Цасанд боогдох есөн тэрбумын сонгууль

Энэ сарын 21-нд болох орон нутгийн сонгуулийн ирц хуулинд заасан хэмжээнд хүрэхгүй болох бодит нөхцөл бүрдээд байна. 2012 оны есдүгээр сарын 14-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 69.8 хувийн саналаар батлагдсан Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  сонгуулийн тухай хуулиар энэ удаагийн  сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэн нэг болон олон мандаттай олонх “мажоритор” хэлбэрээр явуулахаар тогтсон.

Мөн аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар сонгуулийн санал авах өдөр нь  сонгуулийн жилийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гараг буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн  07:00-22:00 цагийн хооронд зохион байгуулахаар хуульчлагджээ.

Харин байгаль дэлхийн хууль УИХ-ын хуульд захи­раг­далгүйгээр цас, өвлийн хүй­тэн жавраар Монгол орныг нэлэнхүйд нь хучиж амж­лаа. Энэ удаагийн аймаг, сум, дүүргийн Иргэдийн тө­лөөлөгчдийн хурлын сон­гуульд есөн тэрбум төгрөг төсөв­лөсөн нь улсын төсөв, мөнгө хүндхэн байгаа үед тун ч үрэлгэн, харалган ажил мөн.

Хамгийн хачирхалтай нь, хур тунадас ихтэй, хатуухан өвөл болно гэж намрын эхэн сараас л зарлаад байхад эрхэм хууль тогтоогчид маань байгаль дэлхийн хуультай тэрсэлдэн байж арваннэгдүгээр сарын сүүлчээр орон нутгийн сонгуулийн товыг баталж, есөн тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ удаагийн сонгуулийг цасан хунгарт даруулж ч мэдэх эрсдэлийн өмнө авч ирээд байна.

Энэ сарын 19-нөөс 23-ныг хүртэлх цаг агаарын урьд­чилсан мэдээгээр 20-нд нут­гийн хойд хэсгээр, 21, 22-нд баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна гэсэн байна. Харин 21-нээс ихэнх нут­гаар эрс хүйтэрч, шөнөдөө 26-31, өдөртөө 15-20 хэмд хүрнэ гэжээ.

Өнөөдрийн байдлаар Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын сав газар, Завхан аймгийн зарим сум  25-40 см цасан бүрхүүлд хучигдаад байгаа ажээ.

Цаг агаар ийм байхад  аймаг, сумын төвөөсөө алслагдсан хөдөөгийн иргэд сонгууль болохоор л амь орж, элдэв амлалтаар залхаадаг энэ цагийн Мянгуужингуудын төлөө эрүүл мэнд, амь насаа золиослон байж саналаа өгөх нь юу л бол.

Нэг үеэ бодвол хөдөөгийн иргэдийн идэвх сэргэж, улстөрийн сонгуулиудад  хотынхноос илүүтэй оролцдог болсон. Гэхдээ л цас зуданд боогд­сон энэ үед улсын төс­вийн есөн тэрбум төгрөгт санаа зовнихдоо амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавихгүй байх эрх нь тэдэнд нээлттэй бий.

Нэг талаар төрийн бодлого, ажил хэргийг иргэдэд гардан хүргэдэг аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч нарыг сонгох улстөрийн хариуцлагатай ажил явагдах хэдий ч нөгөө талаар байгаль дэлхийн араншингийн өмнө хүчин мөхөсддөг бидний хувьд улсынхаа төсвөөс есөн тэрбум төгрөгийг сонгуулийн шоу болгоод, цасан шуурганд хийсгээд алдана гэдэг тун ч хайхрамжгүй үрэлгэн явдал мөн.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих