Хөшөөтийн уурхай дахь хөшилдсөн луйвар

Коксжих нүүрснийхээ нөөц, чанараар Таван толгойн дараа орох нь тодорхой болоод байгаа Хөшөөтийн нүүрсний ордод хятадууд аль хэзээний эзэн сууж, өөрсдийн ноёрхлоо тогтоогоод байна. 1971 оноос эхлэн энэ уурхайг ашигласан түүх бий. Тухайн үед улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуул судалгаагаар 24.3 сая тонн нөөцтэй хэмээн тогтоогдож байсан. Хориод жилийн дараа 2007 онд дахин хийсэн нөөцийн хайгуулаар 306.1 сая тонн нүүрс байгааг илрүүлжээ. Үүнээс 180 гаруй сая тонн нь коксжик нүүрсний баялагтай байх магадлалтай гэж гарсан нь одоо тус ордыг эзэмшиж буй хятадуудыг юу ч хийхээс буцахгүйд хүргээд байна. Тийм ч учраас тэд Хөшөөтийн хөндийд 100 тоннын хүнд даацын машин явахад зориулан 340 км зам зүгээр ч нэг тавиагүй нь тодорхой. Тэд Хөшөөтийн ордод долларыг хэдэн зуун тэрбумаар нь хаяж эхэлсний жишээ энэ. Хятадууд зүгээр нэг ууланд гарц гаргаад хэдэн тэрбумаар нь хөрөнгө хаях хүмүүс мөн үү. Монголын хаа байсан баруун хязгаарын алс хөдөөд хөрөнгөө үл хайрлан цацаж эхэлсэн нь цаанаа учиртай. Тэд Хятадын Шинжааны хилээс Монгол Улсын хил хүртэл төмөр зам, Монголын хилээс Ховдын Дарви сумын Хөшөөтийн уурхай хүртэл асфальтан зам тавихаар төлөвлөсөн.

Түүний эхлэл нь энэ зам. Хөшөөтөөс Хятадын хил хүртэл хэдэн арван тонноор нь нүүрс зөөх хүнд даацын машин явахад зориулагдсан асфальтан замыг тавиад үндсэндээ дуусчээ. Энэ замын зөвхөн нэг км-т доод тал нь 200 сая төгрөг зарцуулсан гэнэ. Барагцаалбал Шинжааны хилээс Хөшөөт хүртэлх замд 62 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэж байгаа.  Цаашаа бас төмөр зам тавих юм байх. Хөшөөтийг л ашиглахын тулд ийнхүү тоймгүй их хөрөнгө зарцуулахын учир юу вэ. Хөшөөтийн ордыг Монголын эрх мэдэлтнүүд нь “жижиг” хэмээн голдог ч хятадууд бусдад алдахыг хүсэхгүй байгаа нь Хөшөөт жирийн нэг орд биш нь хэнд ч ойлгомжтой. Харин яагаад манайхан урд хөршийнхний шүлсээ унагаад байгаа энэ нүүрсний ордыг жаахан гэж голно вэ. Зөвхөн энэ замаар л жишээлэхэд өнөөдөр Таван толгойд тавигдаагүй байгаа энэ зам Хөшөөтийн уурхай хичнээн хэмжээний нөөцтэй болохыг хэлж буй биш үү. Гэхдээ Хөшөөтийн уурхайн нөөц нийтэд заргалдаж байгаагаасаа хэд дахин их гэлцдэг. Энэ ч үнэний ортой. Учир нь хоёр жилийн өмнөөс хувьцаа нь Хонконгийн бирж дээр хууль бусаар зарагдаж эхэлсэн Хөшөөтийн нүүрсний уурхайн танилцуулгад уг ордыг 4.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн байв. Тэгвэл хөшөөтийн орд нь 6.6 тэрбум тоннын нөөцтэй гэгдээд байгаа Таван толгойн дараа орж буй Монголын хоёр дахь том коксжих нүүрсний орд болж байгаа юм. Гэвч Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн орд газарт оруулах нь байтугай өнөөдрийг хүртэл хэдэн хятадуудын мэдэлд өгөөд буй шалтгаан цаанаа ямар учиртай юм бол. Хөшөөтөөс саяхан 240 тонн нүүрс хууль бусаар гаргасан. Түүнийгээ “нүүрсний дээж” хэмээн тайлбарлаж буй. Ийм их тонн нүүрсийг аль ч улс дээж хэмээн гаргадаггүй юм билээ. Манайд бол юуг ч харийнхан өөрийн дур сонирхлоор хийж болдог жишээ энэ буюу. Үүнийг аймгийн Засаг дарга нь мэдээгүй байсан гэдэг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Улсын мэргэжлийн хяналтынхан тус уурхайд 650 сая төгрөгийн акт бичсэн байх юм. Энэ бол бүтэн гурван сумын жилийн төсөв.

СТРАТЕГИЙН ОРДОД ОРОХГҮЙ БАЙХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн их хэмжээний нөөцтэй ордуудыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт оруулж, эзэмшлийн хувийг ч Монголын ард түмэнд ашигтайгаар тогтоохыг хуульчлахаар УИХ хэлэлцэж Таван толгойн орд газрыг стратегийн ордод оруулахаар болсон. Уг ордын хувьд 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн яригдаж Монголын ард түмнийг хэдэн үеэр нь тэжээх их хөрөнгө болох нь тогтоогдоод байгаа. Гэтэл үүнтэй эн зэрэгцэхүйц Хөшөөтийи ордыг өнөөдрийг хүртэл хав дарж, хятадуудад эзэмшүүлсээр байгаа нь олны анхаарлыг аргагүй татаад байгаа юм. Магадгүй Таван толгойн орд шиг ард түмний өмч болгохгүй байх сонирхол эрх мэдэлтнүүдэд бий учраас энэ тухай бүтэн гурван жил ярьж байгаа ч байж болох юм.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон нэр бүхий 13 нүүрсний ордыг Стратегийн орд газарт оруулах тухай тогтоол байна. Уг тогтоолд “Өвдөг ухаа”, “Хар тарвагатай” гээд “Хөшөөт”-тэй ойролцоо нөөцтэй ордуудыг төр “хамгаалалтад” авахаар санал оруулжээ. Гэтэл Хөшөөтийн ордыг энэ жагсаалтад оруулалгүй сугалж үлдсэн байх юм.

Тэгэхэд Өвдөг худагийн нүүрсний ордыг социализмын үеийн судалгаагаар 21 сая тонн, Увс аймгийн Өмнөговь сумын нутагт байх Хар тарвагатайн орд 23 сая 430 тонн, Хөвсгөлийн Цэцэрлэг сумын Могойн голын орд 14 сая 140 тоннын нүүрсний нөөцтэй нь тогтоогдон одоо ашиглагдаж байгаа. Гэтэл Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн орд 306 сая 1 тонн (4.4 тэрбум тонн)-ын нөөцтэй ч стратегийн ордод оруулахыг эрх мэдэлтнүүдээс хэн нь ч хүсэхгүй байгаа. Үүний цаана хэний, ямар эрх ашиг байна вэ.

ОРДЫГ ЭЗЭМШИГЧ “МО ЭН КО” ГЭЖ ЯМАР КОМПАНИ ВЭ

“Мо Эн Ко” компани нь Хонконгт байрладаг “Монголиа Энэржи Корпорэйшн” олон улсын хөрөнгө оруулалттай компанийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан охин компани бөгөөд Удирдах зөвлөлд нь Америк, Хонконгийн иргэд байдаг аж. Хувьцаа эзэмшигчдийнх нь дотор монгол иргэд байдаггүй гэнэ. Ховд аймагт ашигт малтмалын 13 тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компанийн эзэн нь БНХАУ-ын иргэн аж. Түүнийг Лю Чэнг Лин гэдэг юм байна. Энэ хүн эх газрын Хятад буюу жинхэнэ хятад үндэстэн гэнэ. Эх орондоо авлигын хэрэгт холбогдон цаазаар авахуулах ялаар шийтгүүлж байжээ. Гэвч тэрбээрЛю Ай Данг нэрээ дээрх нэрээр өөрчилсөн байна. Түүний ямар аргаар ялаас мултарч хэрхэн нэрээ сольсон нь төвөгтэй асуудлын нэг гэнэ. Тэр Монголын эрчим хүчний хувьцаа эзэмшигчдийн хувьцааны 25 хувийг эзэмшдэг байна. Тэрбээр Хонконгийн иргэн гэж явдаг. Уул уурхайн нэрлэсэн зургаан компанитай. Чухам ямар замаар Монголын уурхайн хайгуулын эрхийг авсан нь бүрхэг байгаа юм. Мөн Лю Чэнг Линийг Монголд суух өргөмжит консулаар томилох асуудлыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмон зүтгүүлж байсан гэх яриа ч газар авч буй юм. Энэ компанитай байнга нэр нь холбогддог эрхмүүд бол Байгаль орчны сайд асан У.Барсболд, одоогийн Монголбанкны ерөнхийлөгч П.Пүрэвдорж нар юм. Тэд хэдийгээр тус компанийнхантай холбоогүй хэмээгдэх ч эх сурвалжууд болон Ховд нутгийнхан тэдний талаар онцлон ярих юм билээ. Энэ компани нь Ховд аймгийн газар нутгийн ихэнх хэсэгт буюу ашигт малтмалын арвин нөөцтэй хамгийн гол сумдад тус бүрт нь 3-7 лиценз эзэмшдэг гэнэ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгиин хэмжээнд хоёр сая 154 мянга га газарт 186 ширхэг лиценз олгосон гэсэн баримт байдаг бөгөөд “Мон Эн Ко” компани эдгээр лицензийн ихэнхийг эзэмшдэг аж. Хятад эзэнтэй, Хятадын компани гэдгийг ховдынхон бүгд мэддэг. Энэ компанийн цаана Монголын эрх мэдэл нэр нөлөө бүхий улстөрчид ч бас бий. Юутай ч Монголын өмнөд хилийн аймагт монгол, канад эзэдтэй Таван толгой, Оюу толгойн ордууд нэг хэсэг дуулиан тарьж байсан бол харин баруун хязгаарын Ховдын Хөшөөтийн орд ийнхүү хятадуудын гарт талхлагдаж дуусах нь. Хөшөөтийн уурхайг хамгаалах эзэн хайхрах хүн байдаг бол одоо л тус газрыг хараандаа авч стратегийн орд газрын тоонд оруулах цаг иржээ. Үүнийг дан ганц иргэний хөдөлгөөнийхөн хэлж, тэмцээд нэмэргүй гэдэг нь тодорхой. Хөшөөтийн ордыг өөрийн болгох гэж улайрсан хятадууд, стратегийн орд газарт багтаахгүй гэж зүтгэсэн улстөрчид уурхайг хөшилдсөн луйвар дунд бүдгэрүүлж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих