр хэлээд байгаа ашиг гэдгийг татварын өмнөх ашиг юм уу, татварын дараах уу гэдгийг тооцоолох хэрэгтэй. Энийг л сайхан тайлбарлаад өгчих хэрэгтэй юм.Тэгвэл “давай” гэрээндээ гарын үсэг зурья. Наадахаа баталгаажуулчих гэдэг санал тавьсан. Ийм энгийн зүйлээр  ард түмнийг хуурч худал мэдээлэл өгч байна. Монголын ард түмнээс хэн юу ч  ярихгүй дээ гэж тэр хүн ямар итгэлтэйгээр энэ зар сурталчилгааг тавьж байна вэ. Биднийг арай л дутуу үнэлээд байна даа гэж бодогдох юм.

 

-Ард түмнээс мандат авах ажил тань хэр ахицтай байгаа вэ. Одоогийн байдлаар хичнээн хүн гарын үсгээ танд өгсөн байгаа вэ?

-Дүүрэг, аймгуудаас гарын үсэгтэй захидлууд ирж байгаа. Тоог эцсийн байдлаар одоогоор хэлэх боломжгүй байна.

 

-Ер нь багцааалбал хэдий хэрийн хүмүүс­ийн гарын үсгийг цуглуулж байж Монгол Улсын иргэдийг төлөөлөх эрхтэй болдог юм бэ?

-Тэр талаар мэдэхгүй байна. Надад итгэл хүлээлгэсэн хүмүүсээс “Та нар уучлалт гуй” гэж хэлэхэд л болно шүү дээ. Тэр нь хоёр ч байж болно. 200 мянган хүн ч байж болно. 2.7 сая хүн байж болно. Би ганцхан надаас уучлалт гуй гэж хэлэхгүй.Яагаад гэвэл энэ ажлыг хэзээ ч би өөрийнхөө төлөө хийгээгүй.Үүнийг ард түмнийхээ төлөө хийж байгаа. Надад итгэл найдвараа өгсөн, намайг хайрладаг  өдий дайтай түмний төлөө зүтгэх боломжийг өгсөн жирийн хүмүүсийн төлөө зүтгэж багйаа учраас энэ мандат надад хэрэгтэй.

 

-Өнгөцхөн харахад та шударга бүхний төлөө тэмцэж байна. Гэвч нөгөө талд маш том эрх мэдэлтэй Засгийн газар, мөнгөтэй компани байна шүү дээ. Та ийм зүйлтэй нүүр тулахдаа хүчин мөхөсдөнө гэж бодохгүй байна уу?

-Тийм ээ. Үндэстэн дамнасан компани байна. Тэд дэлхийд зартай сурталчилгааны маш том компаниудыг хөлсөлж авсан гэдэг мэдээллийг хҮмүүс өгч байгаа. Эдийн засгийн алуурчид гэдэг номон дотор нэлээд олон материалууд бий гэдгийг  уншсан хүн байвал санаж байгаа л байх. Мэдээж надад бэрхшээл гаралгүй яах вэ. Саяхан Оюутолгойд ажилладаг дүүд маань шахалт үзүүлсэн байна билээ. Гэхдээ надаас болж үзүүлээгүй байх. Яагаад гэвэл миний дүү тэртэй тэргүй өөрийнхөө төлөө тэмцэж чадахгүй байгаа Оюутолгойн олон монголчуудын төлөө дуугардаг хүн. Хэрвээ Оюутолгойд байгаа миний дүүд надаас болж шахалт үзүүлж байгаа бол Рио-Тинто дэндүү жижигхэн компани юм. Эсвэл би дэндүү том дэлхийн хэмжээний улстөрч байна гэж хэлэх байна.

 

-Яг ямар шахалт үзүүлсэн талаар тодруулахгүй юу?

-Дүү маань  интернэтээр монголчууд­ыг дэндүү их доромжилж байна. Монголчууд бага цалин авч байна. Монгол хүн байсныхаа төлөө монгол нутагт амьдарч байгаадаа бага цалин авч байна. Яг ижилхэн ажил хийж байгаа мөртлөө шар толгойтой болохоор арай илүү цалин авч байна. Ингэж болохгүй. Ижил хөдөлмөрт ижил хөлс байх ёстой. Нэг тиймэрхүү эсэргүүцэл илэрхийлсэн юм билээ. Тэгээд тэр мэдээллээ ажилчдынхаа  дунд тараасан юм байх. Тэгсэн чинь бүх сүлжээг нь хааж бүх утсыг нь хурааж авсан гэнэ лээ. Зарим нэгэнд нь ажиллах боломжоор хангахгүй гэдэг сануулга өгсөн юм билээ. Энэ асуудлыг надаас болсон гэж бодохгүй байна. Миний дүү өөрийн гэсэн дуу хоолойтой шударга хүн. Нөгөө талаар надад бэрхшээл учрах уу үгүй юу гэдгийг би лав хэлж мэдэхгүй.Гэхдээ түмэн олныхоо сайхан хайр хүндэтгэл байхад надад буцах газар байхгүй. Үүнийг хэн хийнэ гэж хүлээх юм бэ. Монголчуудаас хэн нь ч дуугарахгүй байвал гунигтай биз дээ. Маш гунигтай ард тумэн болж хувирлаа шүү дээ. Бид цоглог ухаантай ард түмэн. УИХ-ын 26 гишүүн бид хамтаараа ажиллаж, энэ бүгдийн төлөө тэмцэж байгаа.

 

-Нэгэнт байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй. Галт тэрэг аль хэдийн хөдөлсөн гэж эрх мэдэлтнүүд тайлбарлаад байгаа?

-Гэрээн дотор өөрчлөлт оруулж болно гэдэг заалт бас гэрээнд бий. Тэд хэтэрхий өөрийнхөөрөө уг гэрээг тайлбарлаад байна. Гэрээнд яавал өөрчлөлт оруулах вэ гэдэг зүйл заалт нь бий. Тиймээс би гэрээнд өөрчлөлт оруулъя гэхээсээ илүү гэрээ ямар болов гэдгийг эрүүл ухаанаар хэдүүлээ ярилцъя гэж тэднийг урьсан. Юуны өмнө би Монгол Улсын Засгийн газар, УИХ,  эрдэмтэн мэргэдтэйгээ санал бодлоо солилцоод нэгдсэн ойлголтод хүрчих юм бол дараа нь Рио- Тинтотой уулзалтын ширээнд сууж ярилцана. Энэ талаар Монгол Улсын Засгийн газарт хандаж манай хамт олон үүрэг өгөх тийм зорилгоор ажиллаж байна. Миний ажил нэг хоёр сарын дараа өргөс авсан юм шиг үр дүн гарахгүй ч гэсэн цаашлаад монголчуудад үр өгөөжөө өгөх ажил.

 

-Оюутолгойн гэрээ байгуулсан тухайн үеийн эрх мэдэлтнүүд гэрээгээ өмгөөлж, Монгол Улсын нэр хүнд үүнээс болж олон улсын түвшинд унана гэдэг болгоомжлол бий болчихоод байна?

-Энэ нэр хүнд гээд байгаа зүйл хэдий хэрийн үнэтэй юм бэ. Наад нэр хүндийг чинь унагаад 500 больниц, 1000 сургуулийг барих  хэмжээний мөнгийг оруулж ирэх юм бол үүнээс илүү нэр хүнд гэж юу байх вэ. Үүнийг л эхлээд ярилцъя л даа. Эцсийн эцэст монголын ард түмэн Африкийн эргийнхэн шиг дув дуугүй, чив чимээгүй байснаараа нэр хүндтэй байхгүй. Харин гэрээг дахиад нэг ярилцъя. Ийм юм болчихсолн биш үү гээд  ярих гэж оролдож байгаагаараа үнэхээр ардчилсан орон юм байна. Энэ дотор цөс ихтэй хөвгүүдтэй юм байна шүү гэж ойлгуулах нь манай нэр хүндэд харин бүр сайн шүү гэдгийг чин сэтгэлээсээ хэлж чадна.

 

-Ингэхэд та энэ олон булхайтай баримтаа олон нийтэд хэзээ ил болгох вэ. Ард иргэдэд ойлгуулах тал дээр нэлээд дутмаг юм шиг санагдаж байна?

-Энэ бол миний үүрэг шүү дээ. Би 1,6 сая төгрөгийн маш өндөр цалинтай хүн. Энэ цалинг аваад хүүхдүүддээ талх худалдаж авч өгч байгаагийн цаад мөн чанар бол цалиндаа эзэн байхын тулд. Хуулиар надад байдаг эрхийг ашиглаж та нарын төлөө үйлчилнэ гэсэн үг. Тэгэхээр би энэ мэдээллийг ил тод болгоод ард иргэдэд таниулж ойлгуулах талаар яриа хэлцэл хийж явна. Монгол орон даяар бүх аймгуудаар энэ гэрээний муу муухайг ярьж таниулна. Дараа нь ард иргэд нэгдсэн ойлголтой болох юм бол тэдний дуу хоолой санаа бодлыг шийдвэрт оруулахын төлөө тэмцэнэ.

 

-УИХ дахь намууд бүлэг байгуулна, байгуулахгүй гэж мэтгэлцээд Оюутолгойн асуудлыг ярьж байгаа хүн танаас өөр  алга. Үүнд харамсаж байна уу?

-Харамсаж бас өрөвдөж байна. Галаар хүүхэд тоглож байхад хажуугаар нь дуугүй явж болохгүй гэдэг үг бий. Тэрэн шиг бид үнэхээр монголын ард түмний хувь заяагаар тоглож өнөөдрийнхөө хуурамч хиймэл зэрэглээтсэн албан тушаалд хамаг ач холбогдлоо өгч хошуурч байгаад өрөвдөж байна. Намгийн мэлхий далай байдгийг мэддэхгүйгээр аз жаргалтай гэдэг үгийг эд нарт хэлье. Би бол далай байдгийг мэднэ. Энэ их далай тэнгист Монгол гэдэг агуу үндэстэн улам мандан бадарна. Тэрэн дээр Оюутолгойн гэрээг журамд нь оруулчих юм бол бусад стратегийн ордуудын шинээр байгуулагдах гэрээнүүд үүнийгээ дагаж явна. Оюутолгойн гэрээг бид алдах юм бол бусад гэрээнүүд ч үүний жишгээр явна. Ийм аюултай үхэх, сэхэхийн зааг дээр түмэн олныхоо итгэл найдварын төлөө явж байгаа. Мэдээж энэ ажил маань дандаа сайн хэлүүлэхгүй. Дандаа л гүтгүүлж  доромжлуулдаг хэцүү ажил. Гэхдээ нийт түмний маань хайр хишиг гэдэг бол агуу. Би тэр хүмүүсийг хараад яагаад над шиг ийм ажлыг хийхгүй байгаа юм бэ. Яагаад нийтлэг ард түмэнд хэрэгтэй юм ярихгүй байгаа юм бэ гэдэгт гайхдаг. Энэ дөрвөн жил би Оюутолгойн гэрээний тухай ярина. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон эмнэлэгт үзүүлэхдээ эрх ашиг нь зөрчигдөхгүй байх нөхцлийг би ард түмэндээ бий болгож өгнө. Би хоёр зүйлийг л хариуцна. Мөн сонгогдсон Дархан-Уул аймагтаа маш том бүтээн байгуулт хийнэ. Юм болгон руу үсэрч орж чадахгүй л байна даа.

 

-Тан шиг хэд хэдэн хүн л УИХ-д байх хэрэгтэй юм шиг санагдчихлаа.УИХ-ын 75 гишүүнийг тань шиг тэмцэгч болгомоор санагдах юм?

-Би нэг ангид байгаа найз нөхдөө өөрчлөх гэж оролдсонд орвол би өөрөө тэдэндээ үлгэр жишээ болж чадвал монголын ард түмэн дүнгээ тавина. Дараагаар нь Ганбаатар шиг онц сурлагатан байх хэрэгтэй юм байна шүү дээ гэдэг бодол нэг өдөр орж ирнэ шүү дээ. Төрийн ордонд орж ирээд зэрэглээтсэн албан тушаал, мөнгөний чекэн дээр гарын үсэг зурдаг эрх мэдэл рүү хэтэрхий их ач холбогдол өгч байгааг нь хараад өрөвддөг. Эвий дээ, улстөр гэдэг бол төөрдөг байшин байгаа юм шүү дээ. Төөрдөг байшинд амжилттай сайн явъя гэвэл оройн дээд очирдарь болсон монголын ард иргэдийн эрх ашгийг үргэлж толгойдоо бодох юм бол улстөр гэдэг төөрдөг байшинд хэзээ ч төөрөхгүй.

-Оюутолгойн гэрээг байгуулсан гол буруутнуудтай та нэг ширээнд сууж байна шүү дээ. Тэдэнд хувь хүний зүгээс ийм ашиггүй гэрээ болчихлоо гэж хэлж байсан уу?

-Би хувь хүмүүсийг шүүмжлээгүй шүү дээ. Хэн нэгнийг буруутан болгоё гэж ярихгүй. Буруутныг ард түмэн надтай надгүй гэсгээнэ. Буруутныг монголын ард түмэн тэртэй тэргүй шүүнэ. Эрт үү, орой юу гэдгийг хэлж мэдэхгүй. Би энэ асуудлыг сайжруулж ард түмэнд сайн шийдвэр гаргуулж ард иргэдийнхээ амьдралыг өөрчлөх л миний туйлын зорилго.

-Оюутолгой компанийг ард иргэдээс уучлалт гуйлгуулах шийдвэр гаргавал гэрээ хийсэн хүмүүсээр уучлалт гуйлгуулах уу?

-Энэ асуудал бол миний гол зорилго биш. Иргэд надаас хүсвэл би гуйлгуулж чадна. Эр хүний ёсоор гуйлгуулна. Гэхдээ иргэд хүсвэл шүү дээ. Иргэдийн өмнөөс бодож хийнэ гэдэг бол өөрөө ардчилал биш.


URL:

Сэтгэгдэл бичих