Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-ын 9-р сарын  04-ний өдрийн хуралдаанаар баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль өнөөдрөөс /2012.11.15/ эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.

Энэ хуулийн дагуу 1990-2000 оны нийгмийн шилжилтийн жилүүдэд ажилласан жил нь тасарсан, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж ажилласан жилээ нөхөн тооцуулах  боломжтой болох юм.  Судалгаагаар 1990-1995 онд гурван зуун мянга орчим  хүн ажилгүй болсон бол 1995-2000 онд  долоон зуугаад мянган иргэний нийгмийн даатгалын шимтгэл нь тасарсан  байна.

 

Эдгээр иргэд өнөөдрөөс эхлэн  оршин суугаа харьяа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хандан хүсэлт гаргах юм. Ингэхдээ Иргэний үнэмлэх,  Нийгмийн даатгалын  дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр,  хэрэв хөдөлмөрийн дэвтэр байхгүй бол  ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шийдвэр эсвэл архивийн лавлагаагаар баталгаажуулсан дүүрэг сумын засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлэх юм.

 

Хүсэлтийг 2013 оны 8-р сарын нэгэн хүртэл хүлээн авах бөгөөд тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны 1-р сарын нэгнээс эхлэн олгоно.  Шимтгэлийг нөхөн төлөхдөө тухайн үеийн буюу  1995-2000 оны  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцно. Мөн  нэгдлийн малчин байсан хүмүүс   1990-1995 оны хооронд ажилласан  хугацаагаа нөхөн тооцуулах юм.

 

Энэ хууль хэрэгжснээр хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэд бүрэн тэтгэвэр авах, мөн ажилласан жил нэмэгдэх  болно гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих