Оюутолгой аль хэдийнэ хөдөлчихжээ

Саяхан болтол улс, аймагтаа тэмээгээрээ гайхуулахаас өөр юмгүй байсан Өмнөговь аймгийн Ханбогд сум өнөөдөр олны хөлийн газар болжээ. Тус бүс нутгийг ангамал элсэн говь гэж ойлгох хүн бий. Очиж үзэхэд тийм биш ажээ. Сүрлэг хадан уулс, заг, хайлаасан ой гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар аж. Аймаг сумаасаа алслагдмал тус сумын Жавхлант багийн энэ нутагт нэгдэл нийгмийн мал адуулах хэдэн малчдаас өөр олны хараа булаах дорвитой юм байсангүй. Харин өнөөдөр ОюуТолгой гэж нэрлэгдэх энэ нутаг дэлхийн анхаарлын төв болсон гэж хэлж болохоор.

Энд барзгар ногоон чулуутай жижигхэн толгой байж. Түүнийг нутгийнхан эртнээс ОюуТолгой гээд нэрлээд иржээ. Чухам дор нь юу байгааг төдийлөн мэдээгүй. ‘”Гарамжав гэдэг нөхрөөс л болж төнхүүлж байгаа юм” гэж нутгийнхан ярьдаг гэсэн. Тухайн үед хайгуул хийж байсан компани нэлээд гүнд өрөмдлөг хийсэн ч олигтой үр дүнд хүрэлгүй машин техникээ хумьж ажлаа зогсоохоор төлөвлөж байтал геологич Д.Гарамжав энд нэг өрөмдөөд үзэхгүй юу гэж зөвлөснөөр асар их эрдэнэ хадгалагдсаныг гэнэт нээж том компаниудын шүлсийг савируулсан түүхтэй. Өнөөдөр бид Оюутолгойгоос ашиг хүртэх тухай хий мөрөөдөхөөс цаашгүй, тэнд чухам юу босч, бүтээгдэж байгааг төдийлөн мэдэхгүй. ОюуТолгойд хэр баргийн аавын хүү очиж ажиллах газар биш бололтой. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаагийн буянаар түүнийг үзэх завшаан тохиолоо.

Өдөрт 2-3 удаа онгоц бууж байна. Одоогоор ОюуТолгойд 12 компанийн 10 гаруй мянган хүн ажилладаг аж. Тэнд канад, америк, энэтхэг, малайз, орос, хятад гээд есөн хэлний хүмүүс байна. Тэдний бүх ажил ганцхан англи хэл дээр төвлөрдөг гэж хэлж болно. ОюуТолгойн эзэмших лицензийн талбай нь замбараагүй том юм. Тус уурхайд орж гарах хоёрхон хаалгатай. Манайхан дээр үед Оросын цэргийн анги руу орох гэж очдог байсныг санагдуулах билээ. Энд тамхи татахаас эхлээд бүх юм дэг жаягтай. Жолооч гэхэд хамт яваа хүнд аюулгүйн бүс бүслүүлээгүй бол сануулга авч байх жишээтэй. Ямар нэгэн зөрчил гаргаад дахин давтвал шууд л нутаг буцаана. Манай нийслэлийнхэнд санаа авууштай юм тэнд олон байна. Зургаан нэрийн бараа буюу архинаас бусдыг худалдах ганцхан дэлгүүртэй. Мөн нэг баар байдаг аж. Тэр нь долоо хоногт гурван удаа 19-21 цагийн хооронд онгойж нэг хүнд шар айраг хоёр лаазаас илүүг өгдөггүй гэнэ. Сул зогсож сэлгүүцсэн хүнийг олж харахгүй гээд бодохоор ямар их ажил өрнөж байгааг мэдэж болно.

Ажиллагсад нь 24 хоног уурхайд ажиллаад 14 хоног амарна. Ажилчид нь тод улаан өнгийн ажлын хувцастай. Холоос харахад олон лам хувраг шиг харагдах юм билээ. Эндхийн 10 мянга гаруй хүн өглөө, өдөр, орой нэг дор ази, европ, монгол хоолноос дуртайгаа сонгон хоололж байгаа нь бахархууштай. Хүний хэрэгцээт бүх зүйлийг хангаж өгч хүнээр ажил хийлгэнэ гэдгийг эндээс харж болно. Зарим нь бас цамаан гэнэ ээ. Ус муутай гээд савалсан цэвэр усаар толгой түрүүгээ угаадаг гэх яриа байна. ОюуТолгойд ажиллагсад байрандаа хоол хийж иднэ гэсэн ойлголт байхгүй. Хувцсыг нь хүртэл угаагаад өгдөг. Ханбогд сумаас хэсэг хүмүүсийг ажиллуулж өглөө авчирч оройд нь хүргэж өгдөг юм байна. Тэд голдуу үйлчилгээний ажил хийдэг гэнэ. Эндхийн ажилчид өндөр цалин аваад зогсохгүй төрөл бүрийн хангамж эдэлнэ. Бидэнд үйлчилсэн жолооч Г.Мөнхсайхан “Бид ч яах вэ өөрсдийнхөө амьдралыг болгоод авлаа. Бусад хүн энэ баялгаас хэрхэн хүртэх бол гэж бодохоос санаа зовдог юм” гэж ярина билээ. Үнэхээр тэгж бодогдохоор. ОюуТолгойд босч буй нэг бүтээн байгуулалт нь тохилог нисэх онгоцны буудал баригдаж байна.

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД АЖИЛДАА ЭЗЭН БОЛЖ ЧАДЖЭЭ
Манай эрхэм түшээдийг ОюуТолгойн гэрээг ашигтай ашиггүй гээд маргаж байх хооронд аль хэдийнэ галт тэрэг хөдөлчихжээ. Өдөрт 100 мянга, жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн барилга баригдаад дуусчихсан туршилтын ажил хийгдэж байна. Энэ нүсэр том байгууламжийг Хятадын хоёр компанийн 6000 хүн хоёр жилийн дотор барьж гүйцэтгэжээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 25 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай бол ОюуТолгойн үйлдвэр түүнээс том гэдэг нь ойлгогдож байна. Манай монгол инженерүүд үйлдвэрийн голлох ажлыг бие даан гүйцэтгэж байгаа нь бахархмаар. Баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженер М.Ганболд ажлаа мэдэж, тайлбарлаж байгаа нь хэн хүнд атаархах сэтгэл төрүүлэх аж. Түүнийг монгол талаасаа нэг дэх хүн нь гэнэ билээ. Тэрбээр ШУТИС төгсөөд АНУ, Канадад суралцсан гэсэн. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг туршихад нэг cap гаруй, үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэртэл зургаан сарын хугацаа шаардлагатай гэнэ.

Эхний зургаан жилд ил уурхайгаас хүдэр олборлох бөгөөд эхний гурван жилд нийт олборлох хүдрийн 90 гаруй хувийг ил уурхайгаас гаргах юм байна. Ирэх онд 650 мянган тонн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй, цаашдаа 700 мянгад хүргэх гэнэ. Энэ том үйлдвэрийг барихад зургаан тэрбум доллар зарцуулаад байгаа аж. Үйлдвэр жигдэрсний дараа баяжмалаа нөөцөлж байгаад экспортлох юм байна. Тээвэрлэлтийг зогсоохгүйн тулд эхнээсээ нөөцлөх аж. 40 шахам жил ашиглах тус уурхайгаас одоогоор таван сая орчим хүдэр олборлоод байна. Ил уурхайгаас гаргасан хүдрийг хоёр км урт туузан дамжуургаар баяжуулах үйлдвэрт хүргэнэ. ОюуТолгойн баяжуулах үйлдвэр нэг тонн хүдэр боловсруулахад 2,23 шоо/метр ус зарцуулах гэнэ. “Гүний хоолой” гэдэг 80 км газраас 0,38 шоо/метр усыг татаж усны нөөцийг 40 жилдээ хангалттай гэж үзжээ. Нэг тонн хүдрийг 30 гр алт, 60 гр мөнгө дагалддаг гэнэ.

ОюуТолгойн үйлдвэр 2013 оны эхний хагаст баяжмалаа экспортлох ажээ. Тус ордын ил уурхайн олборлолтыг хэдийнэ эхлүүлж 60 гаруй метр гүн өрөмджээ. Цаашдаа 550-600 метр гүн ухах юм байна. Ил уурхайд 60-120 тоннын даацтай том машинууд ажиллаж байна. 120 тоннын асар том хутгагч нэг удаадаа хэд хэдэн жижиг машинд хуваагаад хийчихэж байна. Тус үйлдвэр 2017 онд бүрэн хүчин чадлаараа ажиллахад дэлхийд тавд орох үйлдвэр болох юм гэнэ. Гүний уурхайн цооног дээр 35 давхар барилгатай тэнцэх өндөр цамхаг барьж байна. Уурхай доошоо 1000 гаруй метр гүн дөрвөн хэсэг рүү салаалан ухаж хүдэр гаргах гэнэ.

Оюутолгойд 220 кВт-ын хос хэлхээтэй шугамыг хэдхэн хоногийн өмнө холбосон нь үйлдвэр ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Хоёр жилийн өмнөөс “Оюу толгой” төсөлд эрчим хүчний хангамжийн асуудлыг хариуцан ажиллаж буй “Энержи интернатионал” компанийн ашиглалтын менежер Л.Цэндийн хэлснээр одоогоор урд хөрш Өвөр Монголын Баяннуур аймгаас 200 км-ээс 12 мВт-ын эрчим хүч импортоор авч байгаа гэнэ. Үүнийг зөвхөн туршилтын хугацаанд авч байгаа хэмжээ гэсэн. Баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход эхний ээлжинд 100 мВт-ын эрчим хүч авах гэнэ. Одоогоор дизель станцын хэрэглэгчдийг дэд станц руу үе шаттайгаар шилжүүлэх ажил хийгдэж байгаа юм билээ. Харин тус дэд станцын заавар журам бүх үйлдэл нь хятад хэл дээр явагдах гэнэ. Тэгэхлээр тус компанийн ажиллагсад хятад хэлтэй байх шаардлагатай болж байна. Цаашдаа цахилгаан станц барих зөвшөөрлийг Засгийн газар өгсөн гэж яриад байгаа. Өөрсдөө V станц барина гээд одоо болтол чадахгүй байгаа улс хүнээр л бариулах гэсэн санаа байх даа. Хэлцэл хийж урд хөршөөс цахилгаан импортлоод эхэлж байгаа компани өнөө маргаашдаа л лав барихгүй нь тодорхой.

ОЮУТОЛГОЙ ХОТ, ТОСГОН БИШ ЕРДӨӨ Л ҮЙЛДВЭР
Манайхан айлын хотноос хөрзөнг нь ховхолж авахдаа хэзээ л саравч барьж өгч байлаа даа. Түүн шиг хүний хүн хөрөнгөөрөө үйлдвэр барьж аль хэрэгтэй юмаа авчихаад урамшуулал болгож хэдэн мөнгө өгчихөөд явахтай зүйрлэж болохоор. Бид Оюутолгой гэж Эрдэнэт шиг том хот босох нь гэж ярьдаг. Тийм биш ажээ. Тэнд цэцэрлэг, сургууль байх шаардлага алга. Үйлдвэр бүрэн ажиллаад эхлэхэд одоогийн 10 мянга гаруй ажиллагсад 3000 болж цөөрөх гэнэ. Яагаад гэхээр үйлдвэрийн бүх ажиллагаа автомат, зөвхөн дэлгэцээр харж удирдаж байх юм байна. Зөвхөн үйлдвэрт нь 800 орчим хүн ажиллах бөгөөд зарим инженер нь “Рио Тинто”-гийн уурхайнуудад мэргэжил дээшлүүлжээ.Мэргэжлийн ажиллах хүчин хангалттай бэлтгэгдсэн гэнэ. Нийт ажиллагсдын 90 хувь нь манай талаас байна гэдэг нь ортой аж. Ажилчид нь хотоос ээлжээр ирж очиж байх нь ээ. Тэгэхээр бид Ханбогд сумын “Оюутолгой” үйлдвэр гэж ярьж занших хэрэгтэй болж байна.

Н.Лхагвасүрэн

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих