Этгээд нэгэн залуу

Ичмээр юм боллоо. Ер нь бол ичиж байна. Гэхдээ бусдаас биш өөрөөсөө. Бодож явсан бодол санаанаасаа ичиж байна. Манай намын удирдах зүтгэлтэн тэр хархүүгийн талаар би огт буруу бодож явжээ. Тийм хүн гэж ер санасангүй. Түүнийг намаа сонгуульд ялагдуулахад зохих хэмжээгээр нөлөөлчихөөд дараа нь улс төрийн хоргодох байранд ороод бүгчихлээ, яасан арчаагүй залуу вэ? Их тусгүй хүү байсан юм байж, манай намынхан түүнийг таньсангүй. Би ингэж бодож явсан. Бүтэн дөрвөн cap ийм бодол тээсэн. Над мэтийн нөхдийн санаа сэтгэлийг тийнхүү хулжааж байсан тэр залуугийн нэрийг У.Хүрэлсүх гэдэг. Ар гэрийн хүндэтгэх шалтгаан тохиолдсон тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү гэж хүсэлт гаргасныг ёсоор болголоо. УИХ-ын гишүүнээс ингэж “Гомбо айлтгана” гэдэг бол хэр баргийн аавын хүүгийн амнаас унадаг үг биш ээ. Гэтэл ардын намын гишүүн Хүрэлсүх хэрийн хүний хэлж чаддаггүй тэр хэцүү үгийг хэлж чадлаа. Тэр урт богино хугацааны чөлөө мөлөөхөн аваад явж болох л байсан.

Ингээч гэж АН-ын нөхөд гуйж харагдсан. Энэ оны эхээр ажлаа орхин одсон нь Алтанхуягийн оронд тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлэхэд шууд өштөн дайсны ёсоор үзэн ядаж байсан АН-ын мөнөөх нөхөд түүний энэ удаагийн хувийн хүсэлтийг үгүйсгэн татгалзаж байхыг хараад ойлгосонгүй. Ийм үлгэн салган байдлаар УИХ-ын гишүүн байж болдог баримт зөндөө л байдгийг хайр зарлаачид нь жишээ татан тайлбарлаж байсан. Гэвч Хүрэлсүх гэдэг энэ дайчин залуу УИХ-ын гишүүн тийнхүү байгаа байхгүй хоёрын хооронд оромдож явахыг хүсдэггүй нэгэн гэдгээ харуулжээ. У.Хүрэлсүх бол олон түмэн юу хүсэн хүлээж байгааг тэр дор нь мэдэрдэг их хурц мэдрэмжтэй хүн шиг байгаа юм. Энэ бол улстөрч хүнд заавал байх учиртай ч тэр бүр тохиолдоод байдаггүй ховор үзэгдэл болоод байгаа. Хүрэлсүх ирээдүйгээ аварч чадлаа. Тэр гүжир гүтгэлгээр хооллогчдын хэлдэг шиг “аавын хаалга татах” эрүүгийн этгээд биш гэдгээ үйлдлээрээ нотлон харууллаа.

Бас Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүнийхээ хувьд намын хүний ёс суртахуунлаг чанарыг ойлгууллаа. Намын нэр солих гэж хариуцлага алдчихаад адаг сүүлд нь хувийн гачигдал нэрээр чөлөө гуйж байна гэх зарим нөхөдтэй санал огт нийлэхгүй байна. Өөрөө УИХ-ын гишүүн байгаа хүн гэж бодоод “УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” хэмээн бичих гээд үзээрэй, хуруу чинь ер хөдлөхгүй л болов уу? Яагаад билээ гэвэл энэ суудал чинь нэг талаас нь харахуйд бурхдын сүм дуган шиг аврал эрсэн бүхний сүжиг бишрэлийг хураасан ариун тагшин суудал юм. Тэнд сонгогч түмний хамаг итгэл найдвар, хүсэл мөрөөдөл нь байгаа. Тэнд ажилгүйчүүдэд олгож өгөх ажлын байр байгаа. Тэнд албаны хүмүүсийн авах ёстой ахиу хэмжээний цалин хөлс байгаа. Тэнд өтгөс буурлуудыг жаргааж баярлуулах тэтгэвэр тэтгэмж нь байгаа. Тэнд эх хүүхдийн эрх ашиг байгаа. Тэнд хүн бүхэнд хүртээх ёстой аз жаргалын алтан түлхүүр хадгалагдаж байгаа. Энэ мэт ариун гэгээн үүрэг зорилго нь хөсөрдөж мэдэхээр байгаа бол чөлөөний өргөдөл бичих нь гайхмаар хэцүү биш харин ч эгээрч үл болох чин хүсэл мөн байж таарна. УИХ-ын гишүүний суудлыг хувь хүний өнцгөөс харвал огт өөр юм харагдана. Тэр чигээрээ тэрбум тэрбумын үнэ хүрдэг “алтан гулдмай” суудал харагдана. Тэр чигээрээ сул орж ирэх ашиг орлого. Тэр чигээрээ их эрх ямба. Тэр чигээрээ алдар хүнд. Тэр чигээрээ хүсэл зоргын цоожгүй хаалга. Ийм суудлаас сайн дураараа ховхорч салъя гээд өргөдөл бичиж суух гар хуруу олдоно гэхэд бэрх. Хүрэлсүхийн өргөдөл энэ утгаараа өнөө үеийн ховор нандин сонголт юм. Үгээ олж ядан магтаж байгаа миний сэтгэлд оюуны хамаг эрэг шураг энд байгаа юм.

Хориод жилийн тэртээ Нийгмийн ардчилал залуучуудын холбооны анхны гал голомтыг У.Хүрэлсүх өөрөө асаасан гавьяатай нэгэн баримтыг нь манай ахмадууд мартаагүй ээ. Ардын нам дэргэдээ ийм дотнын түшиц байгууллагатай болсноор ирээдүй нь бат найдвар бүхий тулгуур баганатай болсон. Одоо тэд нар л гол төлөв ардын төрийн хэргийг цэвэр тунгалаг авч явах манай намын нэр хүндтэй буулганд зүтгэж ачааны хүндийг чирч явна. Цаашид ч тийм л байж таарна. Өчигдрөөс маргааш руу, өнгөрснөөс ирээдүй рүү, хуучнаас шинэ рүү тэмүүлдэг дайчин давшингуй чанар нь Хүрэлсүхийг нийгмийн шинэтгэгч үзэлтэн андуугүй мөн болохыг итгүүлж байна. Түүний сэдсэн нэг томоохон шинэтгэл нь намын уугуул нэрийг сэргээсэнтэй холбогдож байгаа юм. Эрсдэлтэй алхам байсан нь мэдээж. Гэвч энэ оны сонгуульд Ардын нам олонх санал авч чадсансан бол уг асуудал тэгсгээд нам жим өнгөрөх байсан. Гэвч гай болж, санасан хэмжээний амжилтад хүрч чадаагүй нь тэр асуудлыг эргэн санагалзахад хүргэсэн юм. Ялангуяа ялимгүй илүү санал авсан гэх ардчилсан намын удирдлагууд удаа дараа хууль зөрчсөн хариуцлагагүй алхам хийж ардын намыг хавчин гадуурхаж байгаа нь намын олон түмнийг бухимдуулж улмаар өөрийн намын удирдах нөхдөөс намын нэр сэргээсэнтэй нь холбогдуулан нэхэл дагал хийхэд хүргэсэн гэж ойлгож байна.

Угтаа бол нам их хурлаар шийдсэн шийдэл байсан юм. Даанч түүнийг эргэж санах сөхөө алга. Яг энэ үеэр намын дотор томоохон хагарал гарч намын нэрийн тухай маргааныг хөөрөгдөн дэвэргэсэн нь нэмэгдэл бэрхшээл учруулсан байж магадгүй. Намын уугуул нэрийг сэргээсэн нь буруу байгаагүй. Энэ бол эрин цагийн шинэ шаардлага мөн байсан. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн аавын хүү, ээжийн охин зүрх зориг шулуудан хийх ёстой далд ухамсрын ажил мөн байсан. Харин МАХН гэсэн нэртэй байсан үедээ зарим атгаг санаат улстөрчдийн улстөржүүлэн тайлбарлаж байгаа шиг огт өөр төрлийн харгис нам буюу улс үндэстнийхээ эрх ашигт дайсагнагч улс төрийн хүчин байгаагүйг тайлбарлан хэлэх хэрэгтэй. Монгол орныхоо хөгжлийн дотоод гадаад түүхэн бодит нөхцөл шаардлагатай уялдан эхлээд эх орныхоо алдагдсан эрх чөлөө тусгаар тогтнолыг сэргээх улмаар феодлын хамжлагат ёс, хэмжээгүй эрхт хаант засгийг халах үндэсний ардчилсан, дараа нь социалист ардчилсан, эдүгээ хөрөнгөтний ардчилсан хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж ирсэн хэрэгжүүлсээр байна. Би мэднэ ээ.

Бүхэл жарны турш эгнээнд нь яваа учраас бидний мэт ахмадууд Ардын намын намч чанар гэдгийг илүү сайн мэднэ. Эрх ямба, албан тушаал, ашиг хонжоо хөөцөлдөхийн тулд намын нэр барихыг намч чанар гэдэггүй байсан. Тийм ёс жудаг байгаагүй, байх ч үгүй. Манай нэгэн нэрт зохиолчийн дүрслэн хэлсэнчлэн шаардлага гарвал “ Чиний төлөө үхье” гэдэг үгийг эх орон, Ардын намдаа хэлж чаддаг тийм сэтгэлийн тэнхээтэй хүмүүс Ардын намд гишүүнчлэгдэж түмний хэргийн төлөө өөрийгөө зольж явдгийг бид мэднэ. Энэ бол Ардын намын хөөрхөн буурал өвөө эмээ нарынх нь нэгэн насны бахархал байсан, байсаар байна. Заримдаа баахан хатуурхсан ч сэтгэлийн бөхөөр давж явсан баримт бий. Дөчин хэдэн жил нам төрийг тэргүүлж явсан Ю.Цэдэнбалыг дөнгөж өмссөн хувцастай нь хөөгөөд явуулахад уйлаад л яваад өгч байсан. Бас арван зургаан жил төр засаг тэргүүлж явсан Ж.Батмөнхийг огцруулаад гудамжинд гаргахад арван cap айл хунараар хонуучилж л явсан. Хэрэгтэй цагт нь өөрийгөө намд өгч чаддаг тэглээ гэж өр авлага нэхээд байдаггүй жирийн ард түмний гүдэс шулуун хүүхдүүд өөрсдөө эвлэлдэн нэгдэж ирсэн Ардын намын ёс жудаг одоо ч эвдрээгүй байгааг У.Хүрэлсүхийн үйлдэл нотлов гэлтэй. Тэр хувийн гачигдал тохиолдсоны улмаас намын нэрээр УИХ-ын гишүүн болсон өндөр хүндтэй үүргээ бүрэн хангаж чадахгүй нь гэж үзсэнээс болж чөлөө мэдүүлсэн шиг байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх намуудаас ардын нам иймэрхүү ёс суртахуунлаг жудгаараа л ялгардаг. Үүнийг ч бусад нам нь тэр бүр ойлгодоггүй юм байна. Ийм учраас Ардын намын ёс суртахуунлаг чанарыг харуулахын зэрэгцээ намд ирээдүйтэй эрс шинэчлэлийн үрийг тарилцсан У.Хүрэлсүхэд талархаж байна.

Х.Цэвлээ

Эх сурвалж:  Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих