Рио Тинтогийн шинэ тактик

Дэлхийн хоёр дахь том уул уурхайн групп болох Рио Тинто зардлаа таван тэрбум ам.доллараар багасгах хоёр жилийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Дэлхийн эрэлт хэрэгцээ болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ буурч буй нь тус группын ашигт сөргөөр нөлөөлж байгаа аж.
АНУ, Европод нүүрлээд буй эдийн засгийн хямрал, Хятад улсын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлтийн сааралт үргэлжлэх төлөвтэй байгаа тул дээрх арга хэмжээг авахад хүргэсэн хэмээн шинжээчид үзжээ. BHP Billiton тэргүүтэй бусад уул уурхайн компани мөн зардлаа багасгахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. Рио Тинто группын ерөнхийлөгч Том Албанез “Өнгөрсөн жилүүдийн их зарлагыг нөхөхийн тулд бид хатуу арга хэмжээ авахаар шиидсэн. Гэсэн ч бид үйлдвэрлэлдээ гол анхаарлаа чиглүүлсээр байна” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тус  групп хайгуулын зардлыг хоёр тэрбум ам.доллараар хумьж, төмрийн хүдрийн олборлолтоо жилд 360 сая тоннд хүргэхээр зэхэж байгаа ажээ.
Рио Тинто нь төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байгаа цорын ганц компани бөгөөд Австралийн олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд уурхайн өргөтгөл, дэд бүтэц зэрэгт нийт 21 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм. Хөрөнгө оруулагчдын олон улсын нэгэн хурлын үеэр тус группын ерөнхийлөгч “Энэ жил болон ирэх жилүүдэд манай байгууллага зарлагатай холбоотой бүх асуудалд хяналт тавьж ажиллана” хэмээн онцолжээ. Ийнхүү тус групп 2014 оны сүүл гэхэд нийт долоон тэрбум ам.доллар хэмнэх зорилго тавиад буй аж. Ирэх онд хайгуул, үнэлгээний төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байсан санхүүжилтээ нэг тэрбум ам.доллараар танасан байна.
Дээрх хэмнэлтийг нүүрс, хөнгөн цагааны үйлдвэрлэлд түлхүү хэрэгжүүлэх тухайн Рио Тинто группын ерөнхийлөгч хэлсэн байна. Харин Австрали дахь Pilbara үйлдвэрийн өргөтгөл, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэснээр Рио Тинто компанийн төмрийн хүдрийн олборлолт нэмэгдэж, хамгийн том захиалагч болох Хятад улс руу харьцангуй хямд үнээр буюу нэг тонныг 47 ам.доллараар нийлүүлэх юм байна. Төмрийн хүдрийн үнэ буурч, нэг тонн нь 118 ам.долларт хүрсэн явдал дийлэнх үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болсон. Рио Тинто үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлэхээр зорьж байгаа нь алдагдалаа нөхөх шинэ арга хэмээн зарим судлаач үзэж байна. Ирэх оны сүүлч гэхэд тус компани төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ 290 сая тонн, 2015 он гэхэд 360 сая тонноор нэмэхээр төлөвлөсөн байна.
Б. Үүрийнтуяа
http://mongolianeconomy.mn/mn/e/3167

URL:

Сэтгэгдэл бичих