Эмийн хөнгөлөлтийн зардлын төсөв хүрэлцэхгүй байгааг онцлов

Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийслэлийн хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, эмийн сангуудын удирдлага болон хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар хамтын ажиллагаа, эрүүл мэндийн даатгалын гэрээний хэрэгжилт, төлбөр тооцооны талаар гарч буй хүндрэлтэй асуудал болон шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалын урт хугацааны стратегийн зорилтууд болон иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийсэн юм.

Уулзалтад оролцогсод эмийн үнийн хөнгөлөлтийн зардлын төсөв хүрэлцэхгүй байгааг онцолж хувийн хэвшлийн эмнэлгүүдийн оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах, улсын эмнэлгүүдтэй адил хэмжээгээр даатгалаас төлбөр төлүүлэх, рашаан, сувиллын даатгалаас санхүүжих орноос давсан тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангуудад даатгуулагчийн мэдээллийг харах нөхцлийг бүрдүүлэх саналыг тавьсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас уулзалтад оролцогсдоос гарсан дээрх санал, хүсэлтийг судалж, цаашид харилцагчдыг мэдээллээр хангах уулзалтыг тогтмолжуулахаар боллоо.

Мөн үеэр нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан  “Ачтан” эмнэлгийн дарга Ц.Мухар, “Буянт оношилгоо” эмнэлгийн эмч Д.Сэржээ, “Арцат фарм” эмийн сангийн эрхлэгч Ж.Нина, “Мөнхжил” эмийн сангийн эрхлэгч Д.Намжилсүрэн, “Номун” эмнэлгийн дарга Н..Жанчив, “Аржанчивлин” сувиллын дарга  Д.Баатар, ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр нарыг Нийгмийн даатгалын 70 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнасан юм.

Б.Заяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих