Хаалттай нийгмийн цаана орших нээлттэй цонх

Өндөр өсгийтөөр гоёсон, гоолиг бие, намирсан урт ус, дэрвийсэн хар сормуустай залуу. Ингэж тодорхойлохоор хэний тухай бичих гэж буй нь ойлгомжтой байх. Тэднийг зарим нь нийгмийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг бол өөр нэг нь тусгаарлаж орхидог. Харин тэдний чухам юу боддог, яагаад нийгэмд өөрсдийгөө таниулж чадахгүй байгааг ойлгохыг хичээдэг нь цөөн. Гей залуусын амьдралын тухай өгүүлэх жүжгийг “Нөхөрлөл” студийн залуу уран бүтээлчид тайзнаа амилуулжээ. “Сарны шивнээ” нэртэй эл жүжгийн найруулагчаар эл студийн залуу уран бүтээлч А.Золзаяа ажилласан байна. Харин дүрүүдэд кино дэлгэцийн салбарт хөл тавьж буй шинэ үеийн жүжигчид, Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд оролцон тоглосноороо давуу талтай.
Давуу хэмээн тодотгож буйн учир нь эл жүжигт шинэ үеийн жүжигчдийн төлөөлөл ч гэсэн гей хүмүүсийг тэд уйлдаг, уурладаг, инээдэг, баярладгийг илүүтэй ойлгон авч байгаа юм. Үнэндээ би ч гэсэн энэ жүжгийг үзэхээсээ өмнө эдгээр хүмүүсийн талаар буруу ойлголттой явдаг байж. Харин эл жүжгийг үзсэнээр гей залуусыг харах өнцөг маань өөрчлөгдсөн. Жүжгийн үеэр гей залуус өөрсдийгөө илэрхийлэхийн тулд хэрхэн хичээдгийг хараад эрч хүч авах шиг болсон. Хүссэнээрээ хувцаслаж өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхийг харах сайхан санагдсан.
Хэнээс ч дутахааргүй дуулж, бүжиглэж байгааг харсан үзэгчид ч тэдэнд урам өгөн алга ташилтаа харамгүй хайрлаж байлаа. Үзэгчдийн дийлэнх нь залуус. Тэд энэ өдөр дан ганц жүжиг үзээд зогссонгүй. Гэр бүлийнхэнтэйгээ илэн далангүй ярьж чаддаггүй тийм л зүйлээ үе тэнгийнхэнтэйгээ хуваалцаж санал бодлоо солилцсон. Дотно харилцаа, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн амьдрал гээд томчуудын хувьд хаалттай сэдэв энэ өдөр нээлттэй байв.
Жүжгийн үеэр бэлгийн замын өвчин, ДОХын тухай мэдээлэл өгөх зорилгоор үзэгчдэд гарын авлага тараасан нь ч нүдээ олсон хэрэг байлаа. Залуус ч гарын авлага, товхимлыг үзэж санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Дашрамд дурдахад, эл жүжгийг үзэхээр зарим сургуулийн багш оюутнуудтайгаа ирсэн нь сайшаамаар.

“Сарны шивнээ”

Жирийн нэгэн гэр бүл. Гэр бүлийн гишүүн бүгд тус тусын үүрэгтэй. Ээж нь гэр орныхоо арын албыг хашиж хань, удам залгах ганц хүүгээ хүнээс дутуу явуулчихгүй юмсан гэсэндээ бүхий л зүйлийг болгох гэж хичээнэ. Харин аав нь бусдын нэгэн адил ажлаа хийж гэр бүлээ гэдэс цатгалан, мөр бүтэн явуулахын төлөө өдөр алгасалгүй зүтгэх аж. Тэд ганц хүүгээ сурлагатай, мэдлэгтэй болгохын төлөө хичээвч түүнийг бусдаас өөр гэдгийг мэдэлгүй олон жилийг өнгөрөөжээ. Ингэж л найруулагч А.Золзаяагийн зургаан үзэгдэлт жүжиг эхэлнэ. Гей залуусын амьдрал, хүсэл, мөрөөдлийн тухай өгүүлэх жүжгийн гол дүрийг Тулгаа гэдэг. Тулгаа бусад залуусын адил өглөө сургуульдаа явж, орой найзуудтайгаа уулзана. Бусдаас өөр гэдгээ мэдсэн тэрбээр өөрийгөө мэдэгдүүлэхгүйг хичээхдээ жүжиглэх тохиолдол ч гарна. Тиймээс түүнийг зөвхөн найз залуу нь л ойлгоно гэж бодох болжээ. Түүний ижил хүйстэн гэдгийг гэр бүлийнхэн нь гадарлах ч үгүй байлаа. Гэтэл нэгэн өдөр Тулгаад мөнгө хэрэг болж ээжээсээ мөнгө авахаар гэр рүүгээ явна. Түүнийг гэртээ ирэхэд ээж нь хамаг бүхнээ барьж аргадах аж.
Энэ үед Тулгаагийн “хаалттай хаалга” болсон аав нь ирэв. Аав нь түүнийг ойлгохгүй гэж бодохдоо тэрбээр хөндий харилцана. Хааяахан харц тулгарахдаа үнэнийг минь мэдчих вий хэмээн дальдчин зугтдаг болсон байна. Харин аав нь гаднаа хэдэрлэвч хүүдээ санаа нь зовохдоо хааяахан хатуу үг хэлчихдэг аж. Тэрбээр ганц хүүтэйгээ буруу харилцаж байна гэдгээ мэддэг ч эр хүн шиг ноён нуруутай, хаттай болгох гэж байгаа нь энэ аж. Тэрбээр ховорхон тааралддаг хүүтэйгээ эр хүн шиг ярилцахыг оролдоно.
Нэг удаа Тулгаагийн аав хүүгээ ижил хүйстэн гэдгийг мэднэ. Өөртэйгөө адилхан дэрсхэн охин дагуулаад ирж танилцуулна гэж хүүгээ бодож явсан аавд энэ мэдээ хүнд цохилт өгөв. Яахаа мэдэхээ байсан түүний хувьд амьдрал дэндүү хатуу санагдах ажээ. Ганц хүүгээ хүнээс дутуу явуулахгүй гэж өдөр, шөнөгүй зүтгэдэг байсан түүний хувьд ирээдүй нь гэрэлгүй санагдах аж. Харин хүүгээ аавтайгаа хэрэлдэж байгааг харсан ээж үнэн учрыг нөхрөөсөө сонсоно. Хүүгээ ижил хүйстэн болсонд өөрийгөө буруутгасан ээж нь сэтгэлээр унав. Ийн эцэг эхийгээ үнэнтэй эвлэрч ядан байх тэр үед Тулгаа зориг гарган найз залуугаа танилцуулахаар дагуулан ирнэ.
Энэ үед тэдний хооронд том ангал байгаа мэт санагдавч хэсэг хугацааны дараа нэг нэгээ ойлгосноор жүжиг төгсөх ажээ. Жүжигт өгүүлсэнчлэн гей хүүгээ хүлээн зөвшөөрөх гэр бүл өдгөө нийгэмд хэчнээн байгаа бол. Тэдний хүсэл мөрөөдлийг сонсч, хүлээн зөвшөөрөх найз хэр олон бол гэсэн асуулт жүжгийн төгсгөлд үлдлээ. Гэхдээ тэдэн шиг хүмүүсийг ганцаардуулж, нуугдуулахгүйн тулд нэг удаа ч болов оролдоод үзэх хэрэгтэй. Хэдийгээр тэд бэлгийн сонирхлын хувьд бусдаас өөр ч бидэнтэй л адилхан мөрөөдөж, зорилгоо биелүүлэхийн төлөө хичээж яваа эгэл нэгэн хүн шүү дээ. Хэрвээ Таны танил тэдний нэг бол ойлгох гээд оролдоод үзээрэй.

Б.СЭЛЭНГЭ

URL:

Сэтгэгдэл бичих