Алт олборлож, ан хийх гэж байсан иргэдийг саатуулав

Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсэгт байрлах, өмнө нь ашиглаж байсан алтны уурхайд мотоциклтой дөрвөн хүн гар аргаар алт олборлож байсныг хилчид илрүүлжээ. Хилийн хориотой бүст алт олборлож байсан хүмүүс нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй А.Ганболд, А.Баттулга, Р.Сэнжид, Б.Эрдэнэбат нар болохыг тогтоосон бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу тэдэнд торгууль ногдуулсан байна.

Мөн тус отрядын хариуцсан хэсэгт энэ сарын 23-нд бага оврын ачааны машинтай хүмүүс ан хийж, мод бэлтгэх зорилгоор явж байсныг хилчид саатуулан шалгажээ. Тэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэд байсан бөгөөд хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн тул холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн энэ сарын 19, 20-нд Увс, Сүхбаатар аймгийн нутгаар дайрсан хүчтэй цасан шуурганы улмаас уруудан улсын хилд тулаад байсан 800 хонь, 400 адуу, 180 үхэр, хоёр тэмээг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өгчээ. Ингэснээр хилийн 0184,0245,0311 дүгээр ангийн хилчид хариуцсан хэсгийн хилийн хэсгээр орон нутгийн иргэдийн олон тооны малыг хил давахаас хамгаалж, тэдэнд олон сая төгрөгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлж чадсан байна.

Л.Гэрэл

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих