Нутагт минь ямархан өвөл айсуй бол…

Ирэх буцах цагийн заагт тэнгэр ингэтлээ хуйсгадаг юмсан уу. Гадаа бүрхэг, цас, бороо алин болох нь мэдэгдэхгүйгээр шуурч байлаа. Ийм л зэврүүхэн өдөр гэртээ будаатай цайгаа хувааж уугаад халуун бүлээрээ шуугиж байх сайхансан. Манай говийнхон будаатай цайгаа “унд” гэж нэрлэдэг. Өтгөн сайхан цайндаа хавирга үйгээд уух мөн ч таатай даа. Ийм л амралтын өдрөөс минь намайг салгаж уулзахаар дуудсан “нөхөр” бол С.Мөнхбаяр байлаа.

 
Амралтын өдрүүдээрээ барагтай бол гэрээсээ хамраа цухуйлгадаггүй миний хувьд уулзалтанд зөвшөөрсөн нь нутгийн хүний үгийг дуулах, нутаг орныхоо сониныг сонсоход байв. Тэгээд ч Мөнхбаяртай уулзаж ярилцахад цаанаа л нэг, залуу хүний хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, гал халуун сэтгэл хэзээд дүрэлзэж явдаг юм. Түүнд нь би дуртай, бас эрч хүч авдаг гэхэд болно.

 

Хүсэл мөрөөдлөөр дүүрэн хийж бүтээх тэмүүлэлтэй энэ үеийн энгийн олон залуусын нэг. Заримдаа хэтэрхий шударга зантай юм шиг санагддаг ч тэр нь аав, ээжээсээ авсан “өв хөрөнгө” нь. Түүний аав Л.Сумъяаготов Мандал-Овоо сумын Улаан нуурын тэжээлийн үйлдвэрт дараа нь Материал хангамжийн газарт инженерээр ажиллаж байсныг нь сумынхан төдийгүй аймгийнхан сайн мэднэ.

 

Сүүлд Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар ажиллаж байсан гэхээр хүмүүс бүр ч сайн таних байх. Харин ээж С.Дэмбэрэл нь Аймгийн захиргаанд болон Татварын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав, ээж нь хоёулаа тухайн үеийн хариуцлагатай ажлыг хийж байсан учраас Мөнхбаярт багаасаа л эрхэлсэн ажилдаа эзэн байх ёстой гэсэн нэг зарчим толгойд нь суусан хүн.

 

Бидний аав ээжүүд улс нийгмийнхээ төлөө үнэнч шударгаар хөдөлмөрлөцгөөдөг байсан цаг. Тэр үеийн ийм үзэл одоогийн бидний ухамсарт бага ч гэсэн үлдэж хоцорсон юм болов уу гэж би боддог. Мөнхбаяр аанай л инээдэгээрээ инээж намайг угтав. Тэр үргэлж л инээж явдаг юм. Элдэв маяггүй тэр л зангаараа намайг монгол шөлтэй хоолоор дайллаа.

 

Бид хоёрын яриа ажил, амьдрал, нутаг орноос эхлээд уул уурхай, эдийн засаг, хөгжил цэцэглэлт гээд л хөвөрч өгөв. Шинэ мэдлэг мэдээллээс хоцордоггүй, олон талын мэдлэгтэй түүнтэй ярилцахад ярих юм олдохгүй байна гэж үгүй. Хол ойрын сонин сайхан, шинэ бүхнийг түүнээс хялбархан мэдээд авчихна. Монгол хүний зан юм болохоор яриандаа бид болж бүтэхгүй байгаа юмны талаар ч гашуухан хачрыг нэмэв.

 

Гэхдээ Мөнхбаярын нэг сайн чанар нь зүгээр шүүмжлээд орхих биш засч сайжруулах гаргалгааг нь хэзээд бодож явдаг хүн. Бид хоёрын яриа уул уурхай, тэр дундаа өлгий нутагт маань ажиллаж амьдарч байгаа нутгийнхныхаа тухай эргэлээ. Залуучуудад тогтвортой ажлын байр, хүүхдүүдэд сайн боловсрол, хөгшдөд нарлах цэцэрлэг, тухлах талбай, эмэгтэйчүүдэд хөдөлмөр хийх эх үүсвэр бас итгэл найдвар, эрч хүч хэрэгтэй талаар тэр ярьж байна.

 
Тиймээ! Өмнийн цэнхэр говь минь газар газрын хөгжлөөс дутахгүй өнгөлөг өөдрөг, ард иргэд нь амгалан жаргалтай байвал хэчнээн сайхан. Налгар говьд маань уул уурхайн их нүргээнтэй зэрэгцээд сайны хажуугаар саар зүйлс ч байгаад тэр сэтгэл нь зовинож явдаг тухайгаа хүүрнэв. Шар нар, бор хоногийн уртад нутагтаа ховорхон очдог миний хувьд сайнаасаа илүү сонсогдох хачиртай мэдээнд сэтгэл сэртхийх болсон билээ.

 
Гал улаан наран өлмий дороос өчүүхэн ч тоосгүй мэт цэлийтэл мандаж, зэрэглээн дундах тэмээд холдож нэг, ойртож нэг өдөржин дуниартдаг амар амгалан диваажин сан миний нутаг. Хар багаас хэдэн бор толгодынхоо дунд хурга, ишиг хариулж явахдаа нүдээ нэг нээж, нэг аньж зэрэглээгээр өчнөөн тоглодог байж билээ. Зэрэглээ надаар ч тоглодог байсан юм уу мэдэхгүй ээ.

 
Ийм л нутагт төрж өссөнийх харь орны үл мэдэх эрхэм хурганы бэлчээрийг минь “эзэмшиж” авчихаад хэрхэн ухаж төнхөх тухайгаа их л бахархалтайгаар ярихад цээжин дотор зурах шиг л болдог. Гэвч эх нутгийнханд минь эрхбиш өгөөжөө өгөх байлгүй дээ хэмээн тайтгарахаас цаашгүй. Харин энэ бүхний төлөө санаа тавьж, сэтгэл зовж, төрөлх нутгийнхаа төлөө өөрийн мэддэг, чаддагаа зориулахаар зорьж яваа олон залуусын нэг нь найз маань байгаад баярлахаас яахав.

 

Энэ нутгийн эзэн нь шүү дээ бид чинь. Хий хоосон ярьж, худлаа шүүмжилж явдаг хүмүүсийн нэг тэр биш гэдгийг би мэдэж байна. Зорьсондоо хүрэх зориг, сэтгэл түүнд бий. 1990 оны сүүл хүртэл хүн бүхэн л хувийн салбар руу зүтгэцгээж өөрийн гэсэн ТҮЦ ч болтугай “овоолж” авахаар хичээцгээж байсан үе, залуучуудын ихэнх нь яаж ийгээд л гадаадад гарах сонирхолтой байсан.

 

Тэр үед харин Мөнхбаяр мэргэжлээрээ ажиллахаар шийдсэнээ бидэнд хэлсэн юм. Дэврүүн ч гэмээр зоригтой ч гэмээр ийм шийдвэрийг гаргасанд зарим нь гайхаж ихэнх нь дэмжсэн дээ. Ингэж тэр сурсан мэргэжлээрээ ажиллана, салбараа таньж мэднэ, туршлага сууна гэсэн өөрийнхөө хүслээр ажлынхаа гарааг эхэлж байсан юм. Үүнийг би хувьдаа их зөв алхам хийсэн гэж боддог.

 

Магадгүй хувийн бизнес хөөцөлдөөд эсвэл хилийн дээс алхаад явчихсан бол өнөөдөр амжилтанд хүрсэн хэдий ч эгэл хүний ажлын амт, амьдралын нарийн ширийнийг анзаарахгүй нэгэн болсон ч байх юм билүү. Төрөхөөсөө л “тусгай” зассан замаар явж гадаадад өндөр боловсрол эзэмшсэн гэх европжсон эрхэмүүд монгол хүний эгэл жирийн амьдралаас хол хөндий амьдарч, өөрсдийнхөө хүрээнд таарч тохирох бодлого шийдвэр гарган түүнд нь эгэлийн эгэлүүд нь чирэгдэн амьдарч байгаа дүр зураг энэ л цаг үеийнх шүү дээ.
Төсвийн 50 мянган төгрөгийн цалингаар тэр залуу хүн тулдаа л тухайн үедээ болгож байсан байх. Гэхдээ Мөнхбаяр ямар ч байсан үүнийхээ оронд маш их зүйлийг сурч мэдсэн гэж ярьдаг. Хүн хүсэл зорилготой үнэнч байна гэдэг чухал чанар. Хааяа нэг уулзахаар биохими, генетик, микробиологи, шинжлэх ухаан, мэдлэг, мэдээлэл, техник, технологи, тарваган тахал, холер, боом, галзуу гээд хачин жигтэй юм ярина.

 

Мөнхбаярыг багын хөдөлмөрч, хичээл зүтгэлтэйг мэдэх ч тэрний ажлыг нь ерөөсөө ойлгодоггүй байлаа. Одоо бодох нь ээ дайнаар бол ар талын хамгийн нарийн чухал ажлыг амжуулдаг хүн байж. Нээрээ ч улс орон хэчнээн өндөр хөгжилтэй байлаа гээд хүн, амьтангүй халдварт өвчинд нэрвэгдээд дуусвал яах вэ. Түүхэнд хүчирхэг гүрэн улс халдварт өвчнөөс болж сулран доройтож мөхсөн жишээ олон л байдаг шүү дээ.

 
Мэргэжлийнх нь онцлог юм уу Мөнхбаяр аливаа асуудлыг нэг бүрчлэн задлан шинжилж, учир утгыг нь нарийн тайлдаг зантай. Бид өвчнийг эмчилдэг нь эмч гэж ойлгодог ч түүний цаана өвчний учир шалтгаан хаанаас, юунаас үүссэн, хэрхэн эмчлэх ёстойг нэг бүрчлэн судалдаг чухал хүмүүс байдаг гэдгийг ер анзаардаггүй. Харин түүний ажлыг ойлгодог болсноосоо хойш үнэхээр улс оронд хэрэгтэй мэргэжил сонгож дээ гэж бодох болсон.

 

Түүнээс гадна тэр бидний хэлдгээр “юм юмны захтай” нөхөр дөө. Олон салбарт ажиллаж үзсэнийх ямар ч асуудлын наад цаадахыг ойлгоно. Оюутан байхаасаа өөрийн хүч хөдөлмөрөөр амьдрахын сайхныг мэдэрсэн нэгэн гэж хэлж болно. Хичээлийнхээ хажуугаар гадаадаас дуу хөгжмийн хуурцаг оруулж ирэн “шинэ соёлыг түгээж” явсан гэж байгаа.

 

Ер нь хүн ямар нэгэн ажлыг өөрөө хийж үзэж, туулж өнгөрүүлж байж л амьдралыг танин мэддэг. Таньж мэдэхийн хэрээр ухаан сууж зөвхөн өөрийнхөө төлөө биш хүмүүсийн төлөө амьдрах үзэл санаа нь төлөвшдөг болов уу гэж би ойлгодог. Салбар зүтгэж сайн, нь мэддэг болсны хувьд Мөнхбаяр 2006 оноос аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст ажиллаж эхэлсэн юм. Ажилдаа дуртай байх нь амжилт гаргахын үндэс гэдэг.

 

Тэр энд хийсэн ажилтай, хэлэх үгтэй нэгэн болж чадсан. Стандарт хэмжилзүй гэхээр толгойд тоймтой юм буудаггүй шиг улс манай аймгийн энэ байгууллагыг арай л мартчихаагүй байв. Мөнхбаяр ч сурсан зангаараа хэлж хөөцөлдөж, санал хүсэлт гаргаж зүтгэсний хүчинд асуудлуудыг шийдүүлж чадсан. Өөрчлөх, өөдлөх гэхээр тушчихаад байдаг санхүү мөнгөний асуудал төсвийн байгууллагуудад одоо ч тулгардаг.

 

Харин мань хүн уйгагүй явж байгууллага, хамт олныхоо ажлыг бусдад ойлгуулж чадсанаар сорилт хэмжилзүйн лабораторийнхоо тохижилт, тоног төхөөрөмж, урвалж бодис, эталоны хангамж хүрэлцээг сайжруулж хор судлалын шинжилгээг хийж эхэлсэн. Аймагтаа анх удаа ахуйн хэрэглээний усны тоолуур шалгах төхөөрөмжтэй болж усаа баталгаат хэмжүүрээр хэмжиж, мөн анх удаа удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээ, хэмжүүрүүдийг баталгаажуулах ажлыг бусад аймгаас түрүүлж нэвтрүүлсэн нь түүний хичээл зүтгэлийнх юм.

 

Олон нийт тэр бүр анзаардаггүй ч энэ л хүмүүсийн ажлаас бидний эрүүл мэнд, аюулгүй байдал шалтгаалж байдаг гээд бодохоор хэчнээн хариуцлагатай ажил болох нь мэдэгдэнэ. Мөнхбаярыг бид “муу халдварыг сөнөөгч, сайн халдварыг тараагч” гэж нэг удаа шоолсон юм. Тэр байгаа газраа хэрэгтэй зүйл санаачилж, тэрийгээ хэрэгжүүлж явдаг зантай. Дандаа шинэ юм сэдэж явдаг болохоор ингэж шоглосон хэрэг л дээ.

 

 

Стандарт хэмжилзүйд ажиллаж байхдаа Эрүүл мэндийн газарт урилгаар ажиллаж байсан америк залууг авчирч англи хэл заалгасан нь үнэхээр хэрэг болсон гэж хамт ажиллагсад нь ярьдаг юм билээ. Бас ажилчдынхаа хүүхдүүдэд шатар, даам зааж сургаж байсан гээд төрөл бүрийн юм сэднэ. Жижиг гэлтгүй зүйлд анхаарал хандуулж явдаг нь түүний зан. Гэхдээ бидний жижиг гээд орхисон тэр зүйл сүүлд нь “том” бүхний эхлэл байдаг юм.

 
Саяхан Мөнхбаярыг уул уурхайд ажилласныг би мэдэх юм. Уул уурхайг хүмүүс янз янзаар л хардаг. Гэхдээ уул уурхайг зөв хөтлөх бидний хэлдэгээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх боломж бололцоо манайд байгаа юм байнаа гэдгийг тэдний уурхайгаас харж байлаа. Уул уурхай учиргүй ихийг олборлохдоо биш, гол нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан сахиж хүн, байгалийн харилцан хамаарлыг алдагдуулахгүй ажиллах нь хамгийн чухал.

 
Уул уурхай бол хүмүүсийн бие биеэ хүндэтгэх, дэмжих сайхан харилцаа. Хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажиллах орчин нөхцөлд онцгойлон анхаарч байж уул уурхай хөгждөг. Тиймээс Мөнхөө энэ бүгдэд анхааран ажиллаж, уурхайн бүс нутагт амьдарч байгаа хөдөөгийн айл өрхүүдтэй харилцаа холбоотой байж хэн хэндээ тус дэмтэй ажлууд олныг хийсэн.

 

Ийнхүү бид олныг ярилцан удаан суусаар гарч ирэхэд гадаа цас лавсан орж байлаа. Энэ бол энэ жилийн хамгийн анхны цас. Гудамж талбайгаар алхах хүн бүхний дээрээс цасан будрах нь юутай үзэсгэлэнтэй. Харин нутагт минь ямархан өвөл ирж байгаа бол… Цас будруулан цааш алхах Мөнхөө нутгийн минь үнэрийг тээж ирсэн. Одоо тэр буцаж явна.

 

Сэтгэлдээ дүүрэн  итгэлтэй, толгойдоо баахан төлөвлөгөөтэй алхаж яваа. Манай говийнхон угаасаа халуун дулаан, сэтгэл нь үг шигээ ил цагаахан хүмүүс. Тэр ярианыхаа төгсгөлд төрд иргэнээ төлөөлөхөөр сэтгэл шулуудсанаа хэлсэн юм. Тиймээ, тэр чадна. Би итгэж байна. Хийх, урагшлах тусам улам гүн мэдрэгддэг засаглалын чөдөр тушааг тэр хангалттай мэдэрсэн биз.

 

Улс гүрнийг мөхөөдөг нэг бичил нянг дотроос нь эмчилдэг шигээ л тэр чадна. Энэ эх орон, улс төр, нийгэм энд тэндээ “өвчлөөд”, “буглаад”, “бугшаад” байгаа тэр хэсгийг ийм л залуус анагааж чадна. Үнэнээрээ амьдарч чаддаг бас хүний төлөө цохилох зүрхтэйд нь би дуртай. Эр хүн биеэ засаад гэрээ засдаг, гэрээ засаад төрөө засдаг.

 

Одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ, тэр хийхгүй юм бол хэн хийх юм бэ? Ямартаа ч найздаа амжилт хүсч байна. Түүнд бүтээх хүсэл эрмэлзлэл, эрч хүч дүүрэн бий.
Цав цагаан, шив шинэхэн цас орсоор л… Яг л ирж яваа сайхан бүхэн шиг,…

Эх сурвалж: “Монгол говь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих