Нийслэлийг нүүлгэх үү

Нийслэл гэж юу вэ

Өнөөдөр дэлхий дээр 220 шахам улс байдаг гэнэ. Улс орны удирдлага оршдог хотыг нийслэл гэж нэрлэж заншсан аж. Гэхдээ нийслэлүүдийн арав шахам хувь нь олонтаа нүүдэллэжээ. Нүүдэллэх шалтгаан нь цэрэг дайны, байгалийн давагдашгүй хүчин зүйл, эдийн засгийн таагүй нөхцлөөс үүдэлтэй. Хамгийн сүүлийн жишээ бол Казакстан улс өөрийн нийслэл Алматаг Астана болгон өөр газар шилжүүлсэн байна.

 

Казакстан байгалийн баялаг ихтэй тул шинэ нийслэлдээ мөнгө хайрлалгүй орчин цагийн хамгийн төгөлдөр нийслэл бариулж чаджээ. Астана хот өнөөдөр олон шинэ хотын загвар болж чадах тухай тус хотын төсөл дээр ажилласан архитекторууд ярьж байна. Ихэнх орнуудад нийслэл нь улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв нь болж байна.

 

Энэ утгаараа хүн амын томоохон төвлөрөл болно. Европын өндөр хөгжилтэй орнуудын нийслэлд удам дамжсан их хэмжээний төрийн болон хувь хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө байдаг тул элит давхрага нийслэлээ нүүлгэх тухай сонсох ч дургүй байдаг аж. Өндөр хөгжилтэй орнуудын нийслэл амьжиргааны өртөг өндөр байдаг нь хэн дуртай нь ирээд хашаа хатгаад хэвтчихээс сэргийлсэн бодлого гэнэ.

 

Дэлхий дээр хамгийн өндөр өртөгтэй нийслэлийг Москва, Токио тэргүүлж байна. Москва газрын үнэлгээг дээшлүүлэх замаар бага орлоготой иргэдийг цөөлсөн бол Токио иргэдийн орлогыг нэмэгдүүлэх замаар нийслэлдээ амьдрах иргэдийг хөрөнгөжүүлсэн аж. Дээрх хотуудыг харвал аливаа улсын нийслэл гэдэг нь өндөр орлоготой иргэдийн оршин суух газар мэт харагдана.

 

Мөн улс төр, эдийн засгийн төв гэдэг утгаараа эрдэмтэн, улстөрчдийн оршин тогтнох тулгуур болж таарна. Олон улстөрчдийн хувьд нийслэлийн хүн амын төвлөрөл нь улс төрд үлдэх томоохон боломж болдог. Харин соёл, урлагийнхан болон бизнесменүүдийн хувьд маш том зах зээлд тооцогдоно: Хүн амд үзүүлэх нөлөөлөл, улстөр, эдийн засгийн цар хүрээгээрээ нийслэл төрийн удирдлагад жинтэй хувь эзэлдэг.

 

Иймээс улс орны нийслэлийн удирдлага төрд өндөр албан тушаал ахих нь энгийн үзэгдэл байдаг. Москва xoтын мэр Лужков нэгэнтээ Ерөнхийлөгч Путинээс илүү рейтингтэй болсон байдаг. Энэ нь түүнийг албан тушаалаа өгөх шалтгаан болсон гэдэг. Парис хотын дарга Францын Ерөнхийлөгч болох магадлал маш өндөр байдаг. Энэ бүхнээс харвал нийслэл гэдэг нь улс төр, эдийн засгийн ихээхэн ашигтай талбар болж таарна.

Монгол улсын нийслэлийн хувьд өнөөдөр хог, утааны үүртэй адил харагдана. Олон жилийн турш энэ байдал үргэлжилж байна. Шалтгаан нь нийслэлийн Засаг дарга нь захын нэгэн байцаагчаас доор эрхтэй. Монголын улстөрчид нийслэлийн асуудал болгоныг мөнгө болгож сурсан гэнэ. Түүнийгээ далдлахын тулд нийслэлийн Засаг даргыг хэн ч биш болгоод зогсохгүй хорооны байр барихаас эхлээд хогны машин авах асуудлыг УИХ шийддэг болсон.

 

Эндээс харвал манай Улаанбаатар хотыг хотыг нийслэл гэхээсээ илүүтэйгээр улстөрчдийн мөнгө хийдэг талбар гэж ойлгож болно. Энэ зуршил цаашид ч удаан үргэлжилнэ гэнэ. Учир нь нийслэлд ирэх хөдөөгийн цуваа өнөө маргаашдаа зогсохгүй. Түүнийг зогсоох арга байхгүй. Ойрын жилүүдэд мөнгө хийх хамгийн том боломж нийслэл байсаар байх болно гэж эдийн засагчид үзэж байна.

 

Өчигдөр Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай энэ ондоо багтааж нийслэлийг нүүлгэх асуудлыг судалж үзэх санал төр засгийн удирлагад санал болгов. Монголын улс төр, эдийн засгийг хэнээс дутуугүй мэдэх энэ эрхэм сэтгэлийн хөөрлөөр ямар нэгэн санал гаргадаггүйг монголчууд мэднэ. Нийслэлийн олон асуудлыг шийдэх гэж Засгийн газар мах маяагаа барж байгааг монголчууд харж байгаа.

 

Зарим эдийн засагчдын хэлж буйгаар нийслэлийн тулгамдсан асуудлын хамгиин том нь төрийн удирдлага нийслэлд нутагшиж байгаад гэнэ.Улс төрийн ангийн оюутны дэвшүүлж байгаа санаагаар бол Орхоны хөндийд цомхон, жижигхэн хот босгоод, түүнийгээ Чингисийн нэрээр нэрлэж орхивол гаднаас их хэмжээний мөнгө босгох боломжтой.

 

Тэр хот нь Монголын нийслэл гэхээсээ илүүтэй хүн төрөлхтөний түүх соёлын төв болох боломжтой. Энэ бүхэнд хувь нэмрээ оруулахыг гадны баян иргэдээс эхлээд төр засгийн тэргүүнүүд оролцох сонирхолтой байдаг гэнэ. Эхний ээлжинд 20-25 мянган хүн амтай суурин байгуулж болно. Тус хотын газрыг бүхэлд нь улсын мэдэлд авах замаар шинэ суурьшлыг хязгаарлаж болно.

 

Мэдээж дан улстөрчид, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид оршин суугаа газар луу тэр болгон тэмүүлээд байхгүй аж.Тиймээс нийслэл хэмээн нэрлэсэн тэр хотхонд амьжиргааны өртөг бусад бүсээс харьцангүй өндөр байх ёстой гэнэ. Хэдэн жилийн өмнө манай нэг улстөрчийн ярьсанаар бол төр, засаг хүн амын төвлөрөлөөс хол төрийг нийслэлийн хэдэн мянган иргэд шийдэх боломжтой аж.

 

Захын цуглаанчид төрийн ордныг бүслэх замаар эсвэл ялагдсан улстөрчид хурлын танхимын хаалгыг буйдангаар хааж, төрийн ажиллагааг тасалдуулах боломжтой. Сонирхолтой нь “Хөөрсөн олон түмэн” гэдэг номонд өгүүлсэнээр олон тохиолдолд олноороо цугласан иргэд сэтгэлийн хөөрлөөс шалтгаалан зорилгоо умартан, хүчирхийлэл үйлдэх нь их байдаг тухай өгүүлжээ.

 

Үүний тод жишээ бол УИХ-ын 2008 оны сонгуулийн дараах долдугаар сарын 1-ны үймээн аж. Тухайн үед хэсэг улстөрчид МАН-д шаардлага тавих гэж очсон. Хэн тухайн шаардлага галдан шатаалт болох тухай төсөөлөөгүй. Харамсалтай нь хөөрсөн олон хүчиндээ эрдэж, цонх хагалж цөсөө хөөргөөд, галдан шатаалт болгосон гэдэг.

 
Өндөр хөгжилтэй орнуудад коммунист үзлийг хуулиар хориглодог боловч, коммунистуудыг хүлээн зөвшөөрдөг. Монголд ч энэ зарчим тодорхой хэмжээгээр хэрэгждэг. Хөөрсөн олон төр засаг нэг дор байх нь олон буруу шийдвэр гаргахад хүргэсэн тухай баримт цөөнгүй байдаг гэнэ.

Нийслэлийг нүүлгэх боломжтой юу

Хүсвэл боломжгүй зүйл байхгүй гэдэг. Нийслэлийг нүүлгэх тухай яриа 1990 гарч байсан аж. Үндсэн хуулиас эхлээд олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай тулгарна. Гэхдээ хамгийн том асуудал нь санхүүгийн асуудал. Үндсэн хууль өөрчлөх шийдвэр үндсэндээ гарчихсан гэж үзэж болно. Улс төрийн бүх хүчнүүд өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх санал дээр нэгдсэн гэдэг.

 
Одоогийн нийслэлийн Улаанбаатар гэдэг нь Орос цэрэг гэсэн үг гэж тухайн үедээ Б.Ренчин гуай тайлбарлаад зэмлүүлж явсан гэдэг. Гэхдээ Үндсэн хуулинд Улаанбаатар Туул голын хөндийд оршино гэж заагаагүй аж. Төрийн байгууллагуудыг нийслэлээс гаргасан тохиолдолд их хэмжээний байшин сав суларна. Энэ бүхнийг 100 жил шийдэж чадаагүй нийслэлчүүдийн нийгмийн асуудлыг  “шийдэхэд зориулж болно.

 
Төрийн гурван өндөрлөгийн явдаг цагаар зам хаахад, жолооч нар багаар тооцоход арваад тонн шатахуунаа шатаадаг гэсэн тооцоо байна. Өөрөөр хэлбэл монголчуудын сарын хэрэгцээний шатахуунаа зөвхөн төрийн өндөрлөгүүдийг төв замаар өнгөөрөхөд зарцуулдаг аж. Энэ бол ганц жишээ. Өөр олон ашиг гарах тухай улс төр судлаачид ярьж байна. Мөн нийслэлийг нүүлгэхэд монголын нийгэм сэтгэл зүйн хувьд бэлэн үү гэсэн асуулт гарна.

 
Монголын улстөрийг 1921 оноос хойш тодорхойлсоор ирсэн 40, 50 мянгатынхан хамгийн түрүүнд эсэргүүцэх болов уу. Бас нийслэлчүүдээс оноо авах гэсэн улстөрчид тэдэн дээр нэмэгдэнэ. Мэдээж өнөөдөр шийдвэр гаргаад, маргааш нийслэлийг нүүлгэж чадахгүй. Үндсэн хууль гар хүрэхээсээ өмнө нийслэлийг нүүлгэх талаар судалгаа хийж, шийдвэр гаргах хэрэгтэй гэнэ.

 

Улстөрч С.Зориг 1990 онд “Хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх нь л хамгийн хэцүү” гэж ярьж байв. Нийслэлийг нүүлгэх тухай асуудал хөндөгдөхөд эсэргүүцэгчид ихээр төрөх тухай яриа гардаг, Үнэн хэрэгтээ тэдэнд нийслэл хаана байх нь чухал биш. Хэний саналд нийцэх тухай асуудал ард нь байдаг гэнэ. Хуулиар бол төр засаг нь байрладаг газрыг нийслэл гэж заасан байдаг.

 

Өөрөөр хэлбэл хэдэн том дарга нар байрладаг газрыг нийслэл гэнэ Улаанбаатараас тэднийг гаргаад явуулчихад улаанбаатарчуудад алдах зүйл огтхонч байхгүй. Харин утаа, хог шийдэх гэж мөнгө хусдаг улстөрчид байхгүй болно. Ингэснээр улаанбаатарчууд утаа хогноосоо хэдхэн жилийн дотор салах магадпал өндөр гэдэг. Мэдээж засаг захиргааны тухай асуудал хөндөгдөнө.

 

Орчин үеийн жишгээр Улаанбаатарын эрх мэдэл мужийн тогтолцоонд шилжиж болно. Сэтгүүлч Г.Дашрэнцэн нийслэлийн төв цэгээс 100 км-ын тойрогт хамрагдах газар нутгийг Улаанбаатар хотод шилжүүлэх тухай саналаа сүүлийн арваад жил тавьж байна. Ингэснээр төв аймгийнхан Улаанбаатар хотын иргэд болно гэнэ. Нийслэл онгоцны буудал барих гэж Төв аймгийн газар нутгийг цоолохгүй гэнэ.

 

Одоогийн Улаанбаатарын нэрийг  Мандзушир юм уу, Богдын нэрээр нэрлэх гэнэ.Төв муж байгуулагдсанаар хөдөө хөхөрч, гадаа гандаж байгаа монголчууд Богдын хүрээгээ тойрон томоохон үйлдвэр байгуулж хүн шиг ажилтай амьдарна гэнэ. Гахай шиг газар ухаж, нохой эсгий нөмөрч хэвтдэг монголчууд байхгүй болно гэнэ. Нэг сая гаран хүнтэй хот Улаанбаатар байна уу, улсын нийслэл гэнэ үү энэ сэтгүүлчид хамаагүй гэнэ. Бурханаас заяасан хоромхон амьдралаа л монголчууд мал шиг биш хүн шиг амьдарч өнгөрүүлэх хэрэгтэй гэнэ.

Х.Баттөгс
Эх сурвалж: “Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих