Зургаан хувийн зээл баяртай гэж үү?

Хоёр долоо хоногийн өмнө олон улсын хөрөнгийн зах зээлд шинэчлэлийн Засгийн газрын автортой “Чингис бонд” амжилттай арилжаалагдсан нь Монгол Улсын түүхэнд тодоос тод мөр үлдээсэн, дэлхий дахины анхаарлыг татсан онцгой мэдээлэл болж тэмдэглэгдлээ. Одоо төв банкны дансанд 1.5 тэрбум ам.доллар бий, энэ бол “Чингис бонд”-ыг арилжаалснаар “боссон” хөрөнгө. Цаашдаа үнэт цаасны арилжаа амжилттай үргэлжилбэл, үе үеийн Засгийн газрынхны мөрөөдөөд ч чадаагүй мөнгийг Н.Алтанхуягийн танхим дэлхийн хөрөнгийн зах зээлээс босгоно гэсэн үг. Хэдийгээр бондын ард хүү тооцогддог хатуу тоглоом явж байгаа ч ашигтай, хэрэгцээтэй зүйлд хөрөнгийг зарцуулж чадвал богино хугацаанд хөгждөгийн жишээг харуулж чадна. Тиймээс “Чингис бонд”-оор босгосон хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг нь монголчуудын анхаарах хамгийн чухал сэдэв болж буй юм.

Засгийн газрын төлөвлөснөөр “Чингис бонд”-оос босгосон хөрөнгийг аж үйлдвэрийн парк байгуулах, авто зам, төмөр зам барих, арилжааны банкны зээлийн хүүг бууруулахад эх үүсвэр болгон зарцуулах аж. Авто зам, төмөр зам, аж үйлдвэр Монголд хэрэгтэй бүтээн байгуулалт уу гэвэл мөн. Гэхдээ түүнээс дутахгүй, нэгдүгээрт бичигдэх хүн амын дийлэнх хувийн хүсэн хүлээж байгаа хөтөлбөрт “Шинэ бүтээн байгуулалт” жагсч буйг шинэчлэлийн Засгийн газар харин ч нэг тоож авч үзэх шинж алга. Байдлыг ажиглавал бүр эсрэг “тоглолт” хийх янзтай. Ингэхдээ өмнөх Засгийн газрын эхлүүлсэн жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг “Хэрэгжүүлэх боломжгүй, сонгууль угтаж эхлүүлсэн шоу байсан” гэж доош нь хийж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын мэдэгдлээр бол “Шинэчлэлийн Засгийн газар “Чингис бонд”-оос босгосон мөнгийг орон сууцны жилийн зургаан хувийн хүүтэй зээлд зарцуулахгүй. Ер нь жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг иргэдэд орон сууцны зээл хэлбэрээр өгсөн нь С.Батболдын Засгийн газрын танхимын хийсэн хамгийн үндэслэл тооцоололгүй ажил байжээ, дэд сайдын хэлснээр шүү дээ. Шалтгааныг нь тоочвол Төрийн банкаар дамжуулан өнгөрсөн хугацаанд иргэдэд олгосон жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн зөрүүнд төсвөөс нэмж зургаан хувийн хүү төлдөг. Нэг ёсны зээлд хамрагдсан иргэдийн халааснаас зургаан хувь гарч, мөн зургаан хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс барагдуулж байгаа тул маш муу зээлд тооцогдож байгаа аж.

Бодит байдлыг аваад үзвэл, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн баасан гаригт чуулганы танхимд хийсэн мэдэгдлээр бол өнөөдөр арилжааны банкны зээлийн хүү сарынх нь 2 хувь, жилийнх нь 24 хувь байна. Ийм зээлийг бага, дунд орлоготой нь байтугай дундаж амьдралтай иргэд дийлж, банкнаас зээл авах уу.  Яаж ч чардайгаад чадал хүрэхгүй. Тэгэхээр Н.Алтанхуягийн Засгийн газар жилийн 24 хувьтай тэнцэж байгаа өнөөгийн арилжааны банкны зээлийн хүүг ямар арга, авъяасаар нэг оронтой тоо руу буулгах гэж буй юм бол… “Чингис бонд”-оор босгосон мөнгөө арилжааны банкны зээлийн хүүг бууруулахад зарцуулна гэвэл өнөөдрийн 24 хувийн хүүг 12 хувь руу буулгана гэсэн үг үү. Ингэж огцом бууруулах боломжтой юу. Эсвэл 24 хувийн хүүг дөрвөн хувиар бууруулж 20 хувь болгоно гэж ойлгох уу. Ямар ч арга хэрэглээд арилжааны банкны зээлийн хүүг одоогийн төвшнөөс бууруулж 12 хувь руу орууллаа гэхэд нөгөө муу өмнөх Засгийн газрын иргэдэд олгож байсан жилийн зургаан хувийн зээлээс ашигтай, алдагдал багатай хувилбар  харагдахгүй л байгаа юм даа. Тэгэхээр шинэчлэлийн Засгийн газар ард түмэндээ хандан “Зургаан хувийн зээл баяртай” гэж хэлээд энэ зээлийг хаах нь эрт байгаа юм биш үү.

705 иргэн зээл хүлээсээр?

Өмнөх Засгийн газрын эхлүүлсэн жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахаар 4083 иргэн хүсэлт гаргаснаас шаардлага хангасан 3965 иргэний хүсэлтийг Орон сууцны санхүүжилтийн корпораци Төрийн банкинд шилжүүлжээ. Ямар ч байсан Төрийн банк 1081 иргэний 47.3 тэрбум төгрөгийн зээлийг шийдэж өгсөн бол 705 иргэний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Учир нь Төрийн банкнаас орон сууцны чиглэлээр олгох зээлийн санхүүжилт дууссанаас, Засгийн газрын шийдвэрийг хүлээж сууна. Бага хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн 705 иргэн Барилга хот байгуулалтын сайдад асуудлаа тавьснаар ямар ч байсан Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар шийдвэр гаргуулах чиг барьсан ч чадсангүй. Уг нь энэ хэмжээний зээлийг шийдэх боломжгүй ч  биш л дээ, 705 иргэнд 50 хүртэл сая төгрөгийн зээл олгоход 30 тэрбум төгрөг шаардаж байгаа. Тэртээ тэргүй авто замын компаниудад 45 тэрбум төгрөгийг “Май” гээд зүгээр өгчихдөг баян төр орон гэргүй ядарсан иргэндээ сэтгэл гаргавал 30 тэрбум бол юу ч биш. Тэгээд ч зээл авсан иргэд авто замын компаниуд шиг тэрхүү 50 тэрбумыг зүгээр “идчих” биш эргүүлж төлнө. Зээлээ төлж чадахгүй бол авсан орон сууцыг нь Төрийн банк хураачихна шүү дээ. Ийм л нарийн хатуу хяналт, шалгуур дор орон сууцны зээл гардаг учраас иргэд ч зээлдээ хариуцлагатай хандаж эргэн төлөлт ч сайн байдаг. Харин Засгийн газар “горойсоор” л байх бололтой.

Дээр нь орон сууцны зээл хүссэн иргэдийн тоо дээр дурдсан 705 иргэнээр хязгаарлагдахгүй, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд бол 100 мянгад хүрнэ. Хэрэгцээ бол үүнээс ч их.  Цээжний хонжоогоор өнөөдөр 10 мянга өрх нь орон сууцанд хамрагдсан байлаа хэмээн тооцоход 90 мянга нь хүлээж буй. Хэрвээ Засгийн газар иргэддээ орон сууц худалдан авах зээлийн эх үүсвэрийг шийдэж өгөхгүй бол яаж “Утаагүй улаанбаатар”-ыг бий болгох юм бэ?. Гэр хорооллыг хаус хороолол болгосноор шинэчлэлийн Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг төсөөлж байгаа бол том алдаа болно. Засгийн газрын ажлыг дүгнэх нэг том хэмжүүр бол монголчуудын хэдэн хувь нь орон сууцанд хамрагдаж, шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хэлсэн үг, амласан амлалтдаа хүрэв гэдгээр хэмжигдэнэ. “Хийх хүн аргаа олдог, хийхгүй гэсэн хүн шалтаг тоочдог” гэдэг бил үү. “Чингис бонд”-ыг амжилттай арилжаалснаар Монголбанкны дансанд 1.5 тэрбум ам.доллар шилжиж орж ирлээ гэдэг бялуурам мэдээндээ бага шиг сагаж, бага, дунд орлоготой иргэддээ яаж бага хүүтэй, урт хугацааны зээл олгохоо хурдан шийдэхгүй бол нэг л мэдэхэд ажил дүгнэх өдөр ирсэн байх вий…

Г.ДАРЬ

URL:

Сэтгэгдэл бичих