Ордонд ойрхон худаг аюул авчрах вий

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хороонд нэгэн худаг бий. Үнэндээ бол худаг биш цэвэр усны шугамаас иргэдэд ус түгээдэг цэг юм. Эндээс иргэд 1974 оноос ус авч эхэлжээ. Тэгээд 54 дүгээр худаг гээд нэрлэчихсэн байгаа юм. Энэ цэг нь Төрийн ордноос ердөө 500-гаад метрийн зайд байрладаг бөгөөд өвөлдөө мөсөн дов, зундаа шавар шалбааг болж хувирдаг. Энд бэлээхэн төв шугамын ус ирж байгаа учир усыг хэмнэнэ гэсэн ойлголт байхгүй. Амралтын өдрүүдэд ус авах гэсэн урт дараалал үүсч ёстой л нударга зөрүүлэхдээ тулна. Орчны болоод хөрсний бохирдол хэрээс хэтэрсэн гэж ярьдаг. Эрт үед энд нийслэл хүрээний 300 гаруй ламтай “Зоогойн” аймаг байсан гэдэг юм билээ. Ногоон нуурын хөл болохоор ихээхэн намагтай, үүгээр урссан жижигхэн гол Хүүхдийн урлан бүтээх төв, Төрийн ордны байгаа газраар дамжаад Дунд голд нийлдэг байсан гэж хөгшчүүл ярьдаг. Сүүлдээ 1970-аад оны дунд үе хүртэл голдуу хятадууд амьдардаг “Рашаан”-ны гэж нэрлэгдсэн олон гудамж байжээ. Одоо энэ орчныг нийслэлийн төвд байгаа хамгийн сүүлчийн гэр хороолол гэж хэлж болно. Олон жил бохирын нүхээр сэгчүүлсэн эндхийн хөрс ямар байх нь тодорхой. Бид огт ажиглахгүй явж өдий хүрчээ. Төрийн ордны хажууханд 40 шахам жил бохир орчинд цэвэр ус түгээж байгаа нь цаг үетэйгээ хэрхэн нийцэж байна вэ. Энэ худагт зөөврөөр ус авчирч түгээдэг бол хямгадаж болохоор. Тийм биш учир усыг далай шиг асгадаг гэнэ. Энд усны үнэ цэнэ алдагдсан. 20 литрийн хэмжээний саваар ус авахад 500 төгрөг гээд өгсөөд явчихдаг гэнэ. Энэ хавийн барилгын ажил эрхлэгчид том том сав ачиж ирээд хэдэн мянган литрээр нь авч, ус түгээгчид 10,20 мянган төгрөг атгуулчихдаг гэх яриа байна. Саяхан энэ сарын 16-наас эхлэн ирэх оны тавдугаар сарын 7-ныг хүртэл нийслэлийн 126 мянган өрх бүрт 2-6 тонн усыг 80 мянган төгрөгөөр олгоно гээд зарлал хадчихсан байна. Улаанбаатарын цэвэр усны төв шугамаас асар их хэмжээний ус гадагш асгах нь хэр нийцдэг юм бол. Тус хорооны оршин суугч Балбар хэмээх өндөр настан хэлэхдээ “Яваандаа нийслэлийг усны хомсдолд орно гэж ярьдаг юм билээ. Энэ шугамаар дамжиж ирж байгаа усыг би энд нүүж ирж амьдарсан 20 шахам жил замбараагүй асгахыг харлаа. Одоо ус авахад чинь толан гэдэг юм байхгүй болж. Тоолуур байгаа үгүйн мэдэхгүй юм. Харамсахын зэрэгцээ хардахад ганц нэг хүн мөнгө хийгээд ч байгаа юм шиг. Ихэнх өдөр өглөөнөөс орой хүртэл ус түгээж байна шүү дээ. Дандаа бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байна. Энэ усанд хяналт тавих хэрэгтэй санагддаг” гэсэн юм. Зун сүүдэрт нь золбин нохой хэвтэж, өвөл хөлдсөн мөсөн дээр нь хүүхэд гулгасан газар хотын төвд байсаар байна.

Тус газар автын осол ч гарч мэдэх аюултай бүс. Учир нь “Дөлгөөн нуур”-ын өмнөх дөрвөн замын уулзвар дээр эл худаг байдаг тул өвөл мөс нь зам руу хальж мөсөн дээр хүүхэд гулгаж байгаад машинд дайруулсан тохиолдол удаа дараа гарсан. Мөн орчныг нь тохижуулаагүй учир дурын жолооч машинтайгаа ирж зогсоод ус авдаг нь явган зорчигчийн замыг бөглөдөг. Нийслэлийнхэн шиг цэвэр усаараа цамаархсан, зоргоороо хэрэглэдэг иргэн тийм ч олон биш болов уу. Ус хэрэглэгч түгээгч хоёр хавартаа тасарч, хатуу сэтгэлтнүүдийн гороор бохирдоод байгаа хатан Туулынхаа голдирлоос чандмань усаа хүртэж байгаагаа ухаарвал сайнсан. Усыг байгалиас хүртэж байгаа гэх хэдий ч түүнд хэмжээ гэж бий. Хаа нэг газрын харуулын цамхаг шиг шланк унжуулсан жижигхэн цагаан байшин нийслэлийн өнгийг нэлээд хэдэн жил алдагдуулж байгааг холбогдох албаны дарга нар анхаараасай билээ. Ийнхүү усны үнэ цэнийг мэддэггүй цагаан худгууд өөр хаана байгаа болоо гэж бодогдоход хүрч байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих