Хоёр “Э”-гийн эргүүлэг

Хөгшин хүн үхэхээрээ айлгадаг шиг Н.Энхбаяр өлсөхөөрөө айлгаж байна. Түүний биеийн байдал муу байгаа ч дахин өлсгөлөн зарлах болсон тухайгаа Л.Жамбалжав эмчээр дамжуулжээ. МАХН-ынхан Засгийн газрыг бойкотолж, дарга нь өлсгөлөн зарлахаараа сүрдүүлж, өнөөдөр болох шүүх хурлын шийдвэрийг өөрт ашигтайгаар эргүүлэх гэж буй нь энэ.

 

Л.Жамбалжав эмчийн хэлж байгаагаар байдал үргэлжилсээр байвал экс амь насаа ч алдаж мэдэх эрсдэлтэй болжээ. Гэсэн ч буруугүй гэдгээ бататгахын тулд дахин өлсгөлөн зарлахаар шийдвэрлэсэн байна. Гол нь Н.Энхбаярын ухаан санаа эрүүл саруул, өөрийнхөө үзэл бодол, байр сууриндаа бат зогсож байгаа гэнэ. Энэ л хамгийн чухал.

 

Тэр ойрын үеийн улс төрийн өрнөлийг өөрийнхөөрөө бичиж, найруулан, тайзнаа “амилуулсан”. Бүгд түүний төлөвлөсний дагуу, түүний найруулгаар явагдаж байна. Хаана ч гацсангүй, бас өөрчлөгдсөнгүй. Шадар сайд Д.Тэрбишдагва Гүйцэтгэх товчооны хурлын тогтоолын талаар мэдээлэл хийхдээ уйтгартай царайлж, албан тушаалаасаа татгалзах хэцүүхэн байгаа бололтой харагдаж байсан.

 

Хэлсэн үгэндээ хүртэл итгэлтэй бус байгаа нь түүний мэдэгдлээс харагдана. Нөгөөтэйгүүр, МҮАН-ынханд ч хэлж, тохиролцоогүй МАХН-ынхны энэ үйлдэл ердөө л ганц хүний толгойгоор боловсруулагдсан зохиол болох нь батлагдсан юм. Мөн хамтарсан Засгийн газраас тарах сонирхолгүй байгаа бөгөөд энэ нь зөвхөн сүрдүүлэг төдий гэдэг нь ч цухалзаж байна.

 

Өнөөдрийг болтол албан ёсоор эрх баригчдад мэдэгдээгүй байгаа нь энэ бүхний хариулт. Тиймдээ ч АН-ынханд амаа асуулгаж, нөгөөдүүл нь “Эвсэл албан ёсоор шийдвэрээ гаргасны дараа АН байр сууриа илэрхийлнэ” хэмээн бардамнаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Киргизээс ирсний дараа асуудлаа албан ёсоор танилцуулж, хэлэлцэнэ гэж ч хэлээд амжсан.

 

Гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлал өчигдрөөр дуусч, тэрбээр 11.00 цагт эх орондоо газардсан юм. Гэвч МАХН-ынхан албан ёсоор албан бичиг барьж гүйсэнгүй. Таг чиг. Түүнчлэн Н.Батцэрэгтэй тохой нийлүүлэн сууж, эвсэл асуудлыг хэрхэн авч үзэж байгаа талаар байр сууриа илэрхийлнэ гэж байсан ч талаар болов. Нэг хүний эрх ашгийн төлөө албан тушаалаасаа татгалзаж чадахгүй байгаагаа эртнээс мэдэгдсэн МҮАН-ынхан МАХН-ынханд N0 гэсэн бололтой юм.

 

МҮАН-ын дарга М.Энхсайхан Төрийн ордноор гүйдэлтэй болж, Н.Батцэрэгийн өрөөнд “албат”- аа цуглуулж, хуралддаг болоод байгаа. Экст хөрсөн түүний сэтгэл хэзээ ч бүлээцэхгүй болох нь ч энэ мэт үйл явдлуудаар баталгаажсаар байна. Үнэндээ ч МАХН-ынхан Засгаас гарснаар алдана уу гэхээс онохгүй. Энэ дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлийн Засгийн газар бүтээн байгуулалтыг өрнүүлж чадвал МАХН ч ард түмний дэмжлэгийг хүлээнэ.

 

Олон жил ноёрхсон намын хийж чадаагүй ажлыг АН, МАХН хамтран хөгжлийн гарааг тавилаа гэсэн сайн нэр дуулна. МАХН олигархижсан МАН-аас арай өөр гэсэн бодитой имижийг бүрдүүлж чадна. Харин одоо Засгаас гарчихвал ганц хүний нам юм гэсэн таагүй нэрийг дуулахаас өөр зүйлгүй. Гэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээчих вий гэсэн эксийн айдас тэдний хоолойг “боомилж” байна.

 

Мэдээж, тэдний сүрдүүлэг болоод шантааж нь шүүхийн шийдвэрт нөлөөлж чадна гэхэд эргэлзээтэй. Н.Энхбаяр болон түүний хүү Э.Батшугарын асуудлаар эрх баригчдыг бойктолж байсан тэдний үйлдэлд АН эхнээс нь хариултаа илгээсэн гэж ойлгож болно. Эвслийн 11 дэх хүн болох Ц.Оюунбаатарыг хойш татаж, Э.Батшугарыг цэргийн алба хаасныг нь бататгах бичиг баримтыг СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээн аваагүй.

 

СЕХ-ны албан бичигт дурьдагдсанаар Э.Батшугар нь цэргийн албан хаагаагүйн дээр нэр дэвших үедээ хасагдаж, сонгуульд оролцоогүй учраас түүнд парламентын босгыг алхах ямар ч боломж, бололцоо байхгүй. Товчхондоо, Э.Батшугарын УИХ- ын гишүүн болох хувь дутлаа, энэ удаад. Харин эцэгт нь боломж бий гэж үү. Тэд хичнээн айлгаж, сүрдүүлсэн ч энэ амьдралынх нь өнгө өөрчлөгдөхгүй мэт.

 

Гол нь МАХН-ынхны гаргаж байгаа араншингаас болж улс оронд үүсэх тогтворгүй байдлын хариуцлагыг    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээх учиртайг Д.Тэрбишдагва    мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн өнөөдрийн өрнөл Ц.Элбэгдорж руу онилогдож байна. Засгийн газрыг нь барьцаалж, өлсгөлөнгөөр далайлгасан энэ үйлдэлд Төрийн тэргүүн сүрдэж, Дээд шүүхийн шийдвэрийг нааштайгаар гаргана.

 

Бүр Н.Энхбаярыг буруугүй гэсэн шүүхийн шийдвэрийг Хяналтын шатны шүүх хурлаар гаргах юм. Энэ бол эксийн хүсэж байгаа үр дүн. Иймээс л санаагаа гap, хөлөөрөө дамжуулан Төрийн тэргүүнд хаягласан нь энэ. Хэрэв Хяналтын шатны шүүх Н.Энхбаярыг наранд гаргахаар шийдвэрлэж, гэм буруугүй гэж үзвэл эксийн төлөвлөгөө амжилттай болж, Ц.Элбэгдорж шүүхийн байгууллагыг хуруугаараа хөдөлгөж байгаа нь баталгаажина.

 

Ийн атал шударга байхыг уриалдаг Төрийн тэргүүн ийм үйлдэл хийх гэж үү. Нөгөөтэйгүүр, ардчилал болоод авлигаасаа нүүр буруулсан нэгэн болж, олонд чичлүүлэх бус уу. Хэдийгээр 2013 оны сонгуулийг угтсан их улс төрийн үйл явдал өрнөж байгаа ч хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн байх зарчим алдагдахгүй байх. Н.Энхбаяр бол Ц.Элбэгдоржийн сонгуулийн өмнө ард түмнээсээ оноо авах цорын ганц хөзөр.

 

Тэр Өршөөлийн хуулиар өмнөх Ерөнхийлөгчийг өршөөнө. Үе үеийн Ерөнхийлөгч нарын энэ үйлдэл сонгогчдод сонголтоо хийхэд нь нэмэр болох учиртай. Тэгвэл Ц.Элбэгдорж айж, сүрдсэндээ хөзрөө яаран дэлгэх хүн мөн үү, үгүй юу гэдэг нь өнөөдрийн хуралдаанаар тодорхой болох нь. Өнөөгийн Төрийн тэргүүн ерөнхийлөгчийн сунгаа эхэлж байгаа ийм үед Н.Энхбаярыг цагаатгачихвал МАХН-аас нэр дэвшээд, өөрөө өвдөг шороодох вий гэсэн болгоомжлолтой байгаа нь нууц биш.

 

Хөдөө орон нутагт рейтинг нь огцом өндөр байгаа хүчтэй өрсөлдөгчөө суллаж явуулаад, өөрөө бүдрэхийг тэр лав хүсэхгүй. Тэгэхээр түүний хариулт болоод шүүхийн шийдвэр нэгэнт тодорхой мэт. Гол нь энэ бүх үйлдлийн дараа Засгаас гарах сонирхолгүй байгаа эвслийнхэн Н.Энхбаярыг хаях уу, эсвэл хэн ч биш болж хувирах уу гэдэг нь бас л хачирхалтай.

Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих