Цаасан дээрх хууль, хайхрамжгүй цагдаагийн “ачаар” дахин нэгэн гэр бүл “сүйрлээ”

Элэг эмтэрч, сэтгэл зүсэгдэм мэдээллүүд өдөр бүр л хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа нь цөөхөн хүн амтай манай оронд хүн амьд явах баталгаа хэр байгаа вэ гэдгийг ахин дахин сануулж байна. Тэр тусмаа ханилсан хань ижил, үрийнхээ эцэгт зодуулсан, гарт нь амь насаа алдсан гэх мэдээлэл сүүлийн үед нэг биш хэд хэдээр дуулдах болжээ.

Саяхан буюу 4 дүгээр сарын 5-ны өдөр олон хүний зүрхийг шимшрүүлсэн нэгэн хэрэг гарсан нь 22 настай Г гэгч цэл залуухан эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдаж, гуравхан настай бяцхан хүү нь өнчрөн үлдсэн явдал билээ.  Эх нь эцгийнх нь гарт амь насаа алдаж, эцэг нь бүх насаараа шоронд хатаж, хүүхэд нь хар нялхаараа өнчрөн үлдсэн энэ гэр бүлийн хувь заяа ийм эмгэнэлтэйгээр төгсөхгүй ч байж болох байсан. Гэвч цагдаагийн байгууллагын хайхрамжгүй, мэдрэмжгүй байдлаас болж нэгэн гэр бүлийн амьдрал ийнхүү эмгэнэлтэйгээр эргэлээ.

Учрыг өгүүлсүү. Харамсалтайгаар амиа алдсан Г бүсгүйн хувьд гэрлэсэн цагаас эхлэн нөхрийнхөө байнгын дарамт, хүчирхийлэл дор амьдарч иржээ. Энэ байдлаасаа гарахын тулд нөхрөөсөө салах болон хүчирхийлэлд өртөхгүй байх бүхий л аргыг хэрэглэж үзсэн байна. Арга ядаад цөхөрсөндөө амиа хорлох үйлдэл хүртэл хийж байсан гэхээр хичнээн хэцүү нөхцөл байдалд байсан нь ойлгомжтой биз ээ.

Тэрээр 2012 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд гэрлэлт цуцлуулах болон нөхрийнхөө эрхийг хязгаарлах хуулийн хамгаалалт авахаар хандсан байна. Түүний нэхэмжлэл болон өргөдөлд хүчирхийллийг тэвчин өнгөрүүлсэн он жилүүдийнх нь тухай маш тодорхой дурдаж, өөрийнх нь амь насанд заналхийлж байгаа эрсдэлт нөхцөл байдал болон тэрхүү заналхийллээс хамгаалж өгөхийг хүссэн байжээ. Мөн тэрээр Хүчирхийллийн эсрэг төвийн эмэгтэйчүүдийн хамгаалах байранд хүүгийн хамтаар аюулаас дүрвэн ирж олон удаа амь аврагдаж байсан юм. Тэр хууль, шүүхийн байгууллага өөрийг нь хамгаална гэж үзэж эцсийн мөчид энэ байгууллагад хандан очсон боловч их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэр болжээ. Учир нь гэр бүлийн тухай хуулийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан нь тогтоогдсон бол шүүх … эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцална.” гэж заасан атал шүүх энэ гэр бүлд хоёр сарын эвлэрүүлэх хугацааг өгсөн байна. Нэгэнт амь нас нь хутганы ирмэгт байгаа хүнийг эвлэрүүлэх шаардлага уг нь байгаагүй. 500 мянган төгрөгөөс болоод гэрлэж, сүүлд нь салгуулсан олон залууст эргэж эвлэрэх хугацаа олгохгүйгээр салгаж л байдаг шүүх энэ удаад дэндүү хугацаа алджээ. Зөрүү хэрэгждэг хуулийг зөв цагт нь хэрэгжүүлж болсонгүй юу гэж асуумаар.

Түүгээр ч зогсохгүй тухайн үед түүний “амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах өндөр эрсдэлтэй” гэдгийг тогтоосон нөхцөл байдлын үнэлгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний нийгмийн ажилтан хийсэн байсан юм. Тэр нь хавтаст хэрэгт хамт явсан атал шүүгч  “Нэхэмжлэгч Г-гийн нөхөр Мөнхбат айлган сүрдүүлж, орой үдэш мөрдөж байгаа гэдэг байдал нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдэл гэж үзэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хохирогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхээс оноосон эвлэрүүлэх хугацаанд нөхрийнх нь зүгээс үйлдэгдэх заналхийлэл, дарамт  үргэлжилсээр байсан бөгөөд цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгсөн ч очоогүй байна.  Тиймээс өөрийн биеэр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст очин тусламж хүсэхэд түүний духан дээрх гэмтлийг үл хайхран, доог тохуу хийж өнгөрөөжээ. Түүнээс хойш нөхөр нь ажил дээр нь очиж зодсоны дараа ажлынхаа газрын дэргэдэх цагдаагийн байгууллагад буюу Баянзүрх дүүргийн 4-р хорооны хэсгийн байцаагчид хандахад ажлын газрын хаалгыг эвдэлж, танхайрсан үйлдэлд нь л 10.000 төгрөгийн торгууль оногдуулаад явуулчихсан. Зүй нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар цагдаагийн ажилтан хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлтийг шүүхэд гаргах үүрэгтэй байсан ч үүнийгээ биелүүлээгүй. Төрийн цагдаа нь иргэдээ хамгаалах ёстой болохоос биш хэдхэн халтар төгрөгийн торгууль төдийхнөөр хэн нэгний балмад үйлдлийг өөгшүүлэх ёсгүй. Бүхэл бүтэн хоёр сарын турш заналхийлэл, айдас хүйдсийг давж гарахаар хохирогч хоног тоолон, хором бүрийг яажшуухан өнгөрүүлж байсан бол? Харамсалтай нь түүнийг дэндүү харгис орчлон дээрээс үхэл аваад одчихлоо. Тэр шүүх хурал болохоос 30-хан минутын өмнө нөхрийнхөө гарт 11 удаа хутгалуулан харгисаар амиа алдсан юм.

Хохирогчийн амь насыг цагдаагийн байгууллагаас ч  илүү өмгөөлөн хамгаалж байсан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн хайхрамжгүй, мэдрэмжгүй хандсан хуулийн байгууллагынхныг буруутай гэж үзэж байгаа юм. Хохирогч өөрийнхөө амь насанд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд цагдаа, шүүхийн байгууллагаас тусламж хүсч, өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийсэн боловч тэр бүхэнд үгүйсгэгдэж, буруутгагдан явсны эцэст ийнхүү амь насаа алдсаныг зүгээр л нэг мэдээлээд орхиж болохгүй. Хэрэглэх хууль нь байсаар атал дэндүү мэдрэмжгүй, хайхрамжгүй хандсан хуулийн байгууллагын ажилтнуудаас хариуцлага нэхэх шаардлагатай байна гэж тэд мэдэгдсэн.

Түүнчлэн хохирогчийн үхэлд хуулийн байгууллагын зарим ажилтнуудын мэдлэггүй, мэдрэмжгүй, хууль хэрэглэх ур чадвар дутмаг явдал нөлөөлсөн гэж үзэж байгаа учир Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаарх хуульчдын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхтэй холбогдсон шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ХЗДХЯ, ШЕЗ, ЦЕГ, Шүүгчийн сахилгын хороонд хүргүүлсэн юм.

Хуулийн байгууллагын ажилтнууд болон мэргэжилтнүүд үүргээ   биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах бүтэц, механизмыг суулгах шаардлагатай байгаа тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлагатай байгааг ч тэд хэлж байсан юм.

Хүчирхийллийн эсрэг төв хэмээх төрийн бус байгууллага хүний төлөө, эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө нийгэмд дуугарч, нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллаж байхад бидний төлөө ажиллах ёстой, төрд тангараг өргөсөн хүмүүс нь чухам юу хийж байна вэ. Хичнээн олон хүн хүчирхийлэл дор бие сэтгэлээрээ хохирч, амь насаа золиосолж байж тэд сэхээрэх юм бол. Өнөөдөр 21-р зуунд амьдарч байна, хөгжил дэвшил гэж цэцэрхдэг хэрнээ гэр бүл хэмээх нийгмийн хамгийн бага нэгжийнхээ хүчирхийллийг ч зохицуулж, хэдхэн монгол бүсгүйчүүдийнхээ амь насыг хамгаалж чадахгүй байна шүү дээ. Хатуухан хэлэхэд хууль гаргачихаад биелүүлэхгүй л юм бол хууль гэж байгаад ч яах юм. Үүний оронд амийг амиар сольдог хүй нэгдлийн үеийнхээрээ  шийдэж байвал дээр санагдана. Соёлжих тусмаа хүн сармагчин шиг болдог гэлцдэг. Амьтад хүртэл нэгнээ хайрлаж, гэр бүл, үр зулзагаа хамгаалдаг байтал бид ухаант хүн гэж нэрлэгдчихээд нялх үрээ ч бодохгүй нэгнээ зэрлэгээр хөнөөж байгаа нь чухам хэн нь араатан болохыг тод томруун харуулж байна.

Манай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлан гаргаснаас хойш найман жилийн нүүр үзэж байгаа ч өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл багасахгүй, тэр хууль зүгээр л цаасан дээрх бичиг төдий байгаа нь харамсалтай юм. Үүнийг гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөөх байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд мянган удаа санууллаа гээд ийм төрлийн хэргүүд багасахгүй байгааг холбогдох хууль шүүх, цагдаагийн байгууллагад хатуу сануулмаар байна.

Та бүхний буруугаас, хайхрамжгүйгээс, албан хаагчид чинь чадваргүйгээс болж дараачийн хохирогч амь насаа алдахаас өмнө энэ асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэхийг шаардаж байна.

UPTOWN


URL:

Сэтгэгдэл бичих