ТҮРЭЭСЭЭС ТЭРБУМТНУУД ТӨРӨХ БОЛЖЭЭ

“Хүчит шонхор” захын түрээслэгчдийн төлөөлөл,  УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэд Түрээслэгчдийн холбоо байгуулахаар шийдсэн бөгөөд тэргүүнээр нь УИХ-ын гишүүн Г.Уянга ажиллахаар болжээ. УИХ-ын гишүүн Г.Уянга, “Монголын эдийн засаг өнөөдөр түрээсийн эдийн засаг дээр тогтож байна. Түрээсийн дарамтын асуудал зөвхөн “Хүчит шонхор” захаар хязгаарлагдахгүй. Зах, такси, орон сууц тэр байтугай бие засах газар хүртэл түрээсийнх болжээ. Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг байсан бол өнөөдөр түрээсээс төрсөн тэрбумтан гэж хэлж болохоор болсон байна гээд өндөр түрээсийн дор амь амьдралаа залгуулж яваа иргэдийн цаана, түрээслүүлэгчдийн хувьд ямар нэг хууль эрх зүйн зохицуулалтгүйг далимдуулан далд эдийн засаг бас өрнөж байгааг ч анхаарах цаг болсныг онцлов.
Өнгөрсөн долоо хоногт “Хүчит шонхор” захын түрээслэгчид захын удирдлагуудын дарамт шахалт их, түрээс өндөр байгааг эсэргүүцэн жагсч,  өлсгөлөн зарлаж байсан юм. Түрээслэгчид УИХ-ын гишүүн Г.Уянгад хандаж, холбоо байгуулан эрх зүйн зохицуулалт хийх хүсэлт гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Уянга түрээсийн талаар нэлээд судалгаа явуулсны дүнд дээр хэлсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс Түрээслэгчдийн холбоо байгуулан, хууль эрх зүйн зохицуулалтыг хийхийн тулд хууль санаачлан хамтран ажиллахаар болсон байна.
Түрээслэгчдийн талаар ойрын ганц нэг жишээ дурдахад, “Хүчит шонхор” захын лангууны түрээс 220-400 мянган төгрөг. Гэтэл худалдагчаас өөр хүн түрээсийн лангуунд ажиллах, мөн хамтран ажилласан тохиолдолд 90 мянган төгрөг нэмж авах гэх мэтээр дарамт учруулдаг байна. Тэр ч байтугай тус зах дээр тэрэг түрж амьдардаг хүмүүс хүртэл 90000 төгрөгийн түрээс төлдөг аж. “Хүчит шонхор” захад 20-иод жил ажиллахдаа нийтдээ тэрбум гаруй төгрөгийн түрээс төлсөн хүн ч бий гэнэ.
Ш.Эрдэнэ

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих