Чингис бонд чардайлгах вий дээ

УИХ 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоороо Н.Алтанхуягийн толгойлсон шинэчлэлийн Засгийн газарт дэлхийн зах зээлд үнэт цаас арилжаалахыг зөвшөөрсөн билээ.

Н.Алтанхуягийн Засгийн газар таван тэрбум ам долларын «өрийн» бонд дэлхийн зах зээлээс босгоно гэснээ ажил хэрэг болгож, эхний удаа 1.5 тэрбумыг Монгол Улсын дансанд ямартай ч байрлуулж дөнгөлөө. Одоо ч ажил ундрах нь тодорхой. Үнэт цаас арилжаалсны үр дүнд орж ирсэн 1.5 тэрбум ам доллараараа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр зэрэг амин чухал бүтээн байгуулалтын ажлаа эхлэх байх.

 

Хүү нь бодогдоод эхэлсэн энэ их мөнгө Монгол Улсыг Грекийн араас битгий л тавиад туучхаасай билээ. Зөвхөн хүүнд нь жилд 70 сая ам доллар төлөх 1.5 тэрбум ам доллар бол цээжээ дэлдээд байх амжилт, бэлэг биш. 10 жилийн дараа нэг тэрбум ам доллар хүүнд нь төлөх тухай мэдээлэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дуу сулраад ирж байна лээ. Аргагүй ээ.
Өнөөдөр Монгол Улс 8.6 их наяд төгрөгийг гадны улс орнууд, банк санхүүгийн байгууллагаас зээлж идчихээд сууж байгаа. 2011 оны улсын төсөвт 2012 оны өрийн хэмжээг ДНБ-ий 47.7 хувьтай тэнцэж, эдийн засгийн өсөлтийг 25.6 хувьд хүрсэн байхаар төлөвлөж байсан. Тэгвэл ам ажил хоёр алд дэлэм зөрж, өнөөдөр эдийн засгийн өсөлт 13.2 хувьтай л явна.

 

Төсвийн алдагдал ДНБ-ий 4.8 хувьтай тэнцэж байгаа эгзэгтэй үед Н.Алтанхуягийн Засгийн газар алдагдлаа нөхөхөөр Чингис бондыг яаравчлан татаж авч ирээд байгаа нь энэ. Ерөөсөө л өмнөх Засгийн газрууд төсвийн алдагдлаа гаднын улсууд, Хөгжлийн банкуудын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хаасаар ирсэн нь нууц биш.
1990 оноос хойш манай улс нийтдээ дөрвөн тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээл, тусламж авсны 28 хувь нь Азийн хөгжлийн банк, 20 хувь нь дэлхийн банк, 23 хувь нь Японы Засгийн газарт ногдож байгаа. Энэ бүх зээл тусламжийг төлж барагдуулж л таарна. Ингээд бодохоор Монгол Улс «Өрөнд баригдаж, өтөнд идүүлнэ» гэгч нь л болоход тун ойрхон байна.

 

Аливаа улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрээд ирэхээрээ л эдийн засгийн хямрал төдийгүй, үндэснийх нь аюулгүй байдалд нөлөөлдөг хэмээн санхүүгийн мэргэжилтнүүд ихэд болгоомжилдог.
Тэгвэл Сангийн сайд Ч.Улааны «Маш амжилттай 1.5 тэрбум ам доллар босгоод ирлээ» хэмээсэн баярхуу мэдэгдэл нь Монгол Улсын өрийг даруй 1.2 функцээр өсгөхөд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улс 2012 онд үндсэн төлбөр болон, хүүгийн төлбөрт 44.1 тэрбум төгрөг төлөх ёстой. Зээлийн төлбөр, хүүг арай хийн барагдуулж байгаа ч энэ онд л гэхэд 708.1 тэрбум, 2013 онд 180 тэрбум төгрөгийг хандивлагч орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагаас зээлэхээр төлөвлөж байгаагаа Н.Алтанхуяг дарга мэдэгдсэн.

 

Тэгэхээр Монгол Улс маш амжилттай «зээл, зээл » бас дахин зээл хэмээсээр алгуурхан дороо дэвхцэж байна. Төрийн тэргүүнийхээ дууг сааралтуулсаар 1.5 тэрбум ам долларыг их эзнийхээ нэрээр гаднаас бадар бариад ирлээ. Нэг бодлын бахархмаар ч юм шиг, нөгөө бодлын аймаар ч юм шиг. Төлнө дөө, төлнө.
Цаг яваад эхэлсэн шүү. Чингис бонд ч чардайлгаж мэднэ дээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, нефть боловсруулах үйлдвэрт зарцуулагдах Чингис бондын мөнгөнөөс сохор зоос ч хэн нэгэн дарга, эрх мэдэлтний халаас руу андуураад орчхолгүй Монгол Улсын маргаашийн хөгжлийн төлөө зориулагдах болтугай. Хурай хурай.

Д.Энхтүвшин
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих