Төөрсөн Улаанбаатар

-Өнөөдөр улсын нийслэл Улаанбаатар хот маань төөрсөн хот болчихоод байгаатай уншигч та санал нийлэх үү?

Саяхан гудамжинд явж байтал нэг охин хүрч ирээд ‘‘Ахаа, 32-ын тойрог” гэж хаана байдаг юм гэж асуулаа. Хэдийгээр дотроо ийм юм мэддэггүй байх гэж бодож байсан хэдий ч яг бас тодорхой заагаад өгье гэтэл “Долоон буудал руу явдаг замд, хүнсний IY дэлгүүрээс дээшээ яваад…100 айл ордогийн уулзварт” гээд өөрөө хөглөхдөө тулав. Үүнд гайхах хэрэггүй. Хот маань тогтсон албаны хаяг, нэр, лавлахгүй учир тэр.

 

Юм асуусан охины хувьд түүнийг Эрдэнэт юм уу Дарханаас хотод ирсэн, эсвэл хөдөө өссөн, за, хотод төрсөн байлаа гэхэд тухайн орчноосоо холдож үзээгүй, гэр хороолол мэдэхгүй хүн байна даа гэж бодоод өнгөрөхөөс өөр аргагүй болж байна. Улаанбаатарт оршин суугч бид хотоо мэддэггүйн бас нэг жишээг хэлье. Саяхан нэг телевизээр хөтлөгч хүүхэн, залуу хоёр тухайн өдөр болох үйл явдлын талаар танилцуулж байна аа. …

 

“Өнөөдөр “Улаанбаатар хөгжлийн төв”-д номын баяр болох тул үзэгч та бүхнийг урьж байна” гээд л. Гэтэл хамгийн гол мэдээлэх зүйл болох “Улаанбаатар хөгжлийн төв”-өө хаана байдгийг тэд өөрсдөө ч мэддэггүй ээ. Тэр нь уг нь бидний хэлж заншинаар “Улаанбаатар банк” байрладаг шилэн барилга аж.
…Хөдөөнөөс ирсэн залуу Сүхбаатарын талбайгаа байг гэхэд “Их дэлгүүр” хаана байдгийг мэддэггүйн дэргэд эхний хоёр жишээ юу ч биш бололтой. Ер нь нийслэл хотоо мэддэггүй нь хөдөө өссөн залуугийн буруу бас байхгүй мэт. Гэхдээ эхний жишээ болох телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч хөтлөгчдийн хувьд эрх биш хотоо мэддэг баймаарсан…
Улаанбаатар маань улсын нийслэлээсээ илүү, хөгжил, суурьшлаа дагаад өдрөөс өдөрт өргөжин тэлж, оршин суугчид нь саяас хол даван, түм бужигнасан амьдрал нь өдөр шөнөгүй үргэлжилдэг мегаполис хот хэдийнэ болчихсон. Гэтэл энд газрын зураг биш юмаа гэхэд хотын лавлах товчоо маягийн газар байхгүй, гудамж талбай нь албаны хаяггүй, нэршиж тогтоогүй, “Ард” кинотеатр (одоо байхгүй), “Ардын Эрх”-ийн буудал, “Мэргэжилтний 20”, Долоон буудал, 100 айл, “Хороолол” (III хорооллыг ингэж хэлээд заншчихсан. Өөр хороолол байхгүй юм шиг) Толгойт, Орбит, “22-ын товчоо” гэж хэлэхээс хэтрэхгүй, хэдхэн тоймтой газраараа баримжаалдаг хэвээрээ байна. Нэг ёсондоо улсын нийслэл Улаанбаатар хот маань иймэрхүү төөрсөн хот болчихоод байна…

 
Төөрсөн хотыг яаж төрлийн болгох вэ? Саналаа хэлье. Юуны өмнө улсын нийслэлдээ тойрон аялал хөгжүүлье. Үүнийг хүүхэд багачуулаас эхэлье. Тэднийг нийслэл хотоороо тойрон аялуулахдаа зөвхөн түүх-соёлын газруудаар оруулж таниулахаас гадна оршин суугаа дүүрэг, хороолол, хороотой нь танилцуулж, “Чи хаана оршин сууж амьдардаг вэ?”, “Чиний оршин суугаа гэр, байшингийн дэргэд юу юу байрладаг вэ?” гэсэн хичээлийг ерөнхий боловсролын дунд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулж энэ талаар хүүхдүүдэд багаас нь заан оршин амьдарч байгаа орчинтой нь таниулах нь чухал болоод байна.

 

Ингэснээр хүүхдүүд төрөлх нийслэлээ таньж мэддэг болно. Ямар ч байсан төөрдөггүй болно. Гадна дотны бусдад хэлээд өгнө. Өнөөдөр хотын удирдлага маань хурдны замтай болно, Улаанбаатарт метро барина гээд байгаа. Их бүтээн байгуулалт эхлүүлэхийн өмнө хотоо хаягжуулмаар байна. Метро барьчихаад “Одоо “Таван шар”- ын буудалд ирлээ” гэж хуучнаараа зарлаад байх уу, яах бол.

Эх сурвалж: “Бизнес таймс”


URL:

Сэтгэгдэл бичих