Шиньжян нутгаар аялсан тэмдэглэл: Ханасын\Хан ус\ цас

Намрын дунд сар буюу 10-р сарын 8-ны өдөр надад аз таарч албан томилолтоор Хятадын Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районы Алтай нутгаар аялж, сурвалжлага хийх ажил тохиосон юм. Манай Хятадын ОУР-гийн 6 сэтгүүлч 8-ны өдөр 1:30-ын нисэх онгоцоор Бээжингээс мордож, 4 цаг аялаад Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районы төв Өрөмч-д хүрч, дараа нь бас нисэх онгоцоор цаг гаруй аялаад Шиньжяны хойд нутагт орших Алтай районы Алтай хотод ирлээ.


Алтай хотоос Ханас нуур руу явах замын зураг, цас орсны улмаар хагас замдаа буцав

      Алтай район нь Шиньжяны хойд нутаг бөгөөд Алтай уулын өмнө хормой, баруун хойд хэсгээрээ Казахстан, Оростой хил залгаж, зүүн хойд хэсгээрээ Монгол улстай хил залгадаг, хилийн шугамын бүх урт нь 1197 км. Уг районы нутаг дэвсгэрийн нийт талбай нь 118 мянган хавтгай дөрвөлжин км, казах, хятад, уйгар, хотон зэрэг 36 үндэстэн нутагшин сууж байгаа бөгөөд 2010 оны эцсийн байдлаар нийт хүн ам 662 мянга, үүнд казах үндэстэн 341 мянга байж, нийт хүн амын 52 хувийг эзэлж, хятад үндэстэн 274 мянга буюу нийт хүн амын 41 хувийг тус тус эзэлж байгаа ажээ.

      Манай сэтгүүлчдийн баг 8-ны орой Алтай хотод нэг хоног амраад 9-ний өглөө нь Алтай хотоос Ханас нуур орохоор мордлоо. Ханас нуур Алтай хотоос 260 гаруй км зайтай. Бид авто машинаар бараг 4 цаг гаруй явж хүрэх ёстой байсан юм. Харамсалтай нь замын ихэнхийг яваад Ханас нуур хүртэл бараг 40 километр үлдэж байхад бороо орж байснаа нойтон цас болж, уул руу дээш өгсөх тусмаа хүйтэрч цас лавсан, зам хаасан байлаа. Ингээд бид аргагүй замын хагасаас буцсан юм. Гэвч би вебсайт ашиглагчдад Ханас нуурын тухай танилцуулахыг хүсэж байгаа бөгөөд буцах замдаа авсан гэрэл зургаа та бүхэнд толилуулахад таатай байна.


Шиньжяны Алтай районы Эрчис голын өнгө үзэмж

       Ханас нуур Шиньжяны хамгийн умард хэсэг дэх Алтайн нутагт байрлаж, хойд талаараа Казахстан, Орос, Монгол 3 оронтой хиллэдэг. Хятад улс болон дээрх 3 орны хилийн цорын ганц байгалийн дархан цаазат бүс, мөн Хятадын тувачууд төвлөрөн амьдарч буй цорын ганц нутаг билээ.

Ханас нуурын ус нь хур тунадас болон эргэн тойрны мөсөн голын усаар тэжээгдэн хуримтлагдсаар хавирган саран хэлбэртэй нуур болон тогтжээ. Энэ нуур далайн төвшнөөс 1374 метр өндөр газарт оршиж, 45.73 хавтгай дөрвөлжин километр талбайтай, усны дундаж гүн нь 120 метр, хамгийн гүндээ 188.5 метр хүрдэг, эргэн тойронд нь уул нурууд, өвс бэлчээр, балар ой тайгаар бүрхэгдсэн нутаг үргэлжилнэ.


Шиньжяны Алтай районы Бурчин\Burqin\ голын өнгө үзэмж

       Ханас нуурын орчны ой тайгын өгөршсөн модод салхинд хийсэж нуурын усанд унаад, уулын хүчтэй салхины аясаар хөвж урссаар нуурын дээд урсгалын хэсэгт хуримтлагдан он жил удсанаар, мянган метрийн өндөртэй модон хашлага болон овоорч, Ханасын үзэмжит гайхамшгуудын нэг болсон байна.

Ханасын үзэсгэлэн төгс өнгө төрхөөс гадна, тухайн нутгийн малчид тувачуудын дунд үе дамжин уламжлагдаж ирсэн нуурын хачин амьтан болох “том улаан жагс”-ны тухай домог ч жуулчдын сонирхлыг татаж байдаг. Ардын домог ярианд: Ханас нуурын хачин амьтан нь маш том биетэй\биеийн урт нь 10 метр орчим\ бөгөөд байн байн ил гарч, заримдаа нуурын хөвөөний үхэр мал руу дайрч залгидаг гэлцдэг. Өглөө орой усан онгоцонд суух буюу Ханас нуурын баруун эрэгт байрлах асраас нуурын төв дэх учир битүүлэг сонин хачин зүйлийг сонирхож болно. Хэрэв аз тохиовол усан дээр хааяа үзэгдэх жижиг усан онгоц хэлбэртэй “том улаан жагс”-ыг бүдэг бадаг харж болох юм .

        Ханас нуурын эргээр уугуул иргэд-тувачууд амьдран сууж байдаг. Тэдний хүн ам их биш боловч урт удаан түүхтэй үндэстэн юм. Нийт хүн ам нь 1800-с давахгүй. Амьдралын зан заншил, галбир төрх зэрэг талаар тувачууд нь Монголчуудтай маш төстэй. 1949 онд, шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Хятадын үндэстнийг ялгаж хуваарилах үед эрдэмтэн судлаачид тэднийг монгол үндэстэн гэж тогтоожээ.

Тувачуудын гарал үүслийн тухай маш олон домог яриа байдаг. Нэгдүгээрт, Чингис хааны хойч үе, үр угсаа. Хоёрдугаарт, Чингис хааны баруун тийш дайнд мордох замдаа энд үлдээж сувилуулсан шархадсан жанжин дайчдын хойч үе. Гуравдугаарт, Сибирийн нүүдэлчин иргэд гэж эрдэмтэн судлаачид үздэг.

       Тувачууд ой тайгатай уулархаг газар нутагшиж, мал маллан ан агнаж аж төрж ирсэн болохоор, тэднийг хүмүүс “Уулын аймгийнхан” гэж нэрлэсэн байдаг. Урьд гадна нутгийнхантай маш цөөн харилцдаг байсан тул, тэд аймаг бүлэг, овог угсааны тухай эртний үзэл ойлголт, шашин шүтлэгээ нэлээд бүрэн бүтэн хадгалж үлдсэн ба их олон газраас тэдний амьдрал үйлдвэрлэлийн ул мөрийг харуулсан хадны сийлмэл, зураг, тахил тайлгын үйл ажиллагаа болон онгон булш зэрэг түүх соёлын баялаг буурь туурь нь жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг юм.

\Сайн-Өлзий бэлтгэв\


URL:

Сэтгэгдэл бичих