Усны асуудлаа шийдээгүй Баян айргийнхан гүний худгуудыг хоосолж байна

Завхан аймгийн Дөр­­вөлжин сумын ну­тагт “Монгол Алт” /МАК/, “Хайчийн булаг экспло­рейшн”, “Магнай даваа”, “Эми­ралд­маунтин”, “Баян айраг эксплорэйшн”, “Сам­тан­морес”, “Ньюголден кроун”, “Адамасмаунтин”, “Тэнгри­терра ресурс”, “СДДГ”, “Ньюмон ривер” гэсэн 11 компани 13 тус­гай зөвшөөрөл эзэмшиж бай­на. Эдгээрээс “Баян айраг эксплорэйшн” ХХК олбор­лолт явуулахаар зэхэж байгаа юм. “Баян айраг экспло­рэйшн” ХХК-ийн ашиглаж буй Баян айргийн ордод хамаарах уулсыг Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумынхан ихэд шүтдэг. Үе дамжин өвөг дээдсээ нутаглуулж, хайр­лаж, хамгаалсаар иржээ. Гэ­тэл нэг л их мөнгөний тоо ярьсан гадаадын компани энэ шүтлэгтэй уулыг нь ухаад эхэлсэн учраас байж суухын эцэсгүй болтлоо бухимдсан байна лээ.

Эцгийнхээ шарилыг тавьсан уулыг нь ухаж төнхөөд эхлэхээр ямар ч хүнд гал голомтоо самруулж байгаа юм шиг санагдах нь ойлгомжтой. Энэ ч утгаараа нутгийн иргэд их тэмцсэн боловч дэлхийд данстай тэрбумтан эрийн хөрөнгө оруулсан компанийн өмнө хүчин мөхөстжээ.

Уурхай ажиллахаар цагт 360 шоо метр ус хэрэглэнэ гэсэн

-“Баян айраг экспло­рэйшн” ХХК-ийн ашиглаж буй Баян айргийн ордыг нутгийн шүтлэгтэй уул гэж сонссон?

-Тийм. Манай нутгийн­хан энэ газарт эрт дээр үеэс өвгөдөө нутаглуулж ирсэн, онгон шүтээн юм шүү дээ. Гэтэл энэ компанийнхан алтыг нь ухна гээд зүтгэж байна. Эднийх уулыг ухахын тулд өвөг дээдсийн ша­рилыг бөөгнүүлж байсан ч тохиолдол бий. Эхэндээ бидэнд нутаг оронд тустай үйлдвэр байгуулна гэж хэлсэн. Гэтэл дараа нь шүтээн уулыг ухаж, төнхөөд хашаа барьж, хүн ойртуулахаа больсон. Үүнээс нь болж сүүлийн хэдэн жил ган зуд, үхэл хагацал нүүрлэж байна гэдэг яриа нутгийн иргэдийн дунд гарсан.

-Нутгийн иргэд шүтээн уулыг ухах гэж байна гэж нэлээд тэмцэл хийсэн гэсэн?

-Манай нутгийнхан энэ байдлыг эсэргүүцэж маш их тэмцдэг л дээ. Гэвч биднийг дэмжих сум, орон нутгийн дэмжлэг муу. Хэдэн малчдын хүч хүрэхгүй юм байна.

Би Дөрвөлжин сумын сургуульд газар зүйн багш байсан хүн. Уул уурхайг түшиглэж сургуульдаа газар зүйн танхим байгуулж байлаа. Тухайн үед Баян айргийнхантай хамтарч ажилладаг л байсан. Сүүлдээ үйл ажиллагааны зөрчилд орж, эдний эсрэг тэмцэж эхэлсэн юм. Мэдээж би энэ нутгийн хүн учраас шүтээн уулаа ухуулах ажлыг дэм­жихгүй шүү дээ.

-Байгаль орчин талаасаа хэр хор хөнөөлтэй гэж үздэг вэ?

-Хамгийн гол нь эцэг өвгөдийн шарилыг хадгалж байсан уул маань сүйдэж, байгаль орчинд маш их хор хөнөөл учруулж байна. Хоёрдугаарт, гүний ус. Говь газар ус ховор. Манай нутагт жилд дунджаар 90 мм хур тунадас унадаг. Уурхай ажиллаж эхэлбэл цагт 360 шоо метр ус хэрэглэнэ гэсэн. Газар доогуур усны хоолой суулгаж гүний ус татна гэж байгаа юм. Ингэхээр байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, цөлжилт нүүрлэх аюултай. Энэ асуудлыг компанийнханд тавихаар “Байгалийн ус нөхөгдөж байдаг юм” гэдэг. Тийм учраас усны мэргэжилтэн авч ирж дүгнэлт хийлгэмээр байгаа юм. Гэхдээ хахуульд өртчихдөггүй чин сэтгэлээсээ ажилладаг хүн л хэрэгтэй.

-Сая биднийг ирэхэд энэ талаар дүүрэн зам байна лээ. Баян айргийнхан гаргасан уу?

-Тийм. Замын асуудал маш хүнд байна. Манай хойд талаар нэг нааш, цаашаа хэрчсэн зам гарсан. Үүнд сум орон нутгийн байгаль орчны мэргэжилтнүүд хя­налт тавьж ажиллах ёстой. Гэтэл ажлаа хийхгүй бай­гаагаас Баян айргийнхан ду­раараа зам гаргаж байна. Явж байсан зам нь жаахан муудаад ирвэл шинэ зам гаргадаг. Ус ачсан хүнд даа­цын машин нэг явахад л зам гарчихаж байгаа юм. Зун гэр дээр ааруул тавихад тоос шороо дарчихсан, бор өнгөтэй юм болж байна.

Ер нь байгаль, эколо­гийн асуудлыг огт тоо­дог­гүй компани. Үйл ажил­­ла­гаанд нь хяналт тавь­­даг засаг, захиргаа ч гэж алга. Зах бүс нутгийн сум болохоор мэдээлэл хомс байдаг юм. Харин ком­панийн зүгээс малчдыг мэ­дээлэл багатайгаар нь далим­дуулж, хууль бус үйл ажиллагаа явуулах хандлага ажиглагддаг.

Уул уурхайн олборлолт явуулах гэж байгаа бол хамгийн түрүүнд замынхаа асуудлыг шийдэх ёстой гэдэг. Дараа нь ус, сүүлд нь байгаль экологийн нөхөн сэргээлтийн асуудлыг ший­дэж, төлөвлөсөн байх ёс­той гэдэг юм билээ. Гэтэл эднийх алийг нь ч шийдэж чадаагүй.

Өдөрт 50 тн ус өгч байхад нэмж авах гэдэг

-“Баян айраг экспло­рэйшн” ХХК танай худгаас хэр их ус татаж байна даа?

-Авна гэснээр нь ус өгөх юм бол эднийх малчдад юм үлдээхгүй санаатай шүү. Гэхдээ би өдөрт 50 тонн л ус өгдөг юм. Эндээс малчид өөрсдөө, малаа усалж амь­дарч байна. Малчдаа, нут­гийн хүмүүсээ бодохоор ус өгмөөргүй л байдаг юм. Энэ худаг сумын орон нутгийн өмч гэж явдаг. Тэгэхээр су­мын Засаг дарга “Баян айраг компанид ус өг” гээд захирамж гаргачихдаг. Засаг даргын шийдвэрийг зөрчвөл ажлаас маань халчих байх. Байгаль талаасаа маш их хохирол учирсан. Энэ сүйдэж байгаа байгалиа харахаад үнэхээр харамсаж байна.

-Сумын захиргаанаас “тийм хэмжээний ус өг” гэж заадаг уу?

-Үгүй. Авна гэсэн хэм­жээ­гээр нь л өг гэж байгаа юм. Гэхдээ би энэ захирамжийг нь зөрчиж, өдөр 50 тонн ус өгч байна. Үүнээс илүү өгчихөөр худаг маань хоо­сорно. Хоосор­чихвол хэн ч нөхөж өгч чадахгүй.

-Танай худгаас өдөрт хэдий хэмжээний ус гардаг юм бэ?

-Цагт 20 тонн гэж бо­дохоор өдөрт 200 тонн ус гарч байна.

-Малчдад, компанид зэ­рэг ус өгөхөөр хүрэлцэж байна уу?

-Одоохондоо ямар ч байсан усгүй мал гаргахгүй л байна. Гэхдээ усны хэрэгцээ одоогийнхоос жаахан нэ­мэгдвэл хэцүүдэх байх.

-Компанийн талаас нэмж ус авна гэж байна уу?

-Ер нь авах юм шиг байна лээ. Засаг дарга захирамж гаргавал би өгөхөөс өөр аргагүй болно. Заримдаа илүү авах гэж ирнэ. 50 тонныг нь өгчихсөн л бол нэмж өгдөггүй.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих