Яам, агентлагийн газрын дарга нар авлигалчдын жагсаалтыг тэргүүлжээ

Авлигатай тэмцэх газраас НҮБ-ийн төслийн багтай хамтран гурав дахь жилдээ явуулж буй улс төр, хууль хяналтын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн үнэлгээ 2010 онд 4,07 болж, 2009 оныхоос 0,12 пунктээр өссөн дүнтэй гарчээ. Тухайлбал ажил, албан тушаалд ороход дунджаар 13,4 сая төгрөг, тусгай зөвшөөрөл авахад 16,2 сая төгрөг, ашиг сонирхолдоо нийцсэн хууль шийдвэр гаргуулахад 21 сая төгрөгийг дунджаар тус тус авлигат зарцуулдаг гэж шинжээчид үзсэн байна. Тэр ч бүү хэл улс төрчид төрийн одон медалиар шагнах, гадаадын банкинд данс нээх зэрэг байдлаар авлигаддагнь тогтоогдсон байна.
Тэгвэл энэ жагсаалтыг яам, агентлагийн газар, хэлтсийн болон салбар нэгжийн удирдлагуудын түвшинд авлига хамгийн их дэлгэрсэн буюу 4,50 гэсэн үнэлгээгээр тэргүүлжээ. Харин үүний дараа сайд болон дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар 4,09 гэсэн үнэлгээгээр удаалж, эмч, багш нар 3,50 буюу авлига дэлгэрээд байгааг илтгэжээ. Улс төрийн хүрээн дэх авлига дэлгэрэхэд сонгуулийн санхүүжилтийн механизм, нам доторх болон төрийн албан дахь улс төрийн томилгоо хүчтэй нөлөөлж байгаа нь харагдсан хэмээн тэд үзэж буй.
Улмаар он удаан жил гаршсан арга барилаа тэд улам нарийсгаж, улстөрчид өөрсдийн сонирхлоор болон бусдын захиалгаар төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд оролцож, шийдвэрт нь нөлөөлөхдөө голчлон албан тушаалтны зөрчлийг илрүүлж, түүгээр нь дарамталдаг байна. Хэрэв саналыг нь зөвшөөрөхгүй бол ажлаас нь хална хэмээн дарамтлах үйлдлийг голчлон хэрэглэдэг ажээ. Шинжээчдийн үзэж буйгаар улс төрийн авлига бизнест эрх мэдлээ тогтоох /үнэлгээ 4,45/, уул уурхайн салбар болон намд эрх мэдлээ тогтооход /үнэлгээ 4,42/ түлхүү чиглэгддэг байна.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих