Засгийн газар өдөр бүр 140 мянган ам.долларын өр төлнө

УИХ-аас Засгийн газрын ойрын жилүүдэд хийхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилгоор 5 тэрбум долларын бонд гаргахыг шийдвэрлэж өгсөн.

Үүний дагуу зөвхөн 2013 онд 1,5 тэрбум төгрөгийн бондыг арилжаалах эрхтэй болсон. Гэхдээ бонд гэдэг бол өрийн бичиг гэдгийг өнөөдөр нялх хүүхэд ч мэддэг болсон цаг. Гэтэл манай Засгийн газар үүнийг “Чингис бонд” хэмээн нэрийдсүгэй хэмээн баяр хөөртэйгээр зарлан тунхаглав. Уул уурхай ид цэцэглэн хөгжиж байгаа байгалийн нөөц баялаг ихтэй манай улсын Засгийн газраас гарч буй бонд гэдэг гадны томоохон санхүүгийн корпорациудын хувьд аманд орсон шар тос л гэсэн үг. “Голдман Сакс”, “HSBC”, “JP Morgan” зэрэг санхүүгийн “мангасууд” 1,5 тэрбумын бондыг гарсан даруйд нь уухайн тас худалдаж авсан сурагтай. 1,5 тэрбумын хүүд өдөрт дор хаяж 140 мянган ам.доллар төлөх тооцоо гарч буй. Ер нь 5 тэрбум доллар гэдэг бол Оросод төлсөн их өрийн 50 хувьтай тэнцэх их хэмжээний мөнгө юм. Бид Оросд төлөх их өрийг дарж дуусгалаа хэмээн нэгэн шинэ оны өмнө ард түмэндээ зарлан дуулгаж бүгдээр баярлан хөөрч тэмдэглэж байсан цаг саяхан. Тэр бол бүтэн зууны бүтээн байгуулалтын өр төлөөс байсан. Гэтэл бид их эзэн Чингис хаанынхаа нэрийг өрийн бичиг дээр сийлэх хүртлээ ядарлаа гэж үү. Энэ их өрийг хэзээ яаж барагдуулах, хүүг хэрхэн төлөхийг ёстой чөтгөр л мэдэх байх даа. Н.Алтанхуягийн Засгийн газар энэ мөнгөөр юу хийх вэ. Төсвийнхөө цоорхойг нөхөх үү, төмөр замаа барих уу гэдгийг харах л үлдлээ. Төсөв, бонд зэргийг УИХ-аар батлахдаа цөөнхөө хяламхийсэн. Одоо болтол цөөнхийг бүлэггүй байлгаж, өөрсдөө хяналтгүй байх сонирхол олонхид байсаар байна. Өр тэглэж байгаа бус өр тавьж байгаа болохоор ард түмэн тийм ч их баярлан хөөрөхгүй л болов уу. Хамгийн гол нь энэ их мөнгөөр бүтээн байгуулалтыг хийж чадвал том зол болно. Эс бөгөөс бид гадны томоохон корпорациудын зээлийн дарамтад орж Африкийн орнуудынх шиг хувь заяа биднийг тосч байж мэдэх л юм. Гадны томоохон корпорациуд өгсөн мөнгөө буцааж авах нь бол тодорхой. Тэдэнд хүүгийн мөнгө л чухал болохоос зээлийн дарамтаас болж тухайн орны эдийн засаг сүйрэх, газар нутаг нь элсэн цөл болж, хүн ард нь ядууран туйлдах нь огт хамаагүй байдаг.

TSAG MN


URL:

Сэтгэгдэл бичих