Оюутолгойн гэрээ Ардчилсан намынхны үнэт зүйлийн урвалтыг гэрчиллээ

Ардчилсан намынхнаас ардчиллыг нэхэхээ больё. Учир нь, тэд ардчиллаас аль хэдийнэ урвачихсан. Үзэл бодолдоо үнэнч байгаа юу гэж шаардахаа ч байя. Учир нь, тэд ердөө зургаан сарын өмнөх байр сууриа бас л мартчихсан яваа. Ер нь тэднээс “Өөрийнхөө нэрийг санаж байна уу” гэж асууя. Арай ч бас “Намайг зөвхөн Сайд гэдэг гэж ” гэж ангайлгахгүй байх. Аав, ээж нь минь өгсөн юм гэж бодоод алдар нэрээ эрх биш хэлэх биз. Өөрөөр бол тэдэнд найдаад байх зүйл алга. Харин өөрийнх нь хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь нэхэн сануулж “Ой санамжаа эргэж олоход тань туслая” хэмээн чин сэтгэлээ дэлгэе. Харамсалтай нь, тэд ой санамжаа эргүүлэн авахаас татгалзаж магадгүй юм. Ой санамжинд нь үлдсэн үг хэлж, үнэн ертөнц нь одоогийн Ардчилсан намынханд таалагдахгүй байгаа болохоор тэр шүү дээ.

Уншигч та тунгаан бодоод үзээрэй. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд ямар байр суурьтай байлаа. Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юу гэж хэлж байв. Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэн байсан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдрийнх шиг үгээ нөөж, үзэл бодлоо нуудаг нэгэн байсан билүү. Сонирхолтой байгаа биз. Тэд өөрчлөгдчихөж. Та бид огт өөр хүмүүсийг УИХ-д сонгосон байтал тэдний оронд адил дүр төрхтэй хэрнээ огт өөр үзэл бодолтой орлон тоглогчид гишүүний бүрэн эрх эдэлж байгаа мэт санагдаж байна.

Наад зах нь, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг тэд юу гэж шүүмжилж байлаа даа. УИХ-ын сонгуульд өрсөлдөх үеэрээ сонгогч нэг бүрийн чихэнд “Би л УИХ-ын гишүүн болбол энэ гэрээг өөрчлүүлж чадна. Итгээрэй” хэмээн эрдэж байсан. Сонгогчид үүнд нь итгэж саналаа өгсөн. Тэдний үгэнд үй зайгүй итгэсэндээ “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ шиг луйврын гэрээ байхгүй юм байна” гэж дүгнэсэн. Тодорхой баримт дэлгэе.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг 2010 оны аравдугаар сарын 31-ны өдөр “Нийгмийн толь” сонинд “Манай сайд нар гэрээг хэлэлцэх үеэс эхлээд хөрөнгө оруулагчийн саналыг хамгаалсаар ирсэн. Үүний үр дүнд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварыг тэглэж, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацааг найман жилээр сунгах зэргээр дандаа хөрөнгө орулагчийн ашгийг нэмэг­дүү­лэхэд холбогдох хуульд өөрчлөлт оруулах төс­лийг Засгийн газраас санаачилж батлагдсан. Энэ байдлаас гэрээг байгуулсан сайд нар хэний талд үйлчилж  ирснийг харж болно. Харин УИХ-ын 57 дугаар тогтоол нь Монголын талын байр суурь байсан бөгөөд энэ тогтоолыг гэрээ байгуулахад сайтар баримталсан бол Монгол Улсын эрх ашиг хангагдах байв” хэмээн ярилцлага өгч байж. УИХ-ын дарга З.Энхболд ч тэр адилхан. Тухайн үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлагатайг хэлээд “Бид яагаад “УИХ-ын 57 дугаар тогтоолыг заавал биелүүл” гэж шахаад байна гээч. Олонхиороо шийдчихсэн зүйлийг Засгийн газар дураараа өөрчилж болохгүй учраас тэр. Тогтоол биелүүлэх хэрэгтэй. Бид бодитой, материаллаг хэр, хэмжээндээ л ярина уу гэхээс 34 хувийг бага байна гээд 340 хувь байвал сайн байх байсан” гэдэг хэмжээ хязгааргүй юм ярихгүй байгаа” гэж байв.

Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тухайд дээрх санаа бодлоо бүр ч хатуугаар илэрхийлж байсан. Түүнээсээ болж Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт адлуулж “тагнуулах, шалгуулах” дээрээ ч хүрч байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хувьд худалч хүнд дээрх гишүүдийн оюун санааны удирдагч байсан бөгөөд тэнгэр бурхны нэрээр хүртэл андгайлах нь холгүй эсэргүүцэж байсан нь саяхан.

Гол нь энэ гишүүд бүгдээрээ өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын 10 гаруй гишүүдийн хамт Засгийн газарт шаардлага хүргүүлж, “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчил” хэмээн хашгирч байсан нь саяхан. Гэтэл өнгөрсөн есдүгээр сард дахин УИХ-ын 24 гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхэд тэд байсангүй. Бидний мэдэх нөгөө С.Эрдэнэ, Н.Батбаяр, Д.Ганхуяг, З.Энхболд нь алга болчихож. Тэр ч битгий хэл УИХ-ын чуулганы танхимд өөрчлөх, эсэх талаар санал асуулга явахад тэд эсрэг кноп дарчихсан гэж байгаа. Ёстой л дээр зухас өгүүлсэнчлэн тэдний оронд огт өөр үзэл бодолтой хэрнээ, тунчиг адилхан орлон тоглогчид нь УИХ-д сууж байсан мэт санагдаж байлаа.  Магадгүй жинхэнэ С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Н.Батбаяр нар нь Засгийн газрын хурлын танхимд “Ерөнхий сайд аа, Оюутолгойн гэрээгээ өөрчлөхгүй бол бид энэ засгаас чинь гарлаа шүү” гээд сууж байсан байх. УИХ-ын дарга З.Энхболдын тухайд ч тэр адилхан. Тэр энэ их амбиц, энэ өндөр туршлагаа Ардчилсан намынханд зүгээр ч нэг ашиглуулж, УИХ-ын дарга гэдэг албан тушаалыг нь шан харамжгүйгээр  хашихгүй гэсэндээ “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг заавал өөрчлөх хатуу болзолтой даргын албыг чинь хашна шүү” гэж дарамталсан байх.

Би хувьдаа ингэж л найдаж байгаа. Хэрэв тэд энэ зэргийн шантааж үзүүлээгүй байгаад өнгөрсөн жилийн мөн өдийд битгий хэл гурван сарын өмнө УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр хэлсэн ярьснаа мартаагүй л бол ингэх л учиртай. Эс бол тэд нийтлэлийн эхэнд дурдсанчлан өөрийгөө гээчихсэн байх. Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нь гэхэд л арай хийж сайд болсон дээрээ  эрдээд үнэт зүйл, үзэл бодлоо гээчихсэн байх. Ядаж л түүний хувьд хэвлэл дээр гарч буй мэдээллийг харахад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах гэж сайдын суудлаараа дэнчин тавьж явснаас Байнгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийг эхнэр, хүү, охин, ах, дүү хамаатан садан өөрийн хувийн сургууль болох “Гурван тамир”-ынхаа багш нэрээр бүрдүүлэх нь илүү амин чухал хэрэгцээ нь болж хувирсан бололтой юм билээ. Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын хувьд ч нэг их дээрдээд байх зүйл үгүй нь ойлгомжтой. Өнгөрсөн удаад сайд болсных нь дараахан “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр “Д.Ганхуяг сайдын ганцаарчилсан тоглолт” нэртэй нийтлэлдээ түүнийг “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх бодлоосоо ухраагүй байгаа” гээд биччихсан биш Уул уурхайн сайдын эмзэг цэгийг хатгачих шиг болсон. Сандарсан сайд маргааш нь бүх өдөр тутмын сонин дээр мэдэгдэл гаргаж, “Би өөрчилнө гэж яриагүй” гэсэн залруулга хийлгэнэ билээ. Бүхэл бүтэн хоёр сарын өмнөх ярианыхаа эсрэг ийн мэдэгдэл гаргасан нь Д.Ганхуягийг сайд үзэл бодлоосоо урвахын дээдээр урвасан гэдгийг нь нотолж өгсөн. “Арай ч дээ” гэмээр тэдний энэхүү үзэл санааны урвалт нь үнэхээр ч “Ардчилсан намаас ардчиллыг, Ардчилсан намын лидерүүдээс шударга үнэн, чин сэтгэлийг эрж хайгаад эрлийн үзүүрт шар тос олно гэж байхгүй” гэдгийн нотолгоо юм. Харин үүний оронд урвалт, шарвалтынх нь балаг Монголд минь багахан шиг гай болоосой хэмээн чин сэтгэлээсээ залбирах шинэ залбирлыг та бидэнд өгсөн гэвэл илүү үнэнд нийцэх биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих