Эмч нар өргөсөн тангаргаа умартав уу, эсвэл үл ойшоов уу

Ард түмнийхээ төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангарагласан эмч нарыг бид цагаан нөмрөгтэй, ариун гартан хэмээн хүндэлдэг. Иргэдийнхээ эрүүл энхийн манаанд нойр хоолоо умартан зүтгэж, айл бүрт аз жаргал авчирдаг хэмээн итгэдэг учраас эмч нарыг бид ийн дээдлэн хүндэлдэг юм. Гэтэл сүүлийн үед эмч нарыг хүний зовлонгоор мөнгө олдог болсон гэх яриа чих дэлсч, цагаан нөмрөгтэй эрхмүүд өргөсөн тангаргаа умартав уу, эсвэл үл ойшоов уу гэмээр бодол тээхэд хүргэлээ. Тэр дундаа төрөх эмнэлгийн эмч нартай холбоотой гомдол тасрахгүй бөгөөд эх баригч эмч нар мөнгө өгсөн нэгнийг нь зүдрээлгүй төрүүлээд мөнгөгүйг нь зөнд нь орхидог гэх гомдол гарах болоод байгаа. Гэтэл яг энэ асуудалтай зэрэгцэн манай сонинд Болормаа гэх эмэгтэй хандсан юм. Тэрбээр хоёрдугаар төрөх эмнэлгийн эмч нарт тун ч гомдолтой буйгаа хэлж, насанд хүрээгүй охин нь жирэмсэн болж улмаар дутуу төрөх гээд хоёрдугаар төрөхөд очсон биш гэмт хэрэгтэн хэмээн ад үзэгдэж, улмаар 50 мянган төгрөг төлөн байж эмнэлгээс гарсан тухай ярьсан юм.

-Энэ явдал яг хэзээ болсныг та дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Есдүгээр сарын сүүлчээр охины бие гэнэт өвдөж цус алдсан юм. Би сандарсандаа түргэн дуудаж, Яаралтай түргэн тусламжийнхан ч маш хурдан охиныг минь “Зулбах гэж байна” гээд харьяаллын дагуу II төрөх эмнэлэг рүү авч явсан юм. Биднийг тэнд очиход нэг эмч намайг дуудаад “Насанд хүрээгүй хүүхдээ хараа хяналтгүй байлгасан. Замбараагүй заваан юмнууд. Та нар хүн амины хэрэг хийлээ. Цагдаад мэдэгдэнэ” гээд элдвээр загнасан. Үнэндээ би охиныгоо жирэмсэн байсныг мэдээгүй нь буруу л даа. Миний хувьд бие муутай болохоор байнга эмнэлгээр яваад хүүхдэдээ хараа хяналт тавиагүй нь ч үнэн. Гэтэл эмч нар намайг элдвээр доромжилж мөнгө хүртэл нэхсэн нь гайхшрал төрүүлээд байна.

-Эмч нар таныг яагаад тэгж буруутгаад байсан юм бэ. Бас мөнгө нэхсэн нь ямар учиртай юм?
-Хүүхдээ албаар зулбуулсан гэж ойлгосон юм байлгүй. Хэрвээ би охиндоо албаар эм, тариа хэрэглүүлээд зулбуулсан бол эх хүний хувьд хариуцлага хүлээж чадна. Даанч надад тийм зүйл байхгүй. Тэр ч бүү хэл эмчилгээ, үйлчилгээ нь тун тааруу санагдсан. Наад зах нь охиныг маань очиход эм тариа хийхгүй. Би 20 мянган төгрөгийн эм тариа гаднаас авч хийлгэсэн. Уг нь түргэнээр ирсэн хүнд бүх эм, тариаг дотроос хийдэг гэж ярьдаг юм билээ. Би энэ тухай сайн мэдэхгүй учраас нэхсэн бүх эм, тариаг нь гаднаас авсан.

-Танаас мөнгө нэхсэн нь ямар учиртай юм бэ?
-Намайг 8:00 цагт хоол цай аваад очтол охин минь уйлчихсан гарч ирсэн. Тэгээд “Эмч нь намайг хүний амь санаатайгаар бүрэлгэсэн хэргээр цагдаад өгнө. Чи тэгэхийг хүсэхгүй байгаа бол 50 мянган төгрөг төлөөд эмнэлгээс гар” гэж хэлсэн гэж байсан. Гэтэл төд удалгүй Ваанчигдорж гэдэг эмч надтай уулзаад “Дахиад ийм асуудал гарвал бид хариуцахгүй. Шүүх цагдаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд би нэхсэн 50 мянган төгрөгийг нь төлөөд өдөржингөө хүлээж байж 15:00 цагийн үед охиноо аваад гарсан юм. Тэр эмч надад мөнгө авсан талаар ямар ч баримт өгөөгүй, юуны төлбөрийг нь ч хэлээгүй. Бас охиныг минь эмнэлгээс гарах үед ямар ч үзлэг хийгээгүй гэсэн.

ҮЙЛЧИЛГЭЭ МУУТАЙ ХҮЛЭЭН АВАХЫН ЭРГЭН ТОЙРОНД
Энэ гомдлын мөрөөр бид II төрөх эмнэлэгт очсон юм. Биднийг очих үед тус эмнэлэгт засвар хийж байсан бөгөөд эмч сувилагч нар нь завгүй хэмээн харагдахгүй байлаа. Хүлээн авахаар ортол давчуухан жижиг өрөөнд хүмүүс багтаж ядан зогсож байсан бөгөөд будагны үнэрт мансуурмаар байсныг нуух юун. Энд байсан хүмүүс ч “Бид будагны үнэрт ингэж байхад эх, хүүхдүүдэд ямар байх нь ойлгомжтой” хэмээн гайхширч их л бухимдацгааж байлаа. Тус эмнэлгийн үйлчилгээ тун тааруу гэдгийг Хүлээн авах тасгаас нь харж болохоор байлаа. Учир нь тэнд ирсэн хүмүүс шинэ төрсөн ээжид шөл цайгаа халуун дээр нь өгчихсөн гэж яарах ч, түүнийг нь зөөгөөд өгөх сувилагч, асрагч гэж хүлээн авахын үүдэнд харагдаагүй. Нэгдүгээр давхрын өрөөнд хэвтдэг эхчүүд цонхоо онгойлгоод хоол цайгаа авч байсан. Энэ үеэр тэнд байсан Д.Наранцэцэгтэй уулзахад “Үйлчилгээ муу байна. Дүүдээ хоол өгөх гэж нэлээд юм боллоо. Үүдэнд нь хоол зөөж өгөх хүн алга. Дуудуулж байж нэг юм гарч ирэх юм. Хүлээн авах нь давчуухан. Дүү маань урьд шөнө төрсөн. Өнөөдөр гар гэж байна. Бие нь гайгүй болоод гаргаж байгаа юм байлгүй. Ер нь тэгээд будагны үнэрт байж байхаар эртхэн гарсан нь дээр байх” хэмээв.

С.АРИУНГЭРЭЛ: ТЭР ЭМЧ “БИ МӨНГӨ АВСАН” ГЭЖ ХЭЛЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ
Бид II төрөхийн дарга нартай нь уулзахаар хэд дахин очсон. Эмнэлгийн дарга завгүй гэсэн тул түүнийг хүлээх зуураа санал хүсэлтийн дэвтрийг нь сонирхлоо. Баярласан талархсанаа илэрхийлсэн сэтгэгдэлүүд цөөнгүй байсан ч гомдол мэдүүлсэн нь түүнээс олон юм. Тухайлбал, “II төрөхөд манай эгч төрөх гэж байна. Нэг эрэгтэй эмч нь “гар хараад” байгаа юм болов уу гэж бодогдлоо. Дэндүү хүнд сурталтай юм аа. Сувилагч нараас нь юм асуухаар дуугарч ядаад, хариулах ч үгүй юм” гэж бичсэн байв. Бас нэг иргэн Солонгын ар гэрээс гээд “2012 оны аравдугаар сарын 23-ны 03:54 минутад миний охин төрлөө. Өглөө 9:00 цагт охиноо эргэж ирэхэд 18:00 цаг хүртэл ямар ч эмч орж ирж үзлэг хийгээгүй гэх юм. Хайхрамжгүй байснаас болж эхэд нь ямар нэг хүндрэл учирч болзошгүй шүү дээ. Эмнэлгээс гарсны дараа саванд нь шавхарга үлдэх, халуурах зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай байдаг гэсэн. Төрсөн эхэд ямар ч үзлэг хийхгүй гаргаад явуулчихдаг юм болов уу. Би ойлгохгүй байгаа учир тайлбар хийж өгнө үү” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байлаа. Удаан хүлээсэн ч даргатай уулзах боломж гарсангүй. Тиймээс тус эмнэлгийн Чанарын албаны дарга С.Ариунгэрэлтэй уулзахаар болов.

-Танай хүлээлгийн өрөөнд нэлээд удаан зогслоо. Засварын ажил хийж байгаа болоод тэр үү будагны үнэр таагүй байна. Энэ нь эх хүүхдэд хортой биш үү?
-Улсаас ирсэн тушаалын дагуу засвар хийж байгаа. Гэхдээ хэсэгхэн газар хийж байгаа юм. Хоёр цаг тутамд агаарын цацлага хийж байгаа учраас эх, хүүхдэд хор нөлөө байхгүй. Тусгаарласан учраас будаг үнэртэхгүй гэж ойлгож болно.

-Танай эмнэлгийн Ваанчигдорж гэж эмч насанд хүрээгүй охин зулбаад ирэх үеэр “Чамайг хүний амь санаатайгаар бүрэлгэсэн хэргээр цагдаад өгнө. Үгүй гэвэл 50 мянган төгрөг төлөөд гар” гээд мөнгө авсан байх юм?
-Би тэр эмчтэй уулзаж ярилцана. Гэхдээ энэ хүн мэдээж би мөнгө авсан гэж хэлэхгүй нь тодорхой. Тиймээс та нарт энэ талаар тодруулж өгнө гэж хэлж чадахгүй. Ер нь үүнийг сонин сэтгүүлээр бичээд шийдвэрлэчихдэг асуудал биш. Манай эмнэлэгт “Чи мөнгө өгөхгүй бол хагалгаа хийхгүй” гэж хэлэх эмч байхгүй гэж бодож байна. Иргэд өөрсдөө талархсан сэтгэлээ илэрхийлж, мөнгө төгрөг, чихэр жимс өгчихөөд дараа нь биднийг муулдаг. Иймэрхүү асуудлыг баримттайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Түүнээс биш ам дамжсан яриагаар эмч нарыгаа буруутгаж “Чи мөнгө авсан байна” гэж гүтгэж болохгүй. Хүн хүч муу байгаагаас эмч нар ачаалал ихтэй ажилладаг.

-Ксерова хагалгаа хийсний дараа мөнгө авдаг гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Төлбөртэй үйлчилгээ юм. 4D болон хүйс тодорхойлох эхо зэрэг нь төлбөртэй байдаг. Гэхдээ тэр тохиолдолд заавал баримт бичиж өгдөг. Баримт өгөөгүй тохиолдолд иргэд нэхэж авах эрхтэй. Ксерова хийсний дараа ямар ч мөнгө авдаггүй.

Тэрбээр ийн хэлээд насанд хүрээгүй охиныг ээжтэй нь хамт дарамталж мөнгө авсан хэргийг ямар ч байсан тодруулна хэмээсэн юм. Гэвч тэрбээр ядарсан нэгнээс мөнгө нэхдэг эмчтэй ямар хариуцлага тооцох тухай ганц ч үг хэлээгүй төдийгүй, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд рүү буруу тохсон нь харамсалтай санагдсаныг нуух юун.

Г.Ууганзаяа

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих