Ардчилсан нам 20 жил төр барих боломжтой. Гэтэл…….

Шинэчлэлийн засгийн газар 100 хоноод уналаа.

Одоо АН яах вэ? Тэдний дараагийн нүүдэл нь юу байх бол. Тэд зөв гарцаа харж чадаж байна уу?Аль эсвэл маанагтаад л сүрдээд сандраад суугаад байх уу?. Юутай ч тэд зарим зүйлийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.  Том хүсэл жижиг хүсэлтнээ хэзээд иддэг гэдэг. Харин том хүсэл ямар байх вэ?

Өнгөрсөн хорин жил МАН, МАХН гэсэн нэрээр төр барьсан боловч Монгол орныг даяарчлалын шинэ эрин үед тохируулж хөгжлийн чиглэлээр юу ч хийгээгүй.

МАН, МАХН-ын 20 жилд хийж бүтээсэн зүйл:

-          Олон зуун мянган Монголчууд Монгол орноос дүрвэн гарсан нь Монгол үндэстний хувьд том эмгэнэл боллоо.

-          Улс орны их бүтээн байгуулалтыг луйвардаж, дээрэмдэж дууслаа.

-          Монгол хүний хийморийг унагаасан олон траншей, гудамжны гэгдэх хүмүүс бий боллоо.

-          Улс орныг мөхөөдөг авилгал гэдэг соёлыг Монгол оронд дэлгэрүүлэн цэцэглүүллээ.

-          Монгол хүний урмыг нь хугалж, хөгжиж цэцэглэх гэсэн үндэстний хүсэл эрмэлзлэлийг нухчин дарж уландаа гишгэлээ.

-          Бүтээн босгосон аж үйлдвэрээ тэр чигээр нь хаягдал болгон дээрэмдлээ.

-          Монгол төрийг үхээнцэр болгож булшилсаар байна

-          Шинэжлэх ухаан, боловсролыг мухар сүсгийн өлгий нутаг болгон цэцэглүүллээ. Энэ мэтчилэн яривал дуусашгүй олон зүйл байна. Ард түмэн ч хангалттай мэдэж байгаа.

2012 оны сонгуулиар АН түүхэнд байгаагүй улстөрийн амжилт гаргасан. Тэд УИХ болон орон нутагт олонхийн суудал авсан. Энэ боломжоо ашиглаж амбицтай үндэстний хүсэл эрмэлзлэлийг амилуулж чадвал ирээдүйд 20 жил төр барих боломж бий.

Германы философич Артур Шопенхаур “Дэлхий зөвхөн хүсэл ба төсөөлөл” гэсэн номондоо “Аливаа хүн төрөлхтний бүтээх дэлхий хүслийн тэнхээ, төсөөллийн их багаас шалтгаалдаг гэсэн бөгөөд агуу хүсэл, агуу төсөөлөл агуу дэлхийг бүтээж чаддаг” гэсэн юм. АН Монгол үндэстнийг дэлхийг авч явдаг үндэстэн болгох хүсэл, төсөөлөлтэй байж, дэлхийн хүн төрөлхтний улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, санхүүг авч явж чадах даяарчилсан Монгол үндэстнийг бүтээх хэрэгтэй. Монгол орныг дэлхийн хөгжил цэцэглэл, удирдлагын төв болгох хүсэл тавьж 2050 оны дэлхийн төсөөлөлтэй, хөгжлийн хөтөлбөрийг яаралтай боловсруулан гаргаж Монгол оронд баруун, зүүн, хангай, говь, төв бүс нутгийн мэдлэгт тулгуурласан аж үйлдвэрийг хөгжүүлж, таван хотыг цогцлоон байгуулах хөтөлбөрүүдээ боловсруулж энэ таван цэгийг өндөр хурдны галт тэргээр холбох хэрэгтэй.

Монгол орныг тэр чигээр Швейцар адил дэлхийн санхүүгийн төв, дэлхийн агаар болон бараа тээврийн төв болгон зарлаж, хөгжүүлэх зорилго тавьж, Монголын мэдлэг боловсролтой хүмүүсийг нам, улс төрийн идеологоор нь ялгахгүйгээр хөгжилд дайчилж чадвал АН ирээдүйн 20 жилд төр барих бүрэн боломжтой.

Агуу хүсэл нь өчүүхэн хүслээ ялдаг гэдгийг нотлохын тулд агуу амбицтай хөгжлийн хөтөлбөрөө яаралтай баталж бүх Монгол үндэстнийг дэлхийг авч явдаг үндэстэн болгож төлөвшүүлэх үндэстний давалгааг үүсгэх нь 20 жил төр барих баталгаа юм.

Гэхдээ энэ бүхнийг хийж бүтээхийн тулд Монгол үндэстний эсрэг оюуны терроризмыг яаралтай таслан зогсоох, намчирахгүйгээр шинэ Монголыг бүтээх 45 наснаас доош ШУ, инженерийн салбарт цол зэрэг хамгаалсан хүмүүсийг эгнээндээ нэгтгэж, технологийн бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын сангийн удирдлага, шинэ ШУ инженерийн салбарын ажилтнуудыг дэлхийн тэргүүний их сургуульд бэлдэх нь амжилтанд хүрэх баталгаа юм.

1905 онд “Самурайн Этик” Японы амин сүнс гэдэг ном гарснаар Япон үндэстэн дэлхийн тэргүүний үндэстэн болж төлөвшсөн түүх бий. Японтой харьцуулбал Монгол үндэстэн олон удаа хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг авч явсан соёлтой.

Тиймээс Монгол үндэстэн дэлхийг удирдах үндэстэн болж төлөвшөе гэвэл “Чингисийн Этик” Монголын амин сүнс гэсэн номыг сонгодог философи сурсан хүнээр захиалан бичүүлж гаргах хэрэгтэй. Марксизм-Ленинизмын философи хэзээ ч ийм агуу оюун хөшөөг босгож чадахгүй. Үүнээс гадна дэлхийг авч явдаг Монгол үндэстэн болж төлөвшихын тулд улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвадаг байж болохгүй. Тиймээс Монгол үндэстэн дэлхийг удирддаг болж төлөвшихын тулд өөрийн улс төрийн идеологоо боловсруулж гаргах ёстой. Хятадад “Маоизм”, Орост “Ленинизм” байдаг бол Герман “Идеализм”,  Франц “Рационализм”, Англид “Эмпиризм” байдаг. Америкт “Прагматизм”, Арабд “Мухамедизм”, Японд “Самурайнизм” байдаг. Тэгвэл Монголд төрийн захиалгаар “Чингисизм” хийж байж бүтээн байгуулалтаа идеологийн төвшин, эрдмийн төвшинд баталгаатай болно. Хугацаа алдвал АН оройтсон бороо, оройтсон хайр л болж МАН, МАХН-тай ижил болж шалбаагт унах болно. Юун 20 жилийн төр барих вэ? Үлгэр л болж хувирна.

А.Ганболд

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих