Сонгуульд анх удаа бүтэн хараагүй хүн дэвшжээ

Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль аймаг бүрт янз бүрийн л сонирхолтой содон зүйлтэй явж байгаа байхаа. Орхон аймаг Эрдэнэт хотын хувьд маш сонирхолтой эвсэл бий болсон байна. МАХН, ИЗНН, Эрдэнэтийн иргэний нийгмийн байгууллагууд нь эвсэж “Иргэний шударга ёс эвсэл”-ийг бий болгосон байх юм. Мэдээж дээрхи шиг эвсэл өөр аль аймагт ч байхгүй. Бас нэг Орхон аймгийн содон зүйл нь МАХН-ИЗНН Иргэний шударга ёс эвслээс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд  Зэст багт нэр дэвшигч Ц.Чинбат гэх хараагүй залуу байгаа юм. Орон нутгийн сонгуульд үүнээс өөр хараагүй хүн нэр дэвшээгүй нь бас л содон. Ц.Чинбат гэх энэ залууг сонирхолтой нь эрдэнэтчүүд төдийгүй монголчууд ихэнх нь танина. Ц.Чинбат хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө засгийн газартай 2003, 2007 онд тэмцэж байсныг нь монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэднэ. 2010 онд Архидалтын эсрэг монгол хүн бүр нэгдэцгээе үндэсний хэмжээний хөдөлгөөнийг бий болгож чадсаныг нь монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндрөөр үнэлж Төрийн дээд Алтангадас одонгоор шагнасан байдаг. Ц.Чинбат нь хараагүй хэдий ч түүнийг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. 2008 онд Ц.Чинбат орон нутгийн сонгуульд мөн л оролцож дарийн утаа үнэрлээд үзчихсэн нэгэн. 2012 оны орон нутгийнхаа сонгуульд Зэст багаас Ц.Чинбат нь ялж аймгийн иргэдийн төлөөлгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох хамгийн магадлатай нэр дэвшигчээр тодроод байна. Ц.Чинбат нь зорьсон зүйлээсээ ухарч няцдаггүй зан чанар нь түүний амжилтын үндэс ч байж болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих