С.Ганбаатар: 1.5 тэрбумыг нохойн замаар оруулахгүйн тулд сайтар ярилцах шаардлагатай

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай “Чингис” бондын талаар ярилцлаа.

-Дэлхийн зах зээлд арилжаалсан бондыг эрсдэлтэй, эрсдэлгүй гэж ярьцгааж байна. Таны бодлоор аль нь зөв шийдэл вэ?

-Энэ хорвоод юу ч хийсэн бүгд эрсдэлтэй. Манай С.Баярцогт гишүүний яриад байдаг шиг эрсдэлгүй зүйл хорвоод байхгүй л дээ. Уг нь энэ тухай долоо, наймдугаар ангийн түүх, философийн хичээл дээр заадаг шүү дээ. Зам хөндлөн гарахад л эрсдэлтэй.

Хамгийн гол нь эрсдэлээ тооцдог байх ёстой. Энэ бол амьдралын алтан дүрэм. Тэгэхээр энэ бондыг огт эрсдэлгүй гэж хэлж ердөө болохгүй. Асар эрсдэл авчирч магадгүй. Монгол орон тэр чигтээ 20-50 жил гадаадынхны мөнгөний өрийг төлөх гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй амьдарч магадгүй.

-Та энэ санаагаа энгийн жишээгээр тайлбарлаж өгөөч?

-Би санаагаа илэрхийлэхийн тулд жишээ авъя. Зүгээр л нэг хашаа, байшинтай айл байлаа гэж бодъё. Үргэлж 21 мянган төгрөгөөрөө амьдардаг. Заримдаа айлын ус зөөж талхныхаа мөнгийг олдог. Тэр айл хашаа, байшингаа барьцаанд тавиад таван сая төгрөг зээлж гаднаа шинээр худаг бариад ажиллуулах юм бол жил болгон 500 мянган төгрөгийн ашигтай ажиллана. 10 жилийн дараа таван сая төгрөгөө төлчихөөд түүнээс илүү ашигтай ажиллана.

Миний хэлэх гээд байгаа санаа үүнтэй л адил. Хэрвээ эрсдэлээ муу тооцоолсон бол хашаа ч үгүй, байшин ч үгүй үлдэнэ. Харин сайн тооцоолох юм бол маш том худагтай болно. Өөрөөр хэлбэл, жил болгон нэг хашаа худалдаж авах хэмжээний алтаар өндөглөдөг нугастай болно гэсэн үг. Энэ бол асар их эрсдэлтэй. Би бонд гаргах асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ л маш их эрсдэлтэй гэдгийг бодохоор санаа зовоод байх юм.

-Алтаар өндөглөдөг нугастай болохын тулд юу хийх ёстой юм бэ?

-Үүнийг эрсдэлгүй болгохын тулд бидэнд жинхэнэ алтаар өндөглөдөг нугас хэрэгтэй байна. Бондоос орж ирж байгаа мөнгө бол мэдээж доллар. Доллар авч байгаа учраас доллар олдог зүйлд л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, экспортод хөрөнгө оруулалт хийх нь зөв. 1.5 байна уу, таван тэрбум байна уу хамаагүй.

Доод тал нь 50-60 хувийг доллар олдог экспортын үйлдвэрлэлд хөрөнгө оруулах шаардлагатай. Гэтэл эрх баригчид 20-30 хувийг нь экспортын үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан дүр үзүүлчихээд бусдыг нь юунд мэдэгдэхгүй цацах гээд байна шүү дээ. Тухайлбал, төмөр замд тодорхой хэмжээний хөрөнгө оруулах юм билээ.

Ингэх хэрэггүй. Төмөр зам хэзээ ч доллар оруулж ирэхгүй. Манай замаар явдаг гадаадынхан доллараар ачаагаа явуулахгүй нь ойлгомжтой. Өнөөдөр бид төмөр замаа ч олигтой ашиглаж чадахгүй байна. Харин ойрын хэдэн жилдээ доллар оруулж ирэх экспортын үйлдвэрлэл рүү ахиухан мөнгө оруулах шаардлагатай.

Дараа нь тэндээс орж ирсэн мөнгөөрөө сургууль цэцэрлэгээ барьж болно. Одоогийн нөхцөл байдалд уялдуулан гал ассан зүйл болгон дээр хөрөнгө оруулаад эхлэх юм бол Монголын ирээдүйд өнөөдрийн улстөрчид нүгэл хийж байна гэсэн үг. Ийм байдалтай ажиллаж болохгүй шүү дээ.

-Төлөвлөсөн ёсоор таван салбарт зарцуулах юм билээ. Эдгээрээс аль нь оновчтой санагдав?

-Арьс ширний үйлдвэрлэлд хөрөнгө оруулна гэдэг нь хамгийн чухал. Үүнийг дэмжиж байгаа. Арьс ширнийхээ үйлдвэрийг босгоод ирвэл асар их мөнгө гаднаас валютаар олдог болно.

-Гэхдээ их хэмжээний бонд гаргах нь буруу, ирээдүй хойч үедээ асар их өр үлдээж байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Түүний нэг нь Та?

-Үүн дээр маш их санаа зовж байна. Би муулахын тулд бус гаргалгааг нь хэлж байгаа. Миний саналуудыг хүлээж авахгүй бол ширүүн шүүмжилж тэмцэл хийхээс аргагүй. Монголын ард түмнээ харсаар байж өрөнд оруулах ёсгүй. 1.5 тэрбум төгрөгийг нохойн замаар оруулахгүйн тулд нарийн ярих ёстой. Ер нь барууныхан бол их айхавтар шүү дээ. Биднийг өртэй болгоод л байх санаатай. Санхүүгийн тийм луйврын механизм байдаг.

Эдийн засгийн алуурчдын механизм уруу оруулахгүйн тулд экспортын үйлдвэрлэлд хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хаана, ямар хэмжээний хөрөнгө оруулах гэж байгаа нь ил тод байх ёстой. Ингэхдээ цаас үйлдвэрлэдэг дарга нарын хамаатан садан, найз нөхөд, сайд нарын арын өрөөний найз нөхдийнх нь компаниуд орж ирж Монголын нийгмийг битгий самраасай гэж хичээнгүйлэн хүсч байна.

-Таны шүүмжлэлийг хүлээж авахгүй бол яаж тэмцэх вэ?

-Бондын мөнгөний зарцуулалтад хяналт тавина. Хэрвээ ийм байдалтай байвал хатуухан үзнэ. Гэхдээ бас тийм биш л байгаасай гэж бодож байна. АН, Засгийн газар ирэх дөрвөн жилийн ажлаа ард иргэддээ тайлагнана. Арай ч ийм хударгагүй зүйл хийхгүй гэж горьдож, найдаж байна даа. Саналаа ч хэлж байгаа. Юу юугүй шүүмжлээд яахав дээ.

-Засгийн газар хариуцлагатай ажиллаж чадах болов уу. Танд ч гэсэн тийм болгоомжлол байгаа юм биш үү?

-Болгоомжлол байна. Нэгэнт мөнгө нь ороод ирчихсэн байхад наад мөнгөө буцаа гэж хэлэх нь хаашаа юм. Хамгийн гол нь энэ мөнгөө зөв, бодитой зүйлд зарцуулаасай л гэж хүсч байна. Мөнгөний ядаж 60 хувийг экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэлд зарцуулах нь чухал. Гэтэл эрчим хүчний талд маш их хэмжээний хөөсөрсөн төслүүд яваад байна. Улстөрчид дундаас нь мөнгө идэх гэсэн юм шиг хэтэрхий хөөсөрсөн, хэтэрхий худлаа мөнгөн дүн тавьсан төслүүд яваад байх шиг байна.

-Танд хардлагаа батлах баримт байгаа юу?

-Надад ийм мэдээлэл байгаа. Үүнийгээ баталгаажуулж авна. Би энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, холбогдох сайд нарт асуулга тавина. Ямар, ямар төсөл байгаа юм бэ, хэдэн хувийг нь экспортын бараа бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрлэлд оруулах юм, тэр нь ямар, ямар үйлдвэрлэл байх юм гээд бүхнийг тодорхой болгох үүднээс асуулга тавина.

Ард иргэдийн өмнө ил тод өрнөж байж л асуудал урагшилна шүү дээ. Харин сайд нарын арын өрөөнд хэдэн найз нөхдийнхөө компаниудад хөөсөрсөн үнэтэй эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх эрхийг нь өгчихвөл жинхэнэ луйвар болно гэсэн үг.

-Та яг ямар төслүүдийг энэ ангилалд багтаагаад байгаа юм вэ?

-Одоохондоо орж ирээгүй байна. Интернэтээр жагсаалт нь гарчихсан байна лээ. Түүнийг үзэхэд эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд нь дэндүү хөөсөрсөн зүйл ажиглагдсан. Хөндлөнгийн шинжээчид л гаргахаар зүйлүүд хийсэн байна лээ. Ингэж хөөсрүүлсэн худлаа үнэ гаргаж болохгүй.

-Хөөсрөлийн цаана ашиг сонирхлын зөрчилтэй зүйл харагдаж байна уу?

-Төрөөс шууд тэрбумтнууд төрүүлнэ гэсэн тийм бодлого явж байгаа юм шиг л харагдаж байна лээ. Эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг харж байхад арай ч дээ гэмээр зүйл ч байсан. Би чинь олон жил төсөв, хөтөлбөрийн талаар хэрүүл хийсэн хүний хувьд мэдрэмж байна шүү дээ. Үүнийг шалгуулах хэрэгтэй.

-Бонд арилжсан мөнгөөр их бүтээн байгуулалт өрнүүлнэ гэж төлөвлөж байгаа ч ТЭЗҮ-ийг өнөө болтол гаргаагүй юм байна?

-ТЭЗҮ байхгүй мөртлөө тэдэн тэрбум төгрөг гээд тавьчихсан байна гэдэг бол дундаас нь агаараар мөнгө хийх гэсэн л хэдэн хүний ажил.

-Төмөр замд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж төлөвлөсөн юм билээ. Таны хэлсэнчлэн төмөр зам бол доллар оруулах газар биш биз дээ. Эсвэл үүний цаана улстөрийн ямар нэгэн тохироо байна уу?

-Яахав улстөрийн гэдэг ч юм уу, намчирхсан улстөрийн өнгө аяс манайд байнга байдаг. Үүнийг би ойшоодоггүй. Манай улстөрийн намууд дэндүү арчаагүй шүү дээ. Ер нь таны хэлсэн шиг тийм ч байх талтай. Энэ асуудлыг сэтгүүлчид та бүхэнд үлдээе. Хамгийн гол нь үйлдвэрүүдийнхээ ТЭЗҮ-ийг гаргаж үнэ ханшийг нь бодитой болгомоор байна. Энэ асуудлыг бие даагчдын зөвлөл судалж байгаа.

-Ямартай ч мөнгө нь ороод ирчихлээ. Гэтэл ТЭЗҮ батлагдаагүй, ямар ч төлөвлөлтгүй болохоор цаашид яах юм бол?

-Тиймээс л яаралтай ТЭЗҮ-ээ хийх хэрэгтэй гэж шаардаад байгаа хэрэг л дээ. Энэ асуудалд Монголын ард иргэд, улстөрчид бүгд анхаарал хандуулах ёстой. Хамгийн гол нь мэргэжлийн шинжээчид, тухайн салбарын мэргэжилтнүүд хоорондоо уулзаж зөвлөмж гаргах хэрэгтэй. Тэрхүү зөвлөмжийг тойрч улстөрчид ярих үүрэгтэй. Улстөрчид нь өөрсдөө насаараа арьс шир илдчихсэн юм шиг зүйл ярьж онигоонд ордгоо болих хэрэгтэй шүү дээ.

-Анх бонд гаргахдаа шинжээчдийн дүгнэлт гаргаагүй гэж үү?

-Миний ярьдаг ганц зүйл чинь л энэ. Ямар ч хөндлөнгийн үнэлэлт, дүгнэлт байхгүй учраас л хамгийн том эрсдэл, асуудал дэгдээгээд байгаа юм. За яахав, мөнгө ороод ирлээ. Түүнийгээ юунд хэрхэн үр ашигтай зарцуулах нь чухал байна. Мөн энэ мөнгөөр хувийн хэвшлийнхнийг дэмжээсэй гэж бодож байна. Дан ганц улстөрчдийн саалийн үнээ болгох гэж оролдвол үнэхээр харамсалтай.
Д.Мягмарсүрэн

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих