Ардчилсан оронд хэнийг ч дарамтлах ёсгүй

Ардчилсан нийгэмд бүгд тэнцүүхэн, тэгш эрхтэй амьдрах ёстой. Түүнээс биш дээгүүр албан тушаалтай нэг нь доодхоо дарамталж, сүрдүүлж, айлгах ёсгүй. Хүн бүр хуулийн өмнө тэнцүү бас хэн гэдгээсээ үл шалтгаалан эрхээ эдлэх нь ардчилсан орны шинж. Хэрвээ Монгол ардчилсан орон мөн л бол хүний эрхийг, хүний халдашгүй дархан байдлыг эрхэмлэх нь зайлшгүй. НҮБ-ын гишүүн улс бүхэн хүний эрхийн түгээмэл тунхаг бичиг болон үндсэн хуулийнхаа тунхаглалуудыг дагах нь зүйн хэрэг.

МАН-д сүүлийн үед юу болоод байгааг улс төрийн хүрээнийхэн болон ард түмэн гайхаж, жигшиж байна. Ардчилсан оронд сонгох эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэн ч мэдээжийн гэж ойлгодог. Харин эх орноо худалдаж, ард түмнээ ядууруулсан Монголын эрх баригчид өөдөөс нь сөрсөн хэнийг ч чи муу новш, хэрвээ чи намайг сөрөөд байвал амьдралаар чинь тоглоно шүү гэх зэргээр дарамталж, сүрдүүлж байна. МАН-ын удирдлагуудын дэндүү эх оронч бус шунахай, хувиа бодсон, бэртэгчин үйлдэлүүдийг нь эсэргүүцсэн, буруушаасан намын хэсэг гишүүд нь өнөөдөр тэдэнд адлагдаж, чичлэгдэж сууна. Тэд үнэнийг хэлснийхээ төлөө, шударга ёсыг хүссэнийхээ төлөө өнөөдөр ална шүү гэдэг хараалыг сонсож айж, чичирч сууна. Энэ Монгол тэгээд ардчилсан орон мөн үү.

МАН-ын удирдлага болох нэг сагсуу бага дарга нөхөр хэрвээ та нар намаас гарвал амьдралыг чинь сүйрүүлнэ, авгай хүүхдийн чинь сайн сайхан явахыг харна гэж тавлаж сууна гэсэн. Ямар ч ёс суртахуунгүй, улс төрийн онолоор А-ч гэж мэдэхгүй энэ нөхөр мэтийн дарангуйллын үзэл онолоор сагсуурагчид Монголын улс төрийг, Монгол улсыг мөхөөж мэдэх нь. Энэ мэт нөхдүүд Монгол хүнийг Монгол оронд нь, тэр тусмаа халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн хүнийг дарамталж байгаа юм чинь ард түмний амьдралаар тоглох нь юу ч биш. Монголын улс төр цэвэр, шударга болж байж л Монгол улс хөгжиж дэвшинэ. Тиймээс Монголын улс төрөөс аливаа дарамт шахалт, хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг бүрмөсөн устгах ёстой.

Монгол улс парламентийн засаглалтай улс тиймээс парламентийн гишүүн гэдэг ерөнхий сайд, ерөнхийлөгчөөс ч илүү эрхтэй, хамгаалалттай байх нь зүйн хэрэг. Ийм байтал нэг намын нарийн бичиг УИХ-ын гишүүн хүнийг дарамтална гэдэг өөрөө инээдтэй асуудал. Тийм ёс журам хаана ч байхгүй. Харин дарамталж, сүрдүүлсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.

Нэг намд орлоо гээд насан туршдаа тухайн намынхаа өмч болно гэж байхгүй. Тэр хүнд насан туршдаа сонгох эрх чөлөө нь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь нээлттэй байна. Хэний ч үндсэн хуулиараа, Монгол хүн гэдгээрээ хамгаалуулсан тэрхүү хүний эрх, эрх чөлөөнд нь халдаж болохгүй. МАН-аас гарлаа гээд, МАН-ыг орхилоо гээд Монгол хүн биш болчихгүй. Харин ч эх орныхоо эрх ашгийг намын эрх ашгаас илүү үнэтэй гэж үзсэн хүн бүрийг шагнах, магтах ёстой юмсан. Та нар жинхэнэ эх оронч шүү гэж хэлье. Ард түмэн та нарыг хамгаалж байгаа учраас энэ мэтийн бага дарга нараас айгаад хэрэггүй.

Монголоос дээгүүр эрх ашиг гэж хаана ч байхгүй. МАН байлаа ч, АН байлаа ч, ер нь хэн ч байлаа гэсэн түүний эрх ашиг Монголын эрх ашгийн хажууд юу ч биш шүү гэдгийг дураараа авирлагч мэдлэггүй, ёс суртахуунгүй улс төрч нэртэй луйварчид хатуу анхаараарай. Ард түмэн үнэнийг бузар булайгаас салган харж байгаа шүү.

Нийтлэгч: Д.Сүхбаатар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.