Хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ барьдаггүйгээс осол гардаг

Сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснууд зам тээврийн осол гаргах нь ихэсч байгаа талаар яригдах боллоо. Тэр дундаа энэ сарын 21-ний өдөр тoм оврын хоёр ч автобусны жолооч хүн дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Болдоос тодруулсан юм.

-Энэ сарын 21-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг “Тэнүүн-Огоо”, “Сутайн буянт” компанийн хоёр жолооч замын хөдөлгөөнд оролцож яваад хүн дайрч амь насыг нь хохироосон. Энэ ослын дүгнэлт гарсан уу?

-Дүгнэлт нь гарсан. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн шугамын М:44 буюу “3.4-р хороолол-Чингис ЗБ-Халдвартын эмнэлэг” чиглэлд үйлчилдэг “Сутайн буянт” компанийн 38-64 УБЧ, 5050 гараашийн дугаартай “DAEWOO CITY BS-106″ маркийн автобусны жолооч Б.Ерөөлтөд тухайн өдөр шалгах механик А.Даваажаргал нь жолооны эрхийн үнэмлэхгүй жолоочийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан байсан.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөн нь тухайн осол гарах шалтгаан болсон. “Харин Тэнүүн-Огоо” компанийн М:27 буюу “Таван шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо” чиглэлийн 45-33 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Д.Пүрэвдоржийн тухайд өнгөрсөн оны наймдугаар сард тус компанид жолоочоор ажиллах гэрээ байгуулсан юм билээ.

2001 онд Автотээврийн газрын мэргэжлийн тээвэрлэгч жолооч бэлтгэх сургалтанд хамрагдсан. Тухайн өдөр осол гарах болсон шалтгаан нь байгууллага болон техникийн талаасаа нөлөөлөх хүчин зүйл байхгүй. Харин дээр хэлсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон.

-Том оврын автобусны жолооч нар зам тээврийн осол гаргаж байгаагийн шалтгаан юутай холбоотой байна вэ?

-Ер нь бол жолоочийн өөрийн замын хөдөлгөөний дүрмээ барьж хөдөлгөөнд оролцдоггүйтэй л холбоотой байна. Дээрх хоёр ослоос харахад л замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Нөгөө талаар бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас нийтийн тээврийн мэргэшсэн жолооч, кондуктор бэлтгэх, салбарын ажиллагсдын мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтуудыг “Автобус 3″ компани, “Цахилгаан тээвэр” компани, Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Улаанбаатар хотын салбар зөвлөл гэсэн гурван байгууллага сургалт явуулах эрх авч, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

 

Үүнээс гадна нийтийн тээврийн салбарын хэмжээнд жолооч, кондукторуудыг нийгмийн харилцааны ур чадвартай болгох зорилгоор төрөлжсөн сэтгэл зүйн сургалтанд хамруулах чиглэлээр ШУТИС, Нийгмийн технологийн сургууль, Сэтгэл зүйн үндэсний төвтэй хамтраад ажиллаж их багтаамжийн автобусаар үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын 40 хувь буюу 1290 жолооч, кондукторыг “Нийгмийн харилцааны ур чадвар зан ёс суртахууны төлөвшил” сэдэвт сургалтанд хамруулсан.

Б.Анар
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих