Далай ламын хийсэн мэдэгдэл хоосон сүржигнэл гэжээ

Төвдийн бурхан шашны тэргүүн Далай лам энэ сарын 10-нд улс төрөөс гарч буйгаа албан ёсоор зарласан билээ. Тэгвэл түүний уг мэдэгдлийг Төвдийн Буддын шашны амьд будда гэгддэг Шинца Тензинчодрак “Өөрөө найруулсан хоосон сүржигнэл” хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр Далай ламын мэдэгдлийг ийн нэрлээд “Улс төрөөс гарч буйгаа зарласан нь түүнийг шашны тэргүүнээр зогсохгүй Буддын байр суурийг ганхуулдаг улстөрч байсан гэдгийг нийтэд ил болгосон” хэмээжээ. Тензинчодрак шашин номын хүн төдийгүй Төвдийн автономит засаглалын Ардын их хурлын байнгын хорооны дэд дарга гэнэ. Тэрбээр Далай ламын талаарх эл мэдэгдлээ өнгөрсөн даваа гаригт төвдүүд Боолчлолоос ангижирсны 52 жилийнхээ ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр хийжээ. Мөн тэрбээр “Далай лам тэтгэвэрт гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн нэрээр сүсэгтэн олны анхаарлыг өөртөө татахыг зорьж буй. Ингэснээр тэр Төвдийг эх нутгаас нь салган, бутаргахыг санаархаж байна. Буддын шашинд сахилтнуудыг бодь сэтгэлээ нэмэгдүүлж, улс төрөөс ангид байхыг шаарддаг. Гэтэл Далай лам Хятадаас ангижрах үйл хэрэгтэй хэтэрхий удаан орооцолдсон” гэсэн байна.

Ж.Дорж


URL:

Сэтгэгдэл бичих