Завханд учирсан хохирлыг нинжа “далласан” МАК-ийнхнаар нөхөн төлүүлье

Борхярын элс гэх манх­наар хүрээлэгдсэн Урга­мал сумаас урд зүгт 40 орчим км давхиад Тосгуур багийн нутаг Бөрчигтий, Улаантолгой гэх газарт хүрнэ. Нар хурцаар ээх, говийн бүсийн энэ нутагт өвөл болох яагаа ч үгүй бололтой. Нөгөө нинжа нарын зам дагуу хаясан хог новш, архины шилийг дагасаар яг алт ухаж байсан газарт нь ирэв. Жаахан холоос харвал энд тэнд ундуй сундуй нүх ухаж, гялгар уут, газны сав, архины шил хөглөрч, сумын төвийн хогийн цэг юм уу гэж андуурмаар болжээ. Энэ маань өнөөх Ургамал сумын нутаг дахь Улаантолгой гэдэг газар л даа.

Үүнээс 10 гаруйхан км-ийн цаана Дөрвөлжин сумын нутаг буюу “МАК” ХХК-ийн хайгуулчдын алтны судал илрүүлсэн Бөрчигтий гэх уул харагдана. Улаантолгойгоос Бөрчигтий хүртэлх зам зуур газар тэр чигтээ нинжа нарын гарт өртжээ. Талаар нэг хэрчсэн олон салаа замын хажуугаар зогсоо зайгүй нүх ухсан байв. Харанхуй шөнө хамаагүй явбал нүхэнд уначих гээд тун хэцүү. Өмнө нь Бөрчигтий, Улаантолгойн энэ орчимд явахад хүн төөрдөг, машинаар явах бараг боломжгүй, зам ч үгүй байжээ. Харин одоо хэдэн зуун салаа зам үүсч, говийн эмзэг хөрс талхлагдсан байв.
Газар нутгаа харж шимширсэн нутгийн малчид “МАК ХХК-ийнхан их нүгэл үйлдсэн дээ” хэмээн халаглаж сууна лээ. Хайгуул хийх нь хийдэг л юм байгаа биз. Гэхдээ алтны судал илрүүлчихээд түүнийхээ нууцыг чандлан хад­галж чадаагүйгээс уул уурхайн эмгэнэлээс холуур байсан Завхан аймгийн хоёр ч сум нинжа нарын гарт сүйтгэгдлээ. Үүн шиг том нүгэл байх уу.“МАК”-ийн хайгуулчдын алтны судал илрүүлсэн газар нь тэр чигээрээ хад асгатай байсан. Гэсэн ч нинжа нар асфальтан зам буталдаг багажаар 10 гаруй метрийн гүнтэй ухсан байв. Том мотор чирч ирээд л хэдхэн цагийн дотор язгануулчихсан гэнэ билээ.

Сумын Засаг даргатай дээрх газруудаар явж байтал гэнэтхэн цагдаагийн дохио хангинуулсан “УАЗ-469” маркийн машин цаад уулын оройгоос буугаад ирэх нь тэр. Бид ч тэднийг цаашлуулж, машиныхаа хурдыг нэмбэл цагаан хоолой гарган, “Машинаа зогсоо. Цагдаагийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна” гэж түрэмгий дуугаар хашхирах сонсдов. Цагдаагийн машин дөхөж ирээд Ургамал сумын Засаг дарга Ш.Дамдинсүрэнг таньж, бид ч зогслоо. Тэд “Бас л нинжа нар ирж байгаа юм байх гэж бодлоо” гэсээр машинаасаа бууж ирэв. Говь нутагт хэчнээн аажуухан явсан ч яаж ийгээд л цагаан тоос татчихна. Цагдаа нар ч үүнийг андахгүй. Ямар ч байсан тэнд цагдаагийн хамгаалалт чанга байсан юм.

Ингээд бид ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан цаг­даагийн түр хүрээг зорилоо. Түр хүрээг Улаантолгойгоос холгүй нууцлаг газар байрлуулжээ. Дөхөх тусам нэг сумын багийг тэр чигт нь цагдаагаар дүүргэчихсэн юм шиг л харагдах аж. Гэр, асар майхан зэрэгцүүлэн босгож, “police” гэ­сэн хөх алаг туузыг хашаа шиг тойруулан татсан байв. Энд Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар, Нийслэлийн цаг­даагийн газрын харьяа Нийгмийн хэв журам хамгаалах газрын тасгийн дарга Р.Ганчулуун на­раар ахлуулсан цагдаагийн бие бүрэлдэхүүн байрлаж байлаа.

Хэдийгээр говийн бүс нутаг боловч цагийн аясыг дагаад шөнөдөө хүйтэн хонож байгааг цагдаа нар ярьж байсан. Асар майханд ганц ганц гудас дэвсээд унтдаг болохоор шөнөдөө нэлээд жинддэг гэсэн. Сүүлийн хэд хоног нийт нутгаар цас орж, шуурга тавьсан учраас цагдаагийн түр хүрээнийхэнд нэлээд хүндрэлтэй байгаа бололтой. Үүрэг хүлээсэн төрийн цагдаа юм болохоор тушаал иртэл тэндээс бууж болохгүй. Ээлж хэзээ солигдох нь бас л тодорхой бус. Тушаал ирээд буулаа ч нинжа нар эргэж ирээд нөгөө халуунд халж, хүйтэнд хөрч байж хамгаалсан газрынх нь хөрсийг эргүүлээд хаячихна. Ингээд л бүтэн сар хоёр сумын нутгийг нинжа нараас хамгаалсан ажил нь ямар ч үр дүнгүй болно. Энэ мэтээр цагдаагийн түр хүрээнийхэнд зовлон бишгүй байгаа бололтой.

Ингээд Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатартай ярилцсан юм.

-Та анх хэзээ тушаал авч энд ирсэн бэ. 1500 гаруй нинжа цуглараад байсан энэ газарт ухсан нүх, тэдний тарьсан хог хоёроос өөр юм үлдсэнгүй?

-Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн нутаг Улаантолгой, Духны ар, Дөрвөлжин сумын нутаг Бөрчигтий уул зэрэг газруудад маш их алтны илэрц нээгдлээ гэдэг цуурхал тарсан. Энэ дагуу алт олборлогчид хоёрдугаар сараас хойш ирсэн. Аравдугаар сарын дундуур оргил цэгтээ хүрч, 1500 гаруй хүн, 250 гаруй тээврийн хэрэгсэл энэ нутагт цугларсан. Энэ хүмүүс малчдыг сандрааж, байгаль орчин сүйтгэж, сум орон нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг эрүүгийн шинж­тэй ноцтой үйлдлүүдийг гаргасан. Иймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн бай­гууллагаас өнгөрсөн хугацаанд гурван удаа ажиллагаа явуулж тараасан.

Хамгийн гол нь хөөгөөд явуулахаар эргээд ирдэг юм. Маш хурдан унаатай, бүрэн холбоожсон хүмүүс байдаг юм байна. Тийм учраас энэ удаа цагдаагийн байгууллага нарийн төлөвлөгөө боловсруулж, ултай суурьтай хөдөлсөн л дөө. Зүгээр хөөж явуулаад энэ хүмүүсийг тарааж болохгүй байсан учраас Нийслэлийн цагдаагийн газар, бүсийн аймгуудын цагдаагийн газрын хүчийг татах төлөвлөгөөг боловсруулсан. Энэ дагуу ЦЕГ-ын дарга тушаал гаргаж, энэ бүсэд цагдаагийн түр хүрээ байгуулах шийдвэр гаргаад байна. Аймгийн Засаг даргын зүгээс нинжа нарыг албадан тараах захирамж гаргаж, энд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын хоол хүнс, байрлах газрыг шийдэж өгсөн. Ингэж цагдаагийн хүчээр энд цуглараад байсан нинжа нарыг тараалаа. Малчид, сум орон нутгийн иргэд үүнд талархалтай байна.

-Тараах ажлыг хэрхэн зохион байгуулсан бэ. Та бүхнийг нинжа нарыг явсны дараа ирсэн гэж байна лээ?

-Энэ ажиллагаанд Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг Завхантай хил залгаа оршдог аймгуудын цагдаагийн хүч, Улаанбаатар хотоос тусгай тасаг, Нийгмийн хэв журам хамгаалах газрын бие бүрэлдэхүүнийг татан оролцуулсан. Энэ бол өмнө хийгдэж байгаагүй томоохон хэмжээний ажиллагаа байсан. Нийт долоон байгууллагын хамтарсан хүч оролцсон л доо. Гэхдээ ихэнх нинжа нар нь холбоо сайтай учраас цагдаа ирэх гэж байгааг сонсчихдог юм байна. Харин энэ мэдээг тоолгүй алт ухаж байсан хэсэг хүмүүсийг баривчилсан. Албадан тараах явцад хүний эрх зөрчигдөж, бэртэж гэмтсэн зүйл гарсангүй. Ерөнхийдөө тараах ажил хуулийн дагуу, тайван болж өнгөрлөө.

-Албадан тараах явцад хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийг баривчилж, шийтгэл оноох хууль эрх зүйн орчин байдаг уу. Ер нь алт олборлож байсан хүмүүсийг байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэдэг байдлаар шийтгэл оноодоггүй юм шиг санагдлаа?

-Эхлээд тараах шаардлага тавина. Цагдаагийн шаардлагыг хүлээж аваагүй, эсэргүүцсэн хүмүүсийг Захиргааны хариуц­лагын тухай хуулиар шийтгэх боломжтой. Бид шаардлага бие­лүүлээгүй хэсэг хүмүүсийг шалгаж байна. Эрүүгийн хууль, Байгаль орчны хяналтын тухай хууль гээд хэд хэдэн хуулийн заалт бий л дээ. Энэ бүхнийг нинжа нар зөрчсөн. Гэхдээ энэ хуулиар нинжа нарыг төдийлөн шийтгээд байдаггүй байх.

Манай Ургамал сумын хувьд ашигт малтмалын лиценз олгог­доогүй цөөхөн сумын нэг. Ер нь Завхан аймагт уул уурхайн олборлолт явагдаагүй ганц аймаг гэдгээрээ онцлогтой. Гэтэл гэнэтхэн нинжа гэдэг хүмүүс гарч ирээд сүйтгэж байгаа нь нутгийн иргэдийн сэтгэл санааг улам эмзэглүүлж байна.

-Миний сонссоноор нинжа нарыг эрүүгийн гэмт хэрэгтнүүд зохион байгуулалтад оруулж байна гэсэн?

-Нинжаг зохион байгуулалтад оруулдаг 10-20 орчим алтны ченж бий. Энэ хүмүүс маш сайн технологижсон. Хурдан унаатай, сансрын антен бүхий сайн харилцаа холбоотой. Маш олон дагуултай. Энэ ченжүүд алт илэрсэн сургаар очиж, “их гарч байна, ингэж баяжлаа, байр машинтай боллоо” гэх мэт худал цуурхал тараадаг юм байна. Үүнийг ам дамжин сонссон хүмүүс итгээд шавчихдаг. Ингэж масс үүсгэж, олон хүн цуглуулснаараа цагдаагийн бай­гууллагын эсрэг зогсох хүчийг бий болгох зорилготой. Цагдаа ирээд тараах гэхээр маш олон хүнтэй учраас ямар нэгэн байдлаар саад хийнэ. Энэ хооронд нөгөө ченжүүд нинжа нараас хямдхан, их хэмжээгээр алт авч болдог. Ингээд л алт байвал түүнийг хамж аваад зугтчихдаг. Ченжүүдийн цуурхлаар ирсэн иргэд хоосон газар дээр хоцордог юм байна. Худал цуурхалд итгэж бөөн зардал чирэгдэл болж ирчихээд юун алт олох, амьдралаараа хохироод үлдсэн гашуун туршлага их гарлаа.

-Зохион байгуулдаг ченжүү­дийг баривчлах боломж хэр байгаа вэ. Мөрдөн шалгах ажиллагаа хийж л байгаа байх?

-Цагдаагийн байгууллагын зү­гээс энэ хүмүүсийг улс орон даяар эрэн сурвалжилж байна. Бид энэ хүмүүсийн талаарх мэдээлэл, су­дал­гааг цуглуулчихсан. Ту­хайл­бал, автомашины дугаарыг нь илрүүлж, мөрдөж эхэлсэн. Эрүү­­­гийн хэрэг үүсгэх шатандаа явж байна. Эрүүгийн хэрэг үүс­­гэ­­­хийн тулд байгаль орчинд уч­руул­сан хор хохирлыг мэр­гэжлийн байгууллагаар тогтоол­гох шаардлагатай. Аймгийн Мэргэж­лийн хяналтын хэлстийн байцаагч нар энэ үнэлгээг тогтоохоор ажиллаж байна. Бидний зүгээс байцаагч нарыг дагуулж газар дээр нь ажилласан.

-Сэжиглэгдэж байгаа хүмүүсээс нэрлэж болох уу?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байгаа учраас нэрлэх боломжгүй. Мэдээлэл алдагдвал оргон зайлах, зугтах эрсдэлтэй шүү дээ. Гэхдээ удахгүй энэ хүмүүсийн нэр тодорхой болох байх. Цагдаагийн байгууллагын зүгээс хэн нэгэн этгээд байгаль орчинг сүйтгэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийчихээд зүгээр яваад өгдөг байдлыг эцэс болгох зорилготой ажиллаж байна. Энэ хүмүүс нь дараагийн аймагт очиж дахиад л газар ухаж, сүйтгэдэг. Ийм байдлыг таслан зогсоох чиглэл өгсөн. Үүний тулд зохион байгуулаад байгаа нөхдийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой. Тэгэхээр урьд өмнө нь Заамар, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн байгаль орчныг сүйтгэж байсан асуудлыг мөн шалгана.

-Өнөөдөр цагдаагийн хүчээр 1500 нинжаг тараачихлаа. Мэдээж цагдаа нар энэ газрын байнга хамгаалаад сууж чадахгүй. Тэгэ­хээр цаашдаа яах юм бол оо?

-Мэдээж гарц байна. “Бид тардаггүй юм. Нинжа хууль зөр­чөөд явахаараа хүчрэгдэхгүй” гэ­сэн юм яриад байдаг. Тэгвэл үгүй шүү. Нинжа нар буруу ойлгоод байна. Хууль дүрэм гэж байдаг юм, байгаль орчин сүйтгэсэн хүнд тохирсон хуулийн хариуцлага гэж бий. Хөөхөөр явчихаад, эргээд ирдэг ийм тоглоом шиг байж болохгүй. Ямар ч байсан мөрдөн шалгах ажиллагаа эхэлчихсэн байгаа гэдгийг хэлмээр байна. Гол зохион байгуулдаг хүмүүсийг нь шалгаад хэрэг үүсгээд эхлэхээр хэн энд аз сорьж ирэхийг хүсэх юм бэ. Ургамал сум руу ирэхээр бэлтгэж байгаа хүмүүс бий гэсэн мэдээлэл бий. Тэр хүмүүст хандаж хэлэхэд худал цуурхалд автаж, ирээд аль ч үгүй болов оо. Нэгдүгээрт, газар шороо хөндөнө гэдэг чинь маш том нүгэл, хоёрдугаарт, хууль зөрчсөн үйлдэл болно. Харин хууль зөрчсөн хүнд авдаг арга хэмжээ гэж байдаг юм шүү гэж хэлмээр байна.

Ямар ч байсан цагдаагийн байгууллага алтны төлөө юу ч хийхээс буцахгүй болсон нинжа нарт төрийн төмөр нүүрийг үзүүлжээ. Харин энэ байдал хэр удаан үргэлжлэх бол гэсэн асуулт хэвээр үлдэж байна. Хэдийгээр гол зохион бай­гуулагчдыг шалгаж эхэлсэн ч нинжа гэдэг бүлэглэл тийм амар устах нь юу л бол. Тэгэхээр нинжа нартай тэмцэнэ гэдэг их л хичээл зүтгэл, хөрөнгө хүч шаардсан ажил бололтой.

Хамийн гол нь энэ цагдаа нар хэний төлөө, хэнээс болж энд хөлдчих шахан хоосон газар манаад сууж байгаа нь надад их сонин. Ерөөсөө л Завханд нүүрлэсэн энэ гамшиг “МАК” ХХК-иас үүдэлтэй. Хэрэв “МАК”-ийн хайгуулчид мэдээллээ нууцалж чадсан бол Завхан нутгийн хөрс ингэж хөндөгдөхгүй байлаа. Сум орон нутаг, байгаль орчинд учруулсан хохирол, малчид, иргэдийн амгалан тайван байдал гээд “МАК” ХХК-ийнхан алтны судал илрүүлснээс хойш өчнөөн тэрбумаар хэмжигдэх хохирол Завхан аймагт учирчээ. Дээр нь нинжа нарыг тараахад зарцуулсан цагдаагийн байгууллагаас гар­гасан хүн хүч, хоол хүнс, бензин шатахуун зэргийг нэмбэл асар их мөнгөний асуудал яригдана. Улаанбаатар хот, Ховд, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймгаас татсан хүч, тэдний шатахуун гээд л… Аа яая аа. Монголын толгой баячуудын нэг болох Б.Нямтайширын “МАК” ХХК Монгол Улсад, Завхан аймагт ийм л том хохирол учруулаад байна. Орон нутгийн иргэд нь гомдол гаргаад, хохирол тооцсон үнэлгээг гаргуулбал яггүй их нөхөн төлбөр гарна даа. Тэгэхээр “МАК” ХХК-иар энэ бүх зардлыг гаргуулбал яасан юм бэ. УИХ-д хүүгээ суулгаж чадсан толгой баян Б.Нямтайшир энэ зэргийн нөхөн төлбөрт толгой өвдөхгүй байлгүй дээ. Тэртэй тэргүй нинжа нар байгаль орчинд урчуулсан хохирлыг төлнө гэж байхгүй. Харин нинжа нарын сонорт алтны тухай дуулгасан “МАК” ХХК-иас нөхөн төлбөр нэхээд үзье.

Үргэлжлэл бий…

Түрүүч ¹216 /1553/, 217 /1554/, 218 /1555/ дугаарт

ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих