Төр хамгийн муу менежер гэдгээ олон зүйл дээр харуулсаар…

Тонныг нь 70 ам.доллараар худалдаж байсан нүүрсний үнэ буурч 56 ам.доллар болов. Энэ бол Хятадын “Чалко”-той хийсэн манай төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гэрээ юм. Төр хамгийн муу менежер байдгийн, болгодгийн эхний жишээ энэ. Дээрх гэрээний дагуу манай улс 350 сая ам.доллар урьдчилаад авчихсан учир одоо яалтай нь билээ.

 

Хамгийн гол нь уурхайн үйл ажиллагаанд зарцуулах ёстой байсан тэр мөнгөө иргэддээ халамж хэлбэрээр цацаад дууссан нь төр хамгийн муу менежер гэдгийг Монгол Улс тод томруунаар харуулсан явдал байв. Үйл ажиллагаагаа сайжруулаагүй “Эрдэнэс Тавантолгой” хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж чадахгүй, мөнгө босгож чадахгүй байгаа нь төр тааруухан менежер гэдгийн дараагийн муу үр дүн нь юм.

 
Тиймээс шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа дээрх гэрээг засах гэж сууна. Төр муу менежер байдгийн хоёр дахь жишээг автобус баазынхны зургаан цагийн ажил хаялт харуулав. Оюутнуудаас аваад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилснийхээ оронд төсвөөс cap бүр сая саяар нь нөхөн олговор авдаг автобусны компаниуд, тэр дундаа төрийн өмчит автобус баазын удирдлага жолооч, кондуктор, засварчдынхаа цалинг олигтойхон шиг өгч, ажиллах нөхцөл байдлыг сайжруулаад засвар үйлчилгээгээ хийгээд явж чадахгүй байгааг зарлага, орлогоо үндэслэлтэй тогтоогоогүй, цалин хөлсний нормыг ном ёсоор нь шийдээгүй нөгөө л төр хамгийн муу менежер байдагтай холбохоос аргагүй.

 
Манай улс Голланд улстай байгуулсан давхар татварын гэрээг саяхан цуцалсантай холбоотойгоор сайн, муу хоёр мэдээ сонсогдож байна. Юу гэвэл манай улсын томоохон бүтээн байгуулалтын нэг Оюутолгой төслийг гүйцэтгэгч “Оюутолгой” компанийн Монгол дахь толгой компани Голланд улсад бүртгэлтэй байж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манайх тус улстай давхар татварын гэрээтэй учир “Оюутолгой” ХХК зохих татвараас чөлөөлөгдөж байж.

 

Одоо харин дээрх гэрээ цуцлагдаж байгаатай холбоотойгоор тиймгүй болж байгаа нь дуулгах сайн мэдээ нь юм. Дашрамд дурдахад манай улс Голландаас гадна Люксембург, Кувейт, Арабын Эмират, Австрали, Сингапур улстай давхар татварь гэрээтэй. Үүнээс эхний гурван улсынх нь цуцлагдаж байна. Манай улс зах зээлд шилжих үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах үүднээс ийм гэрээ байгуулж байсан нь зохих үр дүнгээ өгч байсан гэж үзэх талтай ч өнөөдөр ийм гэрээ хэрэггүй болсон гэдэг нь ойлгомжтой болоод байна.

 

Жишээ нь, хэрэв Голланд, Кувейт, Люксөмбург, Эмират улстай хийсэн гэрээг цуцлаагүй бол млнай улс 1-2 их наяд төгрөгийн татвараа цуглуулж авч чадахгүйд хүрэх байж. Давхар татварын гэрээ нь Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрхзүй орчинг эргэн харж өөрчлөх болсныг нэг талаар харуулж буй. Hөгөө талаас зах зээл өргөжин, гадаад дотоод хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр дээрх шиг олон улсын чанартай гэрээ, хэлцээрийн ач холбогдол, үр дагаврыг сайн судалж мэдэх шаардлага гарсаар…

 

Гэтэл манайд давхар татварын гэрээгээр мэргэшсэн, энэ талын дүн шинжилгээ хийх мэргэжилтэн, хууль эрхзүйн хүн ховор, бараг байдаггүй дуулдана. Тиймээс бүхэл бүтэн улсын хувьд олон улсын зарим гэрээ контракт дээр Монгол улс хохирох явдал гарахгүй гэх баталгаа үгүй. Гадаад улс орнуудад энэ чиглэлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хувийн компаниуд гэрээгээр гүйцэтгэдэг байна.

Эх сурвалж: “Бизнес Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих