Хүн бүрийн итгэдэг “маргаантай – үнэн”

Өнгөрөгч 2 сард хүргэж байсан ”Та үүнийг мэддэг ч байж магад, үгүй ч байж магад” гарчгийн дор хүргэж байсан ТАНИН МЭДЭХҮЙН мэдээллийнхээ үргэлжлэл болгож та бидний мэддэг, тэгсэн атал эдгээрийн үнэн эсвээс худал эсэхэд эргэлзээтэй ханддаг “маргаантай үнэн”-үүдийн тухай сонирхуулсан дараах нийтлэлийг хүргэж байна.

 

1. Алтан загас мартамхай амьтан.

Хүн бүрийн өхөөрдлийг төрүүлдэг лусын амьтныг ердөө хэдхэн секундын санах ойтой гэж үзэх нь түгээмэл байдаг ч Плаймаутын их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар “алтан загас” нь 3 сарын санах ойтойгоос гадна зүг чигийг заагч төдийгүй цаг баримжаалагч болдог хосгүй шидтэй амьтан ажээ.

2. Цагаан баавгай “солгой” гартай.

1774 оны тэртээгээс эх дэлхийг чимж, Хойд туйлын тэсгим хүйтэнд нутаглах болсон цагаан баавгайнуудыг солгой гараараа хүнс тэжээлээ идэх, үр зулзагаа өсгөх тэргүүтэй олон үйлдлийг “амжуулдаг” гэсэн яриа байдаг. Анх харсан хүмүүст тийн санагдах ч сайтар ажиж судалваас тэд баруун ч, солгой ч гарын хөдөлгөөнөөр аж төрдөг гайхалтай амьтад ажээ. Тэд дунджаар 25 насалдаг бөгөөд хамгийн хөгшин нь 32 насалсан цагаан баавгай байдаг байна.

3. Улаан өнгө “бух”-ыг хилэгнүүлдэг.

Португали, Испани зэрэг Европын орнуудад эртнээс уламжлан ирсэн бухын наадгай – энтертайнмент үзүүлбэр ёсоор “улаан” өнгийн даавуунд улангасан хилэгнэсэн бухтай үзүүлбэр олныг ихээхэн гайхашруулсаар ирсэн билээ. Үүнээс үүдэн “улаан” өнгө бухыг хилэгнүүлдэг гэсэн ойлголт түгсэн ч бодит байдал дээрээ бух нь өнгө ялгадаггүй юм байна. Өнгөндөө биш тухайн даавууны нааш цааш намиран эргэх хөдөлгөөнд уурссан бух ийнхүү үзүүлбэрийг чимж олныг хөгжөөдөг байх юм.

4. Шил бол аажмаар хувьсан өөрчлөгдөж буй шингэн зүйл юм.

1800-гаад оны үед цонхны шилийг “малгайны орой” хэмээх арга барилаар хийдэг байсан бөгөөд энэ нь энд тэндээ гүдгэр, шалчийсан гээд сайтар ажвал урсгал ус мэт хэлбэрийг шингээж харагддаг байснаас энэхүү ойлголт бий болжээ. Гэвч бодит байдал дээрээ ямар ч шил ямар нэг урсгал усны хувирсан хэлбэр бус нэвт гэрэлтдэг хатуу материал гэдгийг хэн ч мэднэ. Шилийг бүтээх болсон түүх нь Христийн тооллын өмнөх 3500 жилийн тэртээд Месопотамид үүссэн бөгөөд хожим Ромын эзэнт гүрний үед хөгжиж эхэлсэн юм байна.

5. Хүн төрөлхтөнд байгалиас заяасан “5” л мэдрэхүй бий.

Магад зөн билгийн мэдрэмжийг нэмээд 6 мэдрэхүйтэй хэмээн үзэх ойлголтыг эрдэмтэд үгүйсгэх болжээ. Харах, үнэрлэх, амтлах, хүрэх, сонсох гэсэн таван үндсэн мэдрэхүйгээс гадна өвчнийг мэдрэх, орчны температурыг мэдрэх, загатнааг мэдрэх, өлсөх зэргээс дурьдаад байвал бараг 14 – 20 мэдрэхүй байдаг гэдгийг тэмдэглэжээ.

6. Хүний ус ба хумс нь тэднийг нас барсан хойно ч үргэлжлэн ургасаар байдаг.

Ийм ойлголт нийтийн дунд түгээмэл тархсан байдаг ч бодит байдал дээрээ нас барсан хүний үс ба хумс нь “ургасан мэт харагддаг”-т гол учир нь оршдог байна. Өөрөөр хэлбэл нас барсан хүний биед ус дутагдаж эхэлснээр арьс нь хорчийж улмаар хумс ба үс нь ургасан мэт харагддаг болохоос биш нас барсан хойно хүний үс ба хумс ургадаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, нас барсан хойно хүний биед өт хорхой, элдэв шимэгч бактери үзэгдэх нь элбэг болохоос үс хумс нь ургадаггүй гэсэн үг ажээ.

7. Хятадын “Цагаан хэрэм” нь огторгуйгаас хамгийн тод харагддаг хүний гараар бүтээгдсэн цор ганц байгууламж юм.

Сансар судлалд ийм ойлголт түгээмэл байдаг ч үнэн хэрэгтээ огторгуйгаас дэлхийг харахад тэр энэ гэхийн эцэс үгүй эрээлжилсэн ертөнц үзэгдэх нь мэдээжийн хэрэг билээ. Магад энэ нь сансар судлалын он тооллоос өмнөх эртний түүхтэй байгууламж болохоор эсвэл 8850 км урт үргэлжилдэг учраас ингэж ойлгох болсон байж болох ч огторгуйн уудмаас “Цагаан хэрэм” л ганцаар тодрон үзэгдэх нь ташаа ойлголт юм. Сансрын нисгэгч Алан Бинь хэлэхдээ, “Дэлхийн тойрог замаас гарч, ердөө хэдхэн км алслагдсан тухайн цэгээс хүний гараар бүтээгдсэн ямар ч байгууламж харагддаггүй” гэжээ. Өөр нэгэн эрдэмтдийн үзсэнээр “Цагаан хэрэм” нь 21.196 км гэнэ.

8. Бид биеийнхээ дулааныг “толгой”-ноосоо алддаг.

Хуйханд маш олон мэдрэлийн судал байдаг учраас бид биеийнхээ ихэнхи дулааныг толгойноосоо алддаг. Эсвэл хуйх болон гавлын ясны хооронд төдийлөн зузаан мах өөх байхгүй учраас, мөн тархинд бидний биеийг дулаан байлгахад чухал үүрэгтэй бодисын солилцоо явагддаггүй учраас бид биеийн дулаанаа толгойноосоо хамгийн ихээр алддаг гэсэн ойлголт түгээмэл байдаг ч үнэн хэрэгтээ бид биеийнхээ 2.54 см квадрат тутам хүрэхтэй үгүйтэй хэмжээний дулааныг толгойноосоо алддаг бөгөөд биеэ бүхэлд нь нүцгэлсэн үедээ биеийнхээ дулааныг үлэмж их алддаг ажээ.
Өвлийн улиралд гадаа хүйтэн байгаа учраас мөн толгой чинь нүцгэн байгаа учраас бид даардаг болохоор малгай өмсөж, ирээдүйд тохиолдох аливаа эмгэгээс эрүүл мэндээ хамгаалдаг билээ.

9. Зүүдэндээ “явагчид”-ыг сэрээж болохгүй.

Ихэнхи кино шийнд зүүдэндээ явдаг зуршилтай хүмүүсийг сэрээх нь эргээд нилээд хор хөнөөл дагуулж сэтгэл мэдрэлийн эмгэгт хүртэл хүргэх тохиолдол цөөнгүй гардаг. Гэвч үүний эсрэгээр бодит амьдрал дээр тэднийг сэрээх нь хэсэг зуурын самгардаж гайхширсан “түр зогсоол”-д үлдээхээс элдвийн гаж үр дүнд хүргэдэггүй байна. Зүүдэндээ явдаг хүмүүсийг сэрээж болохгүй гээд үргэлжлүүлэн зүүдэнд нь явуулаад л байвал сэрээгээгүйгээсээ илүү хөнөөлтэй байдаг ажээ.

10. Дэлхийн хамгийн өндөр уул – “Эверест”

Далайн түвшнээс дээш 8848 м өндөрт өргөгдөж тогтсон Эверестийн оргилыг дэлхийн хамгийн өндөр уул гэдгийг хүн бүр мэддэг ч далайн гүнээс хэмжиж авсан үнэлгээгээр тооцвол Хавайн “Мона Ки” хэмээх галт уул нь далайн гүнээс дээш 10.200 м өндөрт өргөгдсөнөөрөө дэлхийн хамгийн өндөр уул болох магадлал өндөр бөгөөд далайн түвшнээс дээш хэмжсэн үзүүлэлт  нь 4205 м юм байна.
Эверест уулын хувьд далайн түвшнээс дээш л хэмжилт хийгдэж уулын бэлээс оргил хүртлээ ийнхүү 8848 м бол Мона Ки нь далайн гүнээс дээш 10.200 м өндөр уул гэсэн үг юм. Цаашлаад дэлхийн төвөөс хэмжилт хийж үзвэл дэлхийн хамгийн өндөр уул бол Чимборасо уул (6268 м) бөгөөд энэ нь далайн түвшнээс дээш хийсэн хэмжилтээр бус дэлхийн төвөөс хийгдсэн хэмжилтээрээ Эверестийн оргилоос даруй 2 км өндөр байдаг юм байна. Энэхүү уул нь Эквадорын хамгийн өндөр уул ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих