“Мобиком”-ын 15 жилийн ойд барих зарга

Мобиком 15 нас хүрчээ. 15 жилийн ойн арга хэмжээ нижгэр болж байна гэж жигтэйхэн. Монголдоо томоохонд тооцогдох айл болохоор багахан юмаар баяраа тэмдэглэлтээ ч биш дээ. Нэр нүүр байна, юмтай газар гэдгээ харуулалгүй яахав. “Мобикомд баярлалаа” гэсэн уриа үгтэй Пи Ар хаа сайгүй түгэж байна. Өөрийнхөө таван жил чадан ядан барьсан мобигоо хараад хэн юунд баярлаад байгааг эргэцүүлж нэг бодлоо.
Манай улсын ихэнх сумын төвүүд Мобикомын сүлжээтэй болсон. Энэ бол том амжилт. Бас ч гэж мэдээллийн технологийн хөгжилд мобигийн оруулсан үүрэг их гэдгийг зарга мэдүүлэхийн өмнө чин шударгаар өчсүгэй. Анх энэ компанийг Монголд оруулж ирсэн Япон эзэн нь тухайн үедээ “Монголоос бид тийм ч их ашиг горьдохгүй байна. 10 жилийн дараа зардлаа нөхөх байх аа” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан гэдэг. Гэвч хоёр жилийн дараагаас л Мобиком ашигтай ажиллаж,  тавхан жилийн дараа тэр эрхэм 22 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг татварт мэдүүлсэн түүхтэй. Одоо бол Мобиком болон түүний харьяа, охин компаниуд нийлээд нэг жилийн цэвэр ашиг нь 100 тэрбумд дөхөж очжээ. Компанийн нийт хувьцааны 60 хувийг япончууд эзэмшдэг гэх бөгөөд тэр мөнгө Номхон дөлгөөн далай тийш налайтал урсаад гарчихна аа гэсэн үг. Байгуулагдсан цагаас нь хойшхи цэвэр ашиг, хөрөнгө оруулалтын орлогыг нийлүүлж тооцвол мобигийн арвижсэн хөрөнгийн тоо аль хэдийнэ нэг тэрбум доллар хол давжээ. Мобикомын удирдлагууд “Бид 15 жилд 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн, 3 тэрбум төгрөгийн хандив тусламж монголчуудад үзүүлсэн” гэж сайрхлаа. Энэ хандив тусламжийн гэдгийн ихэнх нь ивээн тэтгэлэг нэрээр Монголын хамтлаг дуучдыг худалдаж авсан төлбөр шүү дээ. Тэр чинь хандив биш, бизнесийн төлбөр л байхгүй юу даа. Ингээд бодохоор Мобикомчууд 15 жилийн хугацаанд Монголд ашгийнхаа 0.01 хувь хавьцаа л  хялайсан болж таарах нь. Ер нь ингэхэд тэдний одоо сандайлчихаад байгаа 300 тэрбум төгрөгний хөрөнгө хэний халааснаас гараад бүтчихсэн эд вэ. Япончууд л авчирч асгаад байсан гэх аястай юм яригдаад байна шүү, нүдний чинь өмнө.
Мобикомын тусламж, хандив цаанаа л нэг чиргүүлтэй, “нигууртай”. Бээжингийн олимпоос алтан медаль авсан жудогийн их аваргад 99999999 гэсэн “Аз”-ын дугаар бэлэглэхэд нь “Моби Овоо доо. Монгол хүн шиг баярлаж байна” гэж бид хичнээн их хөөрөв. Тэр дугаар луу залгана, үргэлж л автомат хариулагч. Харин тэгтэл төлбөр яг ярьсантай адил унаж байсан байгаа юм. Ямар сайндаа л Булганы хөгшчүүл “Олимпын аваргадаа баяр хүргэх гээд олон естэй утас руу нь нэгжээ дуустал залгалаа. Нэг охин авчихаад нэг үгээ л тоть шиг давтаад болж өгөхгүй юм” гэж байхав дээ. Японы ганц одыг манай аварга нам шидчихээд ирсэнд нь арай тэгэж өсөрхөөгүй байлтай.
Манай урлагийнхан гэж үнэ хүндгүй том одууд явах. Одоо ч хатдаа, компани компанийн үүд сахьсан гуйлгачингууд гэвэл хэтийдсэн болохгүй. Моби медиа гэдэг үйлчилгээгээр нөгөө хэдэн одуудын дууг татна аа. Хагас доллар шахуу төлбөр хураалгаж хөөрхий хэдэн одынхоо дууг сонсоно. Моби тэр үйлчилгээгээр цулайж байна аа. Жавхлангаас бусад нь айгаад хэрүүл хийж чадахгүй. Учир нь Моби ивээн тэтгэхээ больчихно. Арай гайгүй хаялгатай нь моби гэж тэд хүүрнэлдэнэ. Үнэндээ бол өөрийнх нь уран бүтээлээр мобигийн олсон ашгийн тав аравхан хувийг л ивээн тэтгэлэг нэрээр чулуудчихаж байгаа хэрэг. Ганцхан жишээ хэлье. 2008 оны зун юм даг. Хятадын “Во ай ни” буюу “Би чамд хайртай” гэдэг ХИТ дууны продюссор Монголд сэм ирээд буцсан юм. Тэр Хятад нөхөр “Хулгана цагаан будаанд дуртай шиг би чамд хайртай” гэдэг марзан үгтэй сулхан дуу хийчиж. Тэрийгээ ичээд гаргаж ирэхгүй байсаар гурван жил хав дарсны эцэст нэг инээдмийн киноны найруулагч гуйгаад байхаар нь өгчиж гэнэ. Гэтэл нөгөө дуу нь Хятад даяар ХИТ болж мань эрийн болон дуучин, шүлэгчин, хөгжимчин гээд тэр дууг зохиосон бүх хүмүүсийн амьдрал орвонгоороо эргэх нь тэр. Одоо хүртэл сайхь эр голсон дуугаараа сар бүр өчнөөн сая юань аваад явж байна. Энэ их мөнгө хаанаас олдсон бэ гэж үү. Хятадын Моби медиа үйлчилгээнээс. Нэг дуу татахад нь орлогын тодорхой хувь нь эзнийх нь данс руу автоматаар орно. Тэрбум Хятад дуу татахаар тэр хөгжмийн зохиолч баяжилгүй ч яахав дээ. Харин манай моби бол “Жавхлангууд хуцаад байгаарай. Дууг чинь татахдаа л татна аа” гээд л хээв нэг хуссан чигээрээ сууна шүү дээ. Уг нь манайд авьяаслаг залуус олон бий. Тэд нар од болж жүжиглэх биш, гуйлгачин болж хүний босго сахих биш сайн хуульч болж, нэрд гарсан заргач болж тэмцсэн бол мобигоос насныхаа хоолыг олчих байлаа.
Ийм нэг заргын нийтлэлийг Мобигийн Япон, Монгол ахан дүүстээ өргөн барья аа. Та бүхэн баяраа сайхан тэмдэглэж дууссан байх гэж найдаж байна. Тэгвэл наашаа чихээ хандуулаад аан гээд уун гэж бай. Та нарыг ерөөсөө 100 хувь буруутгах гээгүй байна. Та хэдийн ашиг олж байгаа явдал зөв. Цаашдаа бизнесээ л хий, ашгаа л ол. Дараагийн 15 жилд 3 тэрбум төгрөгийн “их” зардал гаргаж, хандив тусламж гэхээ больчихоо. Ялихгүй зусар баяжихад саад. Түүний оронд манай монголчуудад ярианыхаа тарифаас 3-хан төгрөг хасаад л буян болчих.
Харин энэ нийтлэлийг уншиж байгаа УИХ-ын эрхэм гишүүн ээ, хэн сайдаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийг стратегийн гол томоохон бизнесийн салбарт оруулахдаа анхаараач ээ. Та бол мобид сард сая саяар нь төлөхөд юу ч мэдрэгдэхгүй байгаа. Харин сэтгүүлч надад гар утасны төлбөр 100 мянга гараа л бол амьдрал утгагүй болно гэсэн үг. Бидний ад үзээд байдаг хужаа нар л гэхэд гадаадын хөрөнгө оруулалтан дээрээ тун чиг зөв бодлого барьж байна. Урд хөршийн хөрөнгө оруулалтын хуулиар бол стратегийн томоохон бизнесийн салбар гадныхныг оруулахдаа бүх мөнгийг нь өөрсдөөр нь гаргуулж хийлгэчихээд 10-15 жилийн дараа компанийх нь хувьцааны 50-иас илүү хувийг улсдаа авчихаж байна. Ингэж чаддаггүй юмаа гэхэд хуулиндаа нийт цэвэр ашгийнхаа ядаж 10 %-ийг нийгмийн салбарт зориулна гээд тусгачихаж болдоггүй юмуу. 2.7 сая монголчууд 1.3 сая мобигийн дугаар хэрэглэж байна шүү дээ. Оюутолгойгоо тавьж зээлсэн 200 сая долларыг чинь моби хоёрхон жилд олж байна. Энэ чинь стратегийн бизнес биш гэж үү.
Ө.Мэргэндүү.  Zindaa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих