Ном хэмээх үгийн гарал

Алив хэлэнд харь хэлний үг янз бүрийн үед шууд болон дамжиж орсон байдаг билээ. Ном хэмээх үгийн уг гарал нь Грек хэлний “nomos” гэдэг үг бөгөөд 《жам ёс , зүй тогтол》 гэсэн утгатай. Эртний грекчүүд Аффолон тэнгэрийн магтаал дуугаа тийн нэрлэдэг байж ээ. Энэ үг эртний Согд хэлээр дамжин, уйгар болон Монгол үг болж ээ.

Арван хоёрдугаар зууны Монгол бичгийн дурсгалд 《ном, номлох, номлогч》 гэх мэтээр түгээмэл тохиолддог. Жишээлбэл 1261 оны Хубилай хааны зарлигт 《- Багшийн үгээр, Номын ёсоор-》 хэмээн бичиж ээ. Эртний Энэтхэгийн бичгийн хэл болох Санскрит хэлд номыг 《Дхарма》, Төвд хэлэнд 《Чой》 гэдэг. Монгол хүний нэрэнд байдаг дарм, чой хэмээх үг нь эдгээр үгс болно.

Монголын уламжлалт гүн ухааны зохиолд 《ном》 хэмээх үгийг арван утгатай гэж тайлбарласан буй. Монголын эртний ном судар, ардын аман зохиол тэргүүтэнд 《ном》 хэмээх үг нь ном эрдэм, жам ёс, сэтгэлийг ариусган засагч гэх мэт олон утгыг илтгэдэг билээ.

fact.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих