МЕССИ 40 ЖИЛИЙН ӨМНӨХ ДЭЭД АМЖИЛТЫГ ЭВДЛЭЭ

Испанийн “Барселона” болон Аргентины шигшээ багийн тоглогч Лионель Месси энэ жил толгойгоороо цохин оруулсан гоолынхоо тоогоор дээд амжилт тогтоожээ. Франс-Пресс агентлагийн мэдээлж байгаагаар, өнгөрсөн ням гарагт Месси энэ жилийн 86 дахь гоолоо оруулсан байна.
Тэрбээр энэ бөмбөгийг Испанийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд “Барселона” болон “Бетис” багийн хооронд болсон тоглолтын үеэр хийжээ. Мессиг гоол оруулсны дараа онооны харьцаа 2:0 болж, “Барселона” баг давамгайлж эхэлсэн байна.
Месси энэ гоолыг оруулснаар Германы хөл бөмбөгчин Герд Мюллерын 1972 онд тогтоож байсан дээд амжилтыг эвджээ. “Бавария” болон Германы шигшээ багт хүчин зүтгэж байсан Мюллер 85 гоол оруулж байв.
Өдгөө 25 настай Аргентины хөл бөмбөгчин Лионель Месси дэлхийн шилдэг хөл бөмбөгчинд олгодог энэ жилийн “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшсэн гурван тоглогчийн нэг юм.
Дашрамд, өнөөдөр НҮБ-ын шийдвэрээр Дэлхийн хөл бөмбөгийн өдрийг тэмдэглэж байна. Ийнхүү олон улсын хамтын нийгэмлэгээс сая сая хүний хувьд зөвхөн спорт төдийгүй амьдралынх нь нэг хэсэг болсон спортын энэ өдөрт хүндэтгэл үзүүлж байна.
Д.Жаргал

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих