Ардын Намын даргаар онол, бодлогын өөрчлөлт хийх хүн сонгогдоно.

МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганхуягтай ярилцлаа. Та УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын шинэчлэлийн асуудал, намын удирдлагуудад хариуцлага тооцох, намд хөтөлбөр, бодлогийн шинэчлэл хийх шаардлагатай болсныг зарлаж, идэвхитэй ажиллаж байсан. Тэгээд хэсэг хугацаанд чимээ алдарлаа. Ер нь таны санаачилсан ажил ямар шатандаа явагдаж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Намын хуучин дарга удирдлагууд С.Батболд, У.Хүрэлсүх нар улс төрийн хариуцлагаа ухамсарлан, хүлээж чадсан. Гэхдээ бид зөвхөн дарга солигдох үйл явцыг нам шинэчлэгдлээ гэж үзэхгүй байгаагаа шууд хэлэх ёстой. Бидний тавьсан шаардлагын гол зорилт бол намыг үзэл баримтлал, хөтөлбөр, бодлогын төвшинд, судлан шинэчилэх ажлыг тодорхой хугацаа, үе шаттайгаар хийх саналыг хүргүүлсэн. Энэ хүрээнд “Намын бодлого, хөтөлбөр шинэчлэлийн баримт бичиг”-ийг боловсруулж, намын удирдлага, бага хурлын гишүүдэд хүргүүлж, санал солилцсон. Нэг удаагийн далайлтаар хийчих ажил биш гэдэг нь тодорхой. Гэхдээ намын удирдлага саналыг хүлээн авсан боловч дорвитой ажил санаачилж, сэтгэл гаргасангүй. Нүүрэн дээрээ хүлээн авсан дүр эсгэж, хэрэг дээрээ ажил болгох сонирхолгүй, цаг аргацаасан байдалтай хандсан.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаарх таны дүгнэлт.

Манай нам ялагдсан, хэзээ ч орон нутагт ийм үр дүнтэйгээр оролцож байгаагүй. Үзээгүй юмаа үзэж байх шиг байна. Улс төрийн намын эрхэм зорилт бол сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулах явдал. Ялагдсан бол хариуцлагаа хүлээнэ. Өөр яриад байх юм байхгүй. Намын зарим удирдлагууд “Нам ийм хүнд нөхцөлд байгаа энэ цагт л эв нэгдэлтэй, хагаралдахгүй байх”-ын чухлыг зарлаж байх шиг байна. Би энэ зөвлөмжийг шууд өөрсдийн бий болгосон фракци, бүлэглэл, эрх мэдлээ хэвээр хадгалан үлдэх гэсэн санаархал болохоос, намынхаа ирээдүйн төлөө, гишүүдийнхээ талаар санаа зовж буй үйлдэл гэж ойлгохгүй байна. “Цаас чичихээс нааш, хүн хэлэхээс нааш” гэсэн үг байдаг даа. Үүний эхлэл нь намд “Ялагдал авчирвал хариуцлага хүлээх” зарчим. Тэгээд ч ойрын хугацаанд яаралтай Намын 27-р Их хурлаа хуралдуулах товыг зарлаж, зохион байгуулалтын ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Хурал хуралдуулах шаардлагын хүрээнд нилээдгүй ажлуудыг төлөвлөсөн байгаа, шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Ө.Энхтүвшин дарга 2013 оны эхний улиралд багтаан Их хурлыг хуралдуулах тухайгаа хэлж байсан. Үгэндээ хүрдэг улс төрч мөн үү, үгүй юу? гэдэг л үлдсэн. Гол нь намын Их хурлаас гарсан шийдвэр, бодлогын өөрчлөлтүүд нь намын нэр хүндэд эерэгээр нөлөөлж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах суурь үндэс нь болж өгөх учиртай.

 

Монголчууд ярьдаг “Унасан хүнийг бүү түлх” гэж, танай намын удирдлагуудын барьж байгаа эвтэй байх гэсэн бодлого зөв юм биш үү.

Тэгээд эвтэй байлаа гээд нам, хамт олноороо эргүү төлөг шиг баалуулж, бусдад “эдлүүл” гэсэн үг биш биздээ. Харин ч сүүлд хуралдсан намын Бага хурлаас хойш намын нийтлэг эрх ашгаа бодоод, орон нутгийн сонгуулиа бодоод үг хэлий гэсэн олон гишүүд дуугаа хурааж, эвийг хангалттай хичээсэн гэж бодож байгаа. Уг нь шинэчлэлийн ажлаа завсаргүй хийж, шүүмжлэлийг идэвхитэй өрнүүлж, нийгмийн сэтгэлзүйг татах үүрэгтэй байсан, ард түмэнд нээлттэй нам болон өөрчлөгдөж байгаагаа харуулж, иргэдийн дэмжлэгийг авах ёстой байтал, яг өмнөх арга барилаараа сонгуульд орсон өөрчлөгдсөн зүйл алга, харин дордуулаад хаячихлаа. Дахиад хэлье: Намын шинэчлэлийг зөвхөн дарга солигдож байгаагаар төсөөлөхөө зогсоо. Уг үндсээр нь бодлого, хөтөлбөрийн төвшинд шинэчилж, намын гишүүдийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулж, идэвхижүүлэхгүй бол, ямар ч сонгуульд, хэнийг ч дэвшүүлээд, яаж ч зөв, сайхан ажиллаад урагш гишгэхгүй ээ. “Үндсээрээ ялзарсан модыг дарсаар услаад ч ургахгүй” гэдэг шиг эрсдэлтэйг нь мэдсээр байж давхиж орчихоод, дараа нь бусдаас шалтаг хайж зовох хэрэг байна уу. Одоо зөвхөн өөрсдийгөө бодож, сандал, ширээтэй зууралдах бус, яаралтай Их хурлаа хуралдуулж, шинэчлэлийн асуудалдаа орж, намын олон мянган гишүүдийнхээ итгэл үнэмшлийг бодож, намаа аврах шаардлага зүй ёсоор тулгараад байна.

Ерөнхийдөө МАН үзэл баримтлалаа, бодлогоо өөрчилж, үндсээр нь шинэчлэх зүйлүүд байгаа юм байна.

Ямар ч орны, аль ч улс төрийн намд заавал байх ёстой 3 шинж байдаг. Нэгт нь: Үнэт зүйл буюу тухайн нийгэмдээ байгуулсан гавъяа, үнэлэмж. Хоёрт нь: Бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт. Гуравт нь: Цаг үетэйгээ нийцсэн бодлого, хөтөлбөр, хийх ажил, дэвшүүлэх санал буюу стратеги байдаг. Эдгээрээс намыг үнэлэх үнэт зүйл байна. МАН тусгаар тогтнолыг авчирсан, ардчиллыг эх орондоо цэцэглүүлсэн, их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гээд дурьдвал болно. Бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын хувьд ямар ч намаас дутахгүй. Хамгийн гол өгүүлэгдэж байгаа зүйл бол цэвэр улс төрийн намын хувьд барьж аваад хийчих ажил, санаа, удирдлага болгоод мөрдчих, нийгэмд таалагдах онол, бодлого, хөтөлбөргүй болчихож, үзэл баримтлалын үнэ цэнэ алдагдаж, гишүүдийн итгэл үнэмшил унтарч байгаад сэтгэл зовниж байна.

Тэгвэл яг юунаас эхлэх ёстой юм бэ? Тодорхой санал байна уу.

Бид 2012 оны 9-р сард “Намын бодлого, хөтөлбөр шинэчлэлийн баримт бичиг”-ийг боловсруулж, намын удирдлагад хүргүүлсэн. Намын олон ч гишүүдээс санал авсан. Одоо эцэслэгдээд боломжийн бичиг баримт болсон. Намын одоогийн удирдлага асуудлыг хүлээн авсан гэдгийг би өмнө нь хэлсэн. МАН сонгуулийн бүх шатанд нийлбэр дүнгээрээ ялагдал хүлээчихлээ. Тэгэхлээр нам юунаас болж сонгуулиас сонгуульд ялагдал хүлээсэн талаар бодит судалгаанд суурилагдсан дүгнэлт хийхгүй бол цаашаа явахгүй. Хүний өвчнийг анагаахын тулд эхлээд оношийг нь зөв тогтоож байж, эмчилгээ хийдэг. Яг үүнтэй агаар нэг ялагдсан шалтгаанаа тодорхой болгох хэрэгтэй. Миний одоо хүртэл харамсаж, сэтгэл дундуур явдаг нэг зүйл бол сүүлд хуралдсан намын бага хурлаар бид УИХ-ын сонгуульд амжилт муутай оролцсон талаараа зөвхөн ярилцаад, гишүүдийнхээ хэлсэн үгийг сонссон болоод л өнгөрсөн. Ямар нэгэн улс төрийн дүгнэлт, илтгэл, цаашид ажиллах зорилтоо тодорхойлоогүй, дараа дараагийн сонгуульд хэрэг болох, ялалт авчирах үндэс суурийг бүрдүүлэхээр бодлогын бичиг баримт гаргаагүй, энэ боломжоо алдсан. Зөвхөн нэгэндээ хариуцлага тооцсон дүр эсгэж, нөгөөх нь дарга болоход хамаг анхаарлаа хандуулсан. Ядаж л “МАХН” гэдэг үзэл баримтлалгүй ч гэсэн нам, хүссэн хүсээгүй санал хуваагч гарч ирснийг мэдсээр байж, бодлогын шийдэл гаргаж чаддаггүй юмаа гэхэд яаж хамтарч ажиллах, харилцааны ямар зарчим баримтлах талаараа ч ярилцаагүй нь нам тогтолцооны эвдрэл, системийн гажуудалд орсноо нотолсон үйлдэл гэж дүгнэж болно.

Цаашид МАН яаж өөрчлөгдөж, та нарын ярьсан зүйлүүдийг хүлээн авч, бодлого, хөтөлбөртөө тусгах боломжтой юу?  

Өөрчлөгдөхөөс өөр ямар ч гарц, зам байхгүй. Нэг ёсондоо нам оюун санааны болоод онол, бодлогын хомсдолд орчихлоо. Өмнөх үеийнхний явж байсан замнал, арга барил, технологийг нь хуулбарлан хэрэглэж, муйхарлан зүтгээд ч олигтой газар хороохооргүй байдалд хүрчихлээ. Бидэнд орчин цагтайгаа хөл нийлүүлэн давхих шинэ зам бүтээн босгох, шинэ бодлогыг сэтгэн төлөвшүүлэх шаардлага ус, агаар шиг хэрэгтэй болсон. Иргэд, сонгогчид юу хүсэж байна. Түүнд зохицсон өөрчлөлт намд хэрэгтэй. Намын үзэл баримтлалд тодотгол хийж, ойлгомжтой болгомоор байна. Бид “Нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий Зүүн төвийн нам” гэсэн улс төрийн бодлого дэвшүүлсэн. Үзэл баримтлалын талаар иргэд хэр ойлголттой юм бол. Намын гишүүд ч сайн ойлгохгүй байгаа юм биш биз. Уг чанар, улс төрийн ухагдахуун нь “Зүүн төвийн үзэл баримтлал”-тай нам бөгөөд “Нийгмийн ардчиллыг цогцлоон хөгжүүлэх, тэр дундаа иргэний ардчилал, засаглалын ил тод байдлыг эрхэмлэж, хөгжил дагуулсан хөтөлбөр хэрэгжүүлэгч улс төрийн хүчин” гэж томъёолон тайлбарлах боломжтой. Мөн намынхаа мөрийн хөтөлбөрийг шинэчилж, баримтлах стратеги, улс төрийн бодлогоо орчин цагийн ойлгомжтой үг хэллэгтэй болгож, салбар салбарын хөгжлийн асуудлыг хөндсөн зорилтуудыг дэвшүүлмээр байна. “Намын дүрэм”-д өөрчлөлт оруулж, гишүүдийн оролцоог хангасан заалтуудыг баталгаажуулах шаардлагатай.

Жишээ нь дүрмэнд ямар ямар заалтуудыг нэмж оруулах санал хүргүүлсэн бэ?

МАН-ыг иргэд “гишүүдийнхээ үгийг сонсож, хүлээн авдаггүй, цөөн тооны дарга дагасан нам, нууцлагдмал бүлэглэл, фракцын эрхшээлд байдаг, олигархуудын нам, коммунистууд” гэх зэргээр хангалттай шүүмжилдэг. Эдгээрт хариулт өгөх гарцуудын нэг нь дүрмэнд ил тод байдлыг хангасан заалтуудыг шинээр оруулж, зохицуулах боломжтой. Тиймээс дүрмэнд нэмэлт оруулахаар 40 гаруй санал боловсруулсан. Гол гол заалтуудаас дурьдвал: Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд, Бага хурлын гишүүдийн 15-аас доошгүй хувь нь намын үүрийн төлөөлөл байх, намд байгаа фракци, бүлэглэлийг нээлттэй болгох, гишүүд эвлэлдэн нэгдэх эрхээр хангагдах, намын УЗ, Бага хурлын хуралдаанд жирийн гишүүд таслах эрхгүй ч үг хэлэх, оролцох, нэр дэвших эрхтэй байх, сонгуулийн үр дүнтэй нь уялдсан УЗ-ын квот хуваах зарчмыг нэвтрүүлэх, намын санхүүжилтийг ил тод болгож, тайлагнадаг хэлбэрт шилжих, аль ч сонгуульд нэр дэвшигчийг зөвхөн анхан шатны байгууллагын саналд тулгуурлаж шийдвэрлэдэг байх, Намын дарга, удирдлагад нэр дэвшигч нь гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, дэмжлэг авсан байх зэрэг ардчилсан зарчимд тулгуурласан саналуудыг хүргүүлсэн.

МАН-ыг лийдэргүй болсон нам гэх зүйл их яригддаг, энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

Намд ямар рейтингтэй улс төрчид байгаа, тэдний талаар сонгогчид юу боддог талаар иргэдээсээ нээлттэй асууж, тодорхойлдог судалгааны аргачлал байдаг. Ер нь Монголд анх удаа нэг намын лидерийн асуудлаар нийтийг хамарсан сайн дурын томоохон судалгаа зохион байгуулж үзмээр санагддаг. Өөрсдийгөө МАН-ын лидерүүд гэж үзээд байгаа хүмүүсийг нийгэм үнэндээ яаж хүлээн авч байгааг тодруулж, зарлах цаг нь ирсэн. Улиг болсон, нийгэм хүлээж авахгүй байгаа улс төрчдөөсөө зоригтой салах хэрэгтэй. Бидэнд “Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд хэрэгтэй” болохоос “Нам доторх системийн лидерүүд хэрэггүй” болохийг намын гишүүд ойлгож, намыг ялагдалд хүргэж байгаа шалтгааны тоонд зүй ёсоор оруулсан. Ер нь “улс төрд лидер өөрөө төрдөг болохоос хэн нэгэн зохиомлоор төрүүлдэггүй ээ” гэсэн үг байдаг байхаа. МАН-ын лидер гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүсийн тоонд зохиомол аргаар төрсөн улс төрчид нилээдгүй олон байгаа байх шүү.

Таны бодлоор МАН 27-р Их хурлаа хуралдуулж, асуудлаа хэлэлцэх байх, дараагийн намын дарга хэн байх бол. Ямар нэгэн төсөөлөл байна уу?

Намын 27-р Их хурал МАН-ын шинэ цагийн хөгжлийн хуудсыг нээх түүхэн хурал байх болно. Шинэ удирдагч, залуу улс төрчид төрөн гарах нөхцөл боломж нь Их хуралд хадгалагдаж байгаа. Монголчууд, МАН-ын гишүүдэд маш их хүлээлт, итгэл найдвар байгаа, эерэг хариулт хурлаас гарна. Намын даргаар зорилгодоо үнэнч, дайчин, нийгмийн анхаарлыг татсан, намынхаа нэр хүндийг хамгаалж чадах, онолын болоод системийн гажуудлыг засварлах чадвартай улс төрч сонгогдох болно.

undesnii shuudan


URL:

Сэтгэгдэл бичих