С.Жавхлан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдлаа

МУГЖ С.Жавхлан гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолч Б.Магсаржавт шилжүүлж өгснөөрөө олны анхаарлыг ихээхэн татаад байна. Түүний эл үйлдлийг сайшааж авах нэгэн байх ч шүүмжлэх нь олон байна.

Тэрээр 2009 онд МУГЖ цол хүртэхдээ ч араасаа хэл ам дагуулсан. Нэг ангиас төрөн гарсан дуучид болох Т.Баясгалан, С.Жавхлан нарыг МУГЖ цол авахад иргэд төрийн шагналын нэр хүнд уналаа, хэн дуртай нь халаасалж яваад тараадаг хямдхан чихэр шиг болжээ хэмээн шүүмжилж байсан юм. Харин С.Жавхлан энэ их шүүмжлэлийг дагуулан байж МУГЖ цол хүртчихээд, тэр цолоо төвөггүйхэн өөр нэгэнд дамжуулчихав.

Угтаа бол Төрийн одон медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог журам 1990 оноос хойш шинэчлэгдээгүй. Өөрөөр хэлбэл, АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар батлагдсан “БНМАУ-ын цол, одон, медалийн  тухай дүрэм”-ээр энэ асуудал зохицуулагдсаар яваа юм.

Тэгэхээр Төрийн одон медалийг зөвхөн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох журамтай юм байна. Гэтэл МУГЖ С.Жавхлан “Олон сайхан дууны хөгжмийг бичсэн миний уран бүтээлийн анд, ах маань Гавьяат жүжигчин цол хүртэж амжаагүй байгаа нь энэ шагнал эзнээ олохгүй байгаагийн илрэл юм болов уу. Би энэ хүний бичсэн “Ээжийн чанасан цай” дууг дуулсан. Б.Магсаржав ахад байх ёстой Гавьяат цол надад түрүүлж ирсэн нь учир дутагдалтай санагдсан тул энэ тэмдгээ түүний энгэрт зүүж өгмөөр байна” гээд МУГЖ цолоо хөгжмийн зохиолч Б.Магсаржавт шилжүүлэн өгсөн юм.

Юутай ч Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гарган олгодог төрийн одон медалийг С.Жавхлан өөрөө дур мэдэн бусдад шилжүүлсэн нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан хэрэг болов.

Мөн төрийн олгосон одон медалийг бусдад шилжүүлсэн, мөн олон түмний нүдэн дээр ил болсон анхны тохиолдол болов. С.Жавхланд 2009 онд МУ-ын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр МУГЖ цолыг гардуулан өгч байсан билээ.
Б.Золбоо

Эх сурвалж: 24цаг.мн


URL:

Сэтгэгдэл бичих