Хайран Оюутолгой

Манай нийгэм дээр дооргүй л 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашигтай, аль эсвэл ашиггүй болсон гээд ид маргаж байна. Миний бие эрдэмтэн, судлаачийнхаа хувьд энэ асуудлааар 2010-2011 онд хоёрч нийтлэлдээ байр сууриа илэрхийлэн нь бодлого тодорхойлогчдод бага боловч нөлөөлсөн байх талтай ч энэ удаа арай тодорхой хэлэх цаг нь болжээ гэж үзэж байна.

 
Оюутолгойн орд нь одоогийн нэгэнт тогтоосноор 45 сая тонн зэс, 1838 тонн алтны нөөцтэй. Энэ нь манай улсыг сүүлийн 30 жил тэжээж буй Эрдэнэтээс 5 дахин, социализмын үед нээсэн хамгийн том Бороогийн ордоос 600 шахам дахин том баялаг гэсэн үг. Үүний зэрэгцээ 12.5 тонн мөнгө, 157 мянган тонн молибден гэх мэт дагавар металлууд ихтэй нь илэрхий болоод байна.

 

Өөрөөр хэлбэл, Оюутолгой нь энэ төрлийн дэлхийн гарын таван хуруунд багтах баялаг орд гэдэг нь тодорхой болсон билээ. Иймд энэ ордын хувь заяа хэрхэн шийдэгдэх нь Монгол Улсын хөгжил, монголчууд бидний амьдрал цаашид хэрхэхтэй шууд холбоотой болохоор бид дээрх гэрээг үнэлж цэгнэж, маргаж сайжруулах нь зүйн хэрэг.

 

Саяхан хоёр cap гаруйн өмнө УИХ-аас шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар Б.Бат-Эрдэнэ нарын 25 гишүүний дэмжлэгтэй дараахь эх оронч шаардлага нь ганцхан саналаар дэмжигдээгүй нь үнэхээр харамсууштай, гайхмаар байлаа. Тэд шаардлагадаа тухайн үеийн УИХ энэ асуудлаар хоёр ч шийдвэр гаргасны 57 дугаар тогтоолын “хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50-иас доошгүй хувийг эзэмшинэ” гэсэн заалтыг Засгийн газар гэрээнд баталгаажуулж, хэрэгжүүлээгүй гэж буруутган мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг тодорхой оруулах санал гаргасан.

 

Энэ нь үндэслэлтэй боловч миний зүгээс бас учир дутагдалтай, арай өөр байх ёстой гэж үздэгээ эцэст нь хэлнэ. Тухайн гэрээ нь Монголд дэлхийн уул уурхайн тэргүүлэгчдийн нэг, нэр хүндтэй төлөөлөл болох “Рио Тинто” буюу гуравдагч орны хөрөнгө оруулалтыг оруулж буйгаараа ач холбогдолтой ч олон улсын гэрээний “хоёр талдаа харилцан ашигтай байх” гол зарчмыг хангаагүй гэж үзэхээр болсонд л хэргийн учир оршиж буй юм. Үүнийг хэд хэдэн үндэслэлээр нотолж болно. Үүнд:

1.    Монголын талын эзэмших хувийг 50-иас доошгүй гэдгийг өмнөх удирдлагууд тодорхой хэмжээгээр тохирсон байсан (Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ тухай нотолж, ярьж бичдэг)-ыг дордуулан 34- хөн хувь болгосон.

2.    Хамгийн гол нь өмчийн эзэн нь өөрийн эзэмшил хувиа худалдаж авахаар болсонд л энэхүү гэрээний гутамшиг оршиж буй юм. Ингэхдээ хүрвэл дэлхийн хөрөнгийн бирж дээрээс хэн ч, хэдэн ч хувийг худалдан авч болно оо доо!

Үндсэн хуулийн”… газрын хэвлий, түүний баялаг нь Монголын бүх ард түмний өмч байна” гэсэн утга бүхий алдартай заалтын эзэн нь өөрийн өмч болох 34 хувиа 1.7 тэр ам.долларын, тэгээд болоогүй бас арилжааны өндөр хүүтэй зээлээр худалдаж авч буй нь хатуухан хэлэхэд бараг л доромжлол гэлтэй. Зүйрлэж хэлбэл, ядарсан өвгөн, эмгэн хоёрын ганц идэшний шарыг нь гаргаж өгөөд, “хүсвэл хаа гуя-ны заримыг нь хүүтэй зээлээр өгч болох юм” гэж хэлж байгаатай утга нэг болжээ гэж бичиж байснаа давтмаар байна.

 
Ингэж Монголын тал хувь эзэмших болсноор нөгөө тал нь анхны ТЭЗҮ-д тусгасан 1.4, дараа нь 4.7 тэрбумын өрөнгө оруулалтын дүнгээ нэмж, гэрээ байгуулах үед 6.0 тэрбум гаруй гэж гүрийж байснаа 5.1 тэрбум болгон огцом хэлбэлзүүлж, одоо 6.2 тэрбум, цаашдаа Дэлхийн банкны харьяа Олон улсын санхүүгийн корпорац болон олон улсын бусад хэд хэдэн банкнаас 4.0 тэрбумыг зээлээд, бараг 10 тэрбум гаруй ам.долпар болгох гэж буй нь хэтэрхий өсгөсөн, зохиомол тоо болох нь ойлгомжтой бөгөөд судалгаа тооцоо ч үүнийг нотолж буй болно.

 

Үүний цаад зорилго нь хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаагүй байна гэх шалтгаанаар “давуу эзэмшдэг Монголын талд ногдол ашиг өгөхгүй байх далд арчаагүй санаа агуулж буй юм. Ийм байдлаар өөрсдийн боловсруулсан ТЭЗҮ-гээр 4.6 жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх маш ашигтай төсөл маань харин ч 2030 он хүртэл Монголын тал ямар ч ногдол ашиг хүртэхгүй ч байж болох тооцоолол байгаа нь үнэний ортой. Тийм л ашиггүй төсөл юм бол тэд юунд улайрна вэ?!

3.    Уул уурхайн хувьд улс орнуудын авдаг гол татвар нь роялти буюу нөөц ашигласны татвар байдаг. Энэ нь манайд тавхан хувь байгаа нь бусад орнуудтай харьцуулахад хамаагүй бага. Гэтэл гэрээгээр гадаад тал нь зөрүүлээд менежментийн төлбөр гэж борлуулалтын зургаан хувийг авч байхаар, түүгээр ч зогсохгүй НӨАТ, экспортын татвар төлөхгүйгээр тусгаснаас үүдэн борлуултаас Монголын тал ашиг бус харин ч алдагдал хүлээх болсон гэдэг шүүмжлэл үнэний хувьтай.

4.    Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг үнэндээ Оюутолгойн хөрөнгө оруулагчдын шахалтаар хүчингүй болгосон. Энэ нь зарим гаднынханы гар хөл бологчдын ярьдагчлан тийм ч хүн үргээх хууль байгаагүй юм шүү! Гол санаа нь өртөг зардалтай ямар ч холбоогүй дэлхийн зах зээлийн гэнэтийн өсөлт ба бодит үнийн зөрүүгээс нэмэгдэж орох ашигт л тогтоосон татвар байсан бөгөөд хамгийн гол нь энэ татварыг эцсийн бүтээгдэхүүнд бус хүдэр, баяжмал гэх мэт түүхий эдийн чанартай уул уурхайн борлуултаас авахаар 2007 онд Н.Батбаяр нар санаачилсан нь үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн зөв зүйтэй шийдвэр байсан юм. Ийм татвар дэлхийн олон оронд одоо ч байдаг. Харин түүнд алтыг нэмж оруулсан нь хууль тогтоогчдын буруутай алдаа байсан.
Энэ татварыг цуцлахдаа орлуулах татварыг бий болгох үүрэг авсан Сангийн яам үнийн өсөлтөөс хамаарсан өсөн нэмэгдэх роялти бий болгосон нь зүйтэй болно. Гэтэл энэ татвар болоод УИХ- аас нэгэнт урьд нь гаргасан 51 хувийн талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монголын Засгийн газраас гаргаж буй саналд “Рио Тинто” татгалзсан хариу өгчихөөд, манай зарим нийтлэлч болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөлслөн Оюутолгойн гэрээ Монголд маш ашигтай болсон мэтээр олон нийтэд буруу ташаа мэдээлэл цацсаар байгаа нь даруухан хэлэхэд инээдтэй юм. Энэхүү тэнэг хүн ч ялгаж салгачихаар, бас л дарууханаар нэрлэвэл “ухуулга сурталчилгаа”-ны дараахь хоёр тоог өнгөцхөн шинжилвэл:

- “Оюутолгойн нийт орлого (зарим сурталчилгаандаа мөнгөн урсгалын гэсэн)-ын 71 хувь нь Монголын талд ногдоно” гэх. Үүндээ бүх төрлийн ханган нийлүүлэлт, үйлчилгээний компаниуд, тэдгээрийн орлого, татвар, ажилчдын цалин, нийгмийн даатгал гэх мэт хаа хамаагүй, нарийн тооцох ч боломжгүй зүйлсийг оруулан тооцсон тоо гэж байгаа юм. Ашиг гэдэг нь орлогоос зардлыг хассан тооцоо болохоос бус өөрийн үйлдвэрлэлийн, тэр ч бүү хэл ямар нэгэн харилцаатай газруудынхаа өртөг зардлыг хамруулан тооцдог аргачлал бүр биш гэдгийг эдийн засгийн “А” үсэг заалгасан хэн ч гадарлахтайгаа.

-“Оюутолгой нь манай улсад одоогийн байдлаар 1,058 их наяд төгрөгийн татвар шимтгэлийн орлого төлсөн” гэх тухайд. Татварт 145 тэрбум, гаальд 368 тэрбум, урьдчилгаанд 250 сая ам.дол (буюу 325 тэрбум төгрөг), нийт 838 (зарим эх сурвалжаар 772) тэрбум төгрөг төлсөн, харин ч 3.0 тэр ам.долларын татварын өртэй, сүүлийн хоёр жил шахам тайлан балансаа өгөөгүй саатуулсан гэсэн албан ёсны мэдээ байна.

 

Үүний 513 тэрбум нь л татварын орлого болохоос биш тэр 250 сая ам.долларын урьдчилгаа бол дараа нь буцаан төлөх хүүтэй зээл тул манай цэвэр орлого биш гэдгийг хэн ч ойлгоно. Энэ дашрамд хэлэхэд, Оюутолгой нь цоо шинээр нээчихсэн ч бус, аль социализмын үед тогтоосон илэрц прогнозтой байсны дээр ердөө 50-хан мянган төгрөгийн хураамж төлөөд, өргөдөл өгөөд л хэн ч авчихаж болдог байсан хуулиар авсан лицензит талбай.

 

Дээр нь гадаадын хөрөнгийн бирж дээр бидний баялгийг ашиглан босгосон, бусдад дамжуулан худалдсан орлогоос манай улс одоог хүртэл ямар ч татвар авдаггүй хуулийн гажгийг даруй өөрчлөх шаардлагатай байна. Манай баялгийг барьцаалан бий болгосон мөнгийг өөрсдийн халааснаас гаргасан хөрөнгө оруулалт мэтээр загнаж буй нь дэндүү юм биш үү.

5.    Гэрээгээр тохирсон зарим заалтын биелэлтийн тухай:

-Төслийн нийт ажилчдын 90 хувь нь монголчууд байна гэсэн ч одоогоор нийт 12 мянган ажилчны 3000 хүрэхтэй үгүй нь л гэх (гэтэл тус компаний ерөнхийлөгч М.Камерон энэ тоогоо бараг 90 хувь гэдэг нь ойлгомжгүй) боловч тэд маань ихэвчлэн хар бор, туслах чанарын ажилчид гэх. Цалин хөлс нь ч гаднынхан 6000- 40 мянган ам.доллар авч байхад монголчуудад дунджаар  1.5 сая төгрөг л өгч буй нь “хэний нутаг дээр хэнийг доромжилж буй хэрэг вэ”. Энэ болоод бусад асуудлаар ТУЗ дэх 40 000 ам.долларын цалинтай гэх манай гурван нөхөр юу ярьдаг нь хачирхалтай!

-Тавантолгойг түшиглэн 2012 он гэхэд ДЦС байгуулах тухай амлалтаа Хятадаас цахилгаан авах шугамаар, мөн Сайншанд хүрэх төмөр замаа Хятадын хил хүрэх автозамаар солиод буйг юу ч гэж ойлгох юм билээдээ!
-Бас нэг санаа зовоож буй асуудал бол усан хангамжийн шийдэл. Үйлдвэрлэлд гүний ус ашиглахаар шийдвэрлэсэн нь (нөөц нь 10 жилд дуусна гэж буй) хэдэн мянган жилд ч нөхөгдөхгүй, ирээдүйд алтаар үнэлэхэд ч багадах. Гүний цэвэр усыг үгүй хийснээр байгаль орчин-экологид нөхөшгүй хохирол учруулж мэдэх байна.
-Эцсийн бүтээгдхүүн цэвэр зэс, молибден гаргах, алт,мөнгө цэвэршүүлэх гэх мэт үйлдвэрлэлийн талаар бүр дуугарахаа ч больжээ.

-Уурхайг дагалдуулан дэд бүтэц, барилгажилт, хот байгуулалтын талаар дорвитой ганц ч бүтээн байгуулалт хийгдээгүй байна. Угсардаг сендвичин хавтангаар босгосон үйлдвэрлэлийн байгууламж, монгол эсгий гэрэн кэмп тосгоноос өөр капитал бүтээн байгуулапт хийхгүй, Ханбогдод л ганц нэг хөрөнгө оруулна гэчихээд энэ талаар төлөвлөхгүй, дуугарахгүй байгааг юу гэж ойлгох вэ!

 
Монгол Улсыг маань хөгжүүлэх, монголчууд биднийг сайхан амьдруулж чадах энэ асар их баялгаа зөв эргэлтэд оруулах нь Монголын нийгмийн өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ бүхнийг цухас дурдаад санал болгох нь:

-Төр хувь эзэмших хэлбэрээр оролцох нь буруу гэж үзэж байгаа болно оо. Тэр тусмаа өөрийн өмчөө өөрөө худалдан авч эзэмшихээр бидний муу хэлдэг африкууд  ч өнөөдөр ингэж тохиролцохгүй гэж зарим хүн үздэг нь үнэнтэй. Төр хэзээ ч бизнест сайн менежер байдаггүй
Иймд төр хувь эзэмшихгүй, менежментэд нь оролцохгүйгээр харин бүтээгдэхүүн (орлого)-ий тодорхой(60 хүртэлх) хувийг бүтээгдэхүүн хуваах гэрээ болон роялтийн зарчмаар өмчийн эзний хувьд үнэ төлбөргүй авах нь зүйтэй талаар удаа дараа санал болгож буй: Харин хувьцааны хяналтын багцыг бусдад худалдах, байгаль орчин, дэд бүтэц, нийгмийн чанартай үндэсний эрх ашгийг хөндсөн цөөн асуудлаар төрийн зүгээс “алтан хувьцаа” -ны зарчмаар менежмен- тэд нь оролцох нь зөв.
Ингэснээр хөрөнгө оруулагч тал хэчнээн зардлаар яаж ажиллах нь сонин биш бөгөөд илүү дутуу зардал нэмж хаслаа гэж нэгнээ хардахгүй, элдэв маргаан ч гарахгүй, Монголын тал өмчийн эзний ёсоор авдаг юмаа авах сайн талтай. Энэ талаар яаралтай тохиролцоо хийх нь оройтоогүй, харин ч цаг хугацааны шаардлага болж байна.
Хайран ч Оюутолгой! Монголынхоо баялгийг худалдсан луйварчдын удам гэж үр хүүхдээ л зүхүүлэхгүй байх юмсан улстөрчид өө!
Б.Очбадрах доктор


URL:

Сэтгэгдэл бичих