Хяналтын тооллогын машиныг цагдаагийн хүчээр авч явжээ

Хан-Уул дүүргийн долоон хэсгийн хороонд өчигдөр дахин санал хураалт болсон билээ. Гэтэл санал хураалтын цаг дуусмагц XV хорооны 35, 33 дугаар хэсэгт автомат машины тасалбарт зөрүү гарсан аж. Үүнээс үүдэн ажиглагчид тайлбар хүстэл АН-ынхан омогдож, тайлбар өгөхгүй гэж давшилсан гэнэ.

Сонгуульд ажиллагсад болон гишүүд, дэмжигчдийн үзэж буйгаар энэ хэсгүүдэд МАН-ын нэр дэвшигчид давуу санал авсан байх магадлалтай аж Учир нь хэд хэдэн удаагийн судалгаагаар нэр дэвшигчид нь өрсөлдөгчдөөсөө илүү байжээ.

Энэ хоёр хэсэгт МАН-аас Г.Батсайхан, Н.Болдбаяр нар нэр дэвшсэн юм. Маргаан үүссэн эхлэл нь автомат машинаас гарсан тасалбар дээрх сонгогчдын тоо нь санал өгсөн иргэдийн бүртгэлээс зөрж үүнийг нь тойргийн хорооны дарга Н.Оюун нуучихаад үзүүлэхгүй байснаас болжээ. Нэг хайрцагнаас дор хаяж 20 гаруй хүний санал дутжээ.

Гэвч ажиглагчдад ямар ч тайлбар өгөлгүйгээр автомат машиныг цагдаагийн хамгаалалттай ачаад явжээ. Хяналтын тооллого хийж байж машин авч явахыг хүссэн залууг цагдаа бороохойдож унагасан хэрэг ч энэ үеэр гарчээ.

Э.ДОЛГИОН

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих