Ах намтай арсалдахын оронд ард түмэндээ үйлчлэхийг анхаарууллаа

МАН-ын удамжлалт Мэдээллийн цаг өчигдөр тохиов. Орон нутгийн сонгуулиар ууган улс төрийн хүчин чамлахааргүй амжилт үзүүлснийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар онцолж, сонгогчиддоо талархал илэрхийллээ. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар МАН есөн аймагт үнэмлэхүй ялалт байгуулж, хоёр аймагт ничжээ.

 

Нийслэлийн есөн дүүргээс дөрөвт нь ялалт байгуулсан бол Налайх дүүрэгт мөн тэнцсэн байна. Нийт дүнгээр нь авч үзвэл 50 хувийн үзүүлэлттэй байгааг намын нарийн бичгийн дарга нар тодотгосон юм. Гол нь МАН ялсан газар бүртээ ард иргэдийнхээ саналыг асууж Засаг даргыг сонгох зарчим баримтлан ажиллаж буй гэнэ. Мөн олон түмэн хүлээж авахгүй байгаа хүмүүсээ хуйгаар нь солихоор болжээ.

 

Яг л өмнөх шигээ хариуцлагыг нь шат шатанд нь тооцож, шинэчлэлийг хийхээ мэдээллийн үеэр мэдэгдэв. Гэтэл ах намынхан ялсан газарт Засгийг нь байгуулахгүй асуудал үүсгэж, МАН-д л хууль үйлчилдэг алагчилсан байдал газар авах болсон талаар намын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Рашнаасэд өгүүлэв. Түүний хэлж буйгаар энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар 2000 гаруй нэр дэвшигчтэй холбоотой маргаан хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа гэнэ.

 

Шүүхийн байгууллага хараат бус байж, шинэчлэлийн салхи сэвэлзсэн гэдэг нь худал байж хэмээн тэрбээр тодотгосон. Учир нь МАН-ын нэр дэвшигчдийг гаргасан гомдлыг хэлэлцэхгүй хав дарах, эсвэл хэрэг үүсгэхээс татгалзах болсон аж. Тэгсэн атлаа АН-ын нэр дэвшигчдийн гомдлыг хэлэлцэж, тэр ч бүү хэл даруй шийдвэр гаргадаг байдал ажиглагдах болжээ.

 

Хуулийн дагуу энэ сарын 5-нд сонгуулиар аливаа маргааныг шийдэх хугацаа дуусгавар болох заалттай. Энэ дагуу ах намынхны нэр дэвшигчдийн асуудал шүүхийн шатанд гацаж, хав дарагдсан тохиолдол олон гэнэ. Ямартаа л, зарим газарт АН-ын нэр дэвшигчид “Танайхыг шүүхэд өгчихсөн. Удахгүй хариу нь гарч, манай талд шийдвэр нь гарна, хараарай” хэмээн онгирчээ.

 
Түүнчлэн Дархан-Уул аймагт ялалт байгуулсан МАН-ын 18 нэр дэвшигчийг бүгдийг нь шүүхэд өгсөн тохиолдол ч гарчээ. Мөн Өвөрхангай аймагт 4-5 нэр дэвшигчийг өгсөн бол Сэлэнгэ, Дорноговь аймагт ч энэ үйлдэл болсон байна. Энэ мэтчилэн МАН ялалт байгуулсан газруудад кампаничилсан ажиллагаа эрчимтэй өрнөж буйг Ш.Раднаасэд онцолсон юм.

 

Хуулийн байгууллага тагнаж, чагнасан хэргийг шалгахаасаа “төвөгшөөж” хэрэг үүсгэхээсээ татгалздаг болсныг ч энэ үеэр мэдэгдэв. Орон нутгийн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн багш, тэр ч бүү хэл цагдаа нар ч сонгуулийн сурталчилгаанд “дайчлагдаж”, хүн зөөвөрлөсөн баримт бий гэнэ. Мөн Баянзүрх дүүрэгт барааны савангаас эхлээд элдвийн зүйл тараасан нэр дэвшигчийн тухай баримт бий атал шүүхийн байгууллага авч хэлэлцэхгүй байгааг тодотголоо.

 

МАН-ын нэр дэвшигчид цаашид бүх шатны шүүхийн байгууллагад хандаж, асуудлаа эцэслэн шийдвэрлэн гэдгээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, тэд бууж өгөхгүй гэнэ. Шүүх рүү чиглэсэн аливаа гомдлын урсгалыг ялгаварлан ангилж, асуудалд хандсаар байвал энэ нь эцэстээ нэг намын эсрэг дайралт биш нэг намын эрх ашигт үйлчилж, иргэд рүүгээ онилсон тогтолцоо руу шилжих эрсдэлтэйг намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар онцлов.

 

Тэрбээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд олон зүйлд асуулт бас хариулт өгсөн гэж тодотгосон юм. Шүүхийн шинэчлэлийн асуудлаар Төрийн тэргүүнээсээ эхлэн шат шатандаа сэтгэл зовниж, олон асуудлыг өнгөрсөн парламент шийдвэрлэсэн. Гэвч асуудлыг шийдвэрлэж чадаагүй юм байна гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа гэсэн юм.

 

Шүүх шинэчлэгдэх нь битгий хэл харин ч бүлэг этгээдүүдэд үйлчлэх гар хөл нь болон өөрчлөгдөн, хувьсаж эхэлжээ. Гол нь АН ах намынхантайгаа арсалдах биш  ард түмнийхээ амьдрал руу нь өнгийж, асуудлыг нь шийдвэрлэж ажиллахыг ч тэрбээр санууллаа.

 Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих