Үнэмшихэд бэрх энд тэндэхийн “домог яриа”-нууд

Ард түмний дунд эртнээс ам дамжин яригдсан үнэмшихэд бэрх эртний домог, цуу ярианууд дэлхийн аль ч улсад байдаг. Чухам үнэн худал эсэхэд хараахан дүгнэлтийг өгч үл чадам энд тэндэхийн тэдгээр сониноос түүвэрлэн дараах “домог яриа”-нуудаас сонирхуулахаар сонголоо.

 

1. Амьгүй мэндэлсэн хөөрхий үр…

Энэ явдал Мексикийн хойд нутгийн Чивавагийн нэгэн эмнэлэгт болжээ. Ам дамжсан эл яриагаар аймшигт нэгэн тохиолдол гурван сарын бороотой Даваа гарагт гарчээ.
Төрөх дөхсөн нэгэн эмэгтэй яаралтай тусламжийн өрөөнд хэвтэж байсан бөгөөд төрөх хүүхдээ аврахыг хамгаас их хүсэж байжээ. Гэвч эмэгтэйн хүслээр хэрэг явдал шийдэгдээгүй бөгөөд хийсвэр хагалгаагаар хүүхдийн амийг аврах оролдлого хийсэн эмч нар жигтэй зүйлтэй таарчээ. Учир нь хэвлий дэх үр болон эх аль аль нь нас барсан байсан бөгөөд эхийн хэвлийгээс харийн гэж хэлмээр үзэшгүй муухай төрхтэй, ямар ч хэлбэр галбиргүй, нялх үр гэхэд итгэмээргүй өтөл хүн гарч ирсэн байна. Энэ явдлын тухай элдэв яриа тэр даруй эмч, сувилагч нарын дунд тархаж, хэрэгт дурласан эмнэлгийн ажилтнууд ар араасаа орж ирээд л төрлөө олоогүй нялх үрийг гайхан харж, мэгдэх нэгэн нь айж гарч гүйлдсээр байлаа… Хэсэг хугацаа өнгөрсний дараа хоёр сувилагч түүний тухай жигтэйхэн судалж гарчээ.
“Ямар аймаар юм бэ?”, “Ийм хүн болж төрснөөс ингээд үхсэн нь дээр ч байж дээ…” гэхчилэн элдвийг ярьсан хоёр сувилагч гэнэтхэн үрчлээтсэн нялх үрийн нүдээ нээж, амандаа нэг юм бувтнах аймшигт чимээнээр сая нэг ухаан орсон байна. Хүү тэдэнд, “Би та нарын нүдэнд үзэшгүй муухай харагдаж болно. Гэхдээ миний муухайгаас илүү хамгийн муухай явдал ирэх Пүрэв гарагийн 15 цагт та хоёрт тохиолдох болно.” гэж  хэлээд нүд аньсан гэдэг.
Хагалгааны өрөөнөөс ухаан самуурч мэгдэн гүйж гарсан тэд энэ тухай эмнэлгийн ажилчид болон сэтгэл зүйч нарт хэлж, хүүхдийг амьд гэж хичнээн хэлээд ч тэднийг хий юм харж, ургуулан бодсон байна гээд тоолгүй өнгөрүүлсэн байна. Ингээд удалгүй буюу Пүрэв гарагт өглөө ажилдаа ирсэн хоёр сувилагч ердөө хэдхэн цагийн дараа аймшигт ослоор таалал төгссөн байна. Хийн баллон дэлбэрч тэдний амийг авч одсон эл явдал хүүхдийн хэлснээр Пүрэв гараг, өдрийн 15 цагт болсон нь хачирхалтай байлаа…

2. Амьдаар нь булшилсан нь…

Насан буурай болтлоо хамтдаа амьдарсан эмгэн өвгөн хоёр байдаг байжээ. Дэр нэгтгээд нилээд хэдэн жилийг үдэж, хоёр биенээсээ хагацахын эцэс үгүй ээнэгшин дассан хос хоёрын эхнэр нь нэг өдөр хүндээр өвчилжээ. Өвчнийг нь анагаахаар өвгөн бүхий л боломж, чадлаа дайчилсан ч харамсалтай нь эмгэн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Амь амьдрал нь болсон цорын ганц жинхэнэ хайраа алдаж, амьдын шаналанд хатсан өвгөн эмч дуудаж үзүүлтэл эмч нар түүнийг хэтэрхий хожимдсоныг хэлээд гэргийг нь нас барсан байна гэжээ. Энэ явдал зуны дунд сард тохиосон бөгөөд тэр нэгэн хар өдөр ийнхүү өвгөн гэргийгээ оршуулсан байна. Амьгүй хэвтэх австай гэргийгээ булшлагдахыг харж тэсэлгүй өвгөн араас нь үсрэхээр оролдсон ч оршуулгын ёслолд оролцож байсан иргэд түүнийг болиулсан байна.
Харанхуй татсан хоосон гэртээ ганцаархнаа үлдсэн өвгөн ихэд ганцаардаж цурам ч хийж чадалгүй хэсэг хугацаа өнгөрсний эцэст арга буюу дуг хийжээ. Гэтэл эхнэрээ хөдөөлүүлсэн тэр шөнө өвгөн хэн нэгний хумсаараа ямар нэг юмыг маажин хяхтнуулах чимээнээр сэртхийжээ. Энэ чимээ улам чанга сонстох болж тэрээр хаанаас юун чимээ гараад байгааг гайхан хэвтэнэ. Тэгснээ эргэж харвал цонхны цаахантаа амаа томоор ангайн ямар нэг юм хэлэх гээд хашгирахын сацуу түүнд мэдэгдэх гээд хумсаараа унтлагынх нь өрөөний цонхыг маажих эмэгтэйн төрхийг харжээ. Биеийнх нь хамаг шар үс арзайн мэгдсэн өвгөн эхнэрээ байгааг олж харсан бөгөөд тэр даруй гүйн очиж цонхоо онгойлготол эхнэрийнх нь дүр агаарт замхран одсон байна.
Өвгөн эмч рүүгээ утас цохиж болсон эл явдлаа хэлж, эхнэрийнхээ булшийг үзмээр байгааг хэлтэл эмч түүнд эхнэрээ алдсан сэтгэлийн шаналан, стресснээс болж хий юм үзсэн байлгүй гээд огт ойшоохгүй байсан гэнэ. Энэ явдлаас хойш хэдэн өдөр өнгөрөхөд өдөр бүр өвгөн эхнэрийнхээ тусламж хүсч, чухам юуг хэлэх гээд байгааг үл ухах жигтэй төрхийг үзэх болжээ.
Ингээд эцэст нь өвгөн сэтгэл шулуудаж эхнэрийнхээ булш руу явж, булшийг нь хүрздэн ухаж эхэллээ. Ухаад л байлаа, ухаад л байлаа… Нилээд хэдэн цаг ухсаны эцэст эхнэрийнхээ авсыг гарган ирж тагийг нь нээвэл эхнэрийнх нь ам нь нээгдэж чимээгүй хашгирах мэт хөшсөн байсан ба авсны тагны дотор талд хумсаараа маажсан ором үлдэж, хуруунууд нь эцэж цуцан өгөршсөн байсан явдал гарч байжээ.

3. Орон доорх үхдэл…

Харин энэ бол Оотом Мөрфи гэгчийн хүүрнэсэн удаах түгээмэл нэгэн яриа ажээ. Хуримынхаа бал сарын аялалаар Лас Вегасыг зорьсон шинэхэн хос нэгэн зочид буудалд өрөө авчээ. Аз жаргалдаа умбасан тэд өрөөнд орж ирээд хачин жигтэй гэмээр үнэрийг мэдэрчээ. Нөхөр нь хүлээн авах руу нь утас цохиж өрөөний хаа нэгтэйгээс эвгүй үнэр гарч байгаа тухай хэлж өөр өрөөнд орох хүсэлтэй байна гэвэл менежер нь захиалга ихтэй байгаа тул өөр өрөө байхгүй бөгөөд өрөөг цэвэрлүүлж, ресторанд үнэгүй оройн зоог барихыг санал болгосон байна.
Хосууд оройн амтат зоогны дараа өрөөндөө иртэл өнөөх эвгүй үнэр нь ханхалсаар байтал нөхөр нь дахин зочид буудлын менежерт хандлаа. Тэрээр дахин өөр өрөө гаргаж өгөх эсвэл өөр зочид буудалд буудаллахыг хүссэн нь бас л бүтэмжгүй болж тэд эндээ үлдэх болжээ. Менежер өрөөг дахин цэвэрлүүлэхээр болж, хосууд тэдэнд хоёр цагийн хугацаа өгөөд зочид буудлын казиног зорьлоо.
Зочид буудлын үйлчлэгч өрөөг бүхэлд нь нэгжээд ямар ч эвгүй үнэртэй зүйл олоогүй бөгөөд хөшигнөөс эхлээд өрөөний бүх эд хэрэглэлийг шинээр сольж сайтар цэвэрлээд явав. Ингээд хоёр цагийн дараа хосууд өрөөндөө иртэл бас л жигтэй үнэр ханхалсаар байсанд нөхөр нь уурсаж өөрөө тэр эвгүй үнэртэй ямар нэг зүйлийг хайхаар шийдэж элдвийг онгичиж гарлаа. Гэнэтхэн тэрээр орны матрассыг түлхэн унагаатал доороос нь үхсэн эмэгтэйн цогцос олджээ. Энэ явдлын тухайн Америк даяараа шуугиж бүр хэд хэдэн өөр хувилбараар ч яригдаж эхэлсэн байна.
Ийм тохиолдол үүнээс гадна 1999 ба 2010 онд хэдэнтээ тохиолджээ. Тэдний нэг нь Германиас жуулчилж ирсэн хосын буудалласан өрөөнд эвгүй үнэр үнэртэж байсан явдал бөгөөд хосууд тэндээ хонохоор болсон хачирхалтай тохиолдол юм. Гэтэл маргааш нь хосууд 64 настай Сауль Хернандез гэгчийн цогцсон дээр нойрссоноо мэдсэн гэдэг.

4. Бие борлуулах лосьон…

Мөрөөдлийн залуутайгаа гэр бүл болж, хуримын ёслолоо үйлдэхэд тун ойрхон болсон залуухан эмэгтэй байдаг байжээ. Өдөр хоног өнгөрөх бүр тэрээр өөрийн гоо үзэсгэлэндээ ихэд анхаарч, амьдралдаа ганцхан тохиох баярт өдрөөрөө хамгаас сайхан нь байхыг хүсэх болжээ. Хүмүүс түүнийг хэтэрхий үхмэл, цав цагаан арьстай гэлцдэгийг санасан бүсгүй хуримынхаа өдрөөр жигд борлосон сайхан арьстай болохоор шийдэж гоо сайхны салонуудад хандсан байна.
Гоо сайхны мэргэжилтнүүд түүнд нэг удаадаа 30 минутаар орох зориулалт, үйлчилгээ бүхий бүтэн биеийн арьс борлуулах аппаратыг санал болгосон нь түүнд ганцхан удаад хангалтгүй хэмээн үзэж хэд хэдэн гоо сайхны салонуудад хандан нэгийг нь дуусахаар нөгөөд нь очиж үйлчлүүлж эхэлжээ. Бие нь бага зэрэг боролж эхэлсэнд сэтгэл ханалгүй илүү их борлуулна гэж зүтгэсэн бүсгүй дэлгүүрт очиж бие борлуулах шингэн худалдаж авчээ. Ингээд биеэ чийгшүүлж түрхсэнийхээ маргааш нь дахин өнөө бүтэн бие борлуулах аппаратандаа ортол санаанд оромгүй явдал тохиосожээ. Энэ бол төрөлх гоо сайхандаа сэтгэл ханалгүй илүү сайхны төлөө шунасан эмэгтэйд тохиолдсон эмгэнэлт явдал бөгөөд тэрээр өөрийгөө амьдаар нь “болгосон” байсан юм.
Гоо сайхны мэргэжилтнүүд гэнэтхэн жигтэйхэн хиншүү хярвас гарч эхлэхийг анзаараад түүн дээр очтол тэрээр аль хэдийнэ гал авалцсан аппаратандаа нас барсан байсан бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүсгүйн дотор эрхтнүүд гадны нөлөөтэйгөөр шарагдаж “болсон” байсныг илрүүлсэн байна. Хуримынхаа өдрөөр алтлаг бор өнгийн сайхан арьстай болохыг хүссэн бүсгүйн худалдаж авсан лосьон нь маш ховор тохиолдолд хэрэглэх заалттай байснаас гадна арьсны нарны туяанд мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг зориулалттай байсан гэнэ.

5. Цуст Мэри

1994 оноос хойш интернэтээр яригдаж эхэлсэн энэ түүх нь ам дамжсан энэ төрлийн домог яриануудаас олонд хамгийн их түгсэн нь ажээ. Түүхийг хүүрнэгч: Би 9 настайдаа найзынхаа төрсөн өдрийн баярт уригдаж очсон юм. Тэнд бараг 10 охин байсан санагдаж байна. Шөнө дунд болоход бид “Мари Вөрт” гэдэг тоглоом тоглохоор шийдсэн юм. Бидний зарим нь энэ тоглоомыг мэдэхгүй байсан учир нэг охин маань энэ тоглоомын түүхийн тухай ярьж өглөө.
Охин: “Мэри Вөрт гэгч эмэгтэй балар эртний нэгэн цагт амьдардаг байсан юм. Тэр бол үнэхээрийн гоо үзэсгэлэнтэй охин байсан гэдэг. Нэг өдөр тэрээр золгүй осолд өртөж хэн ч түүнийг харж зүрхлэхээргүй үзэшгүй муухай царайтай болсон гэнэ. Мэри ч гэсэн өөрийнхөө ямар төрхтэй болсныг толинд харахаас ч эмээдэг, магад харвал галзуурлын байдалд орохоор болсон байсан юм. Ийм харамсалтай явдал болохоос өмнө Мэри өдөржин шахуу толиныхоо өмнө суугаад хөөрхөн царайгаа хэдэн ч цагаар хамаагүй бишрэн суудаг байлаа.
Нэг өдөр гэрийнхнийгээ унтсаны дараа Мэри сониучхан зандаа хөтлөгдөн өрөөнийхөө толь өөд сэм гэтэж очлоо. Гэнэтийн ослын дараа ямар төрхтэй болсноо харахыг хүссэн тэрээр өөрийнхөө үзэшгүй муухай царайтай болсныгхарсан даруй аймшигтай хашгирч, толио хагалчихжээ. Энэ бол түүний сэтгэл эмтэрч эрхгүй бачимдсан хар өдөр байсан ба осолд орохоос өмнөх үзэсгэлэнт төрхөө эрэхээр хагарсан толины ширхэг бүрт нэвчин орж, хэзээ нэгэн цагт хэн нэгэн түүнийг аль нэг толиноос эрж, харахыг хүсэх аваас тэр нь хэн ч байсан өршөөлгүй зэрэмдэглэгдэх болохыг тангараглаад харанхуйн ертөнцөд одсон юм гэдэг…” гэсэн яриаг сонссон бид ихэд айсан ч түүнийг толинд хайхаар зориглон шийдэж билээ.
Ингээд гэрлээ унтраагаад найзынхаа өрөөнд байсан толийг тойрч “Мари Вөрт, Мэри Вөрт… Бид Мэри Вөртэд итгэж байна…” гэж хэлж эхэлсэн юм. Төд удалгүй бид энэ өгүүлбэрийг долоо дахь удаагаа хэлэхэд толины өмнө зогсож байсан нэг охин учиргүй бархирч эхэлсэн ба өөрийгөө толиноос холдуулахаар ямар нэг юмтай тэмцэж эхэлсэн… Тэр охин маш чанга хашгирч байсан болохоор доод давхарт сонсогдож найзын маань ээж өрөөнд орж ирснээр энэ явдал дууссан юм. Ээж нь орж ирээд гэрэл асаасан ба айж сандарсан тэр охиныг буланд шигдээд учиргүй уйлж байгааг олсон юм. Тэгээд юу болсныг харахаар очсон ээж нь түүний баруун хацар дээрх хэн нэгэнд маажуулсан урт шархыг олж харсан гэдэг. Би энэ явдлыг, тэр охины царайг амьд ахуйдаа хэзээ ч мартахааргүй тийм их цочирдож билээ.
Зарим нэг нь амьдрал дээр болсон нь батлагдсан бөгөөд сэрдхийлгэм заримаас нь нэгийг ухаарах мэтчилэн өөр ямар мэдээ мэдээллийг хүлээн авах хүсэлтэй байгаа тухайгаа бидэнд санал хүсэлтээ ирүүлээрэй.

Эх сурвалж: Playskull.mn


URL:

Сэтгэгдэл бичих