С.БАТБОЛД: ЗАСГИЙН ГАЗАР 2.7 САЯ ИРГЭНЭЭ ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ЭЗЭН ГЭСНИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА

Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг хамтарсан Засгийн газар 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргалаа. Нарийвчилсан тоогоор өнөөдөр манай улсад 2 сая 796 мянга 341 иргэн байгаа бөгөөд 1,5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдож байна. “Стратегийн орд газруудаа ээлж дараатай эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн баялгаас олох орлогыг иргэн бүртээ шударга, тэгш, хүртээмжтэй хуваарилах цогц асуудлын нэг болох хувьцааны талаар Засгийн газар ээлжит болон ээлжит бус хуралдаанаар удаа дараа нухацтай хэлэлцэн шийдвэр гаргалаа” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр мэдэгдлээ. Нэгж хувьцааны үнийн тухайд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргаж арилжиж эхлэх үед нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөг байх нь тодорхой болно.

Компанийн ажил, ялангуяа олборлолт, нүүрсний экспорт жигдэрч, зам, төмөр зам, ус, эрчим хүчний хангамжийг шийдэж, угаах-баяжуулах үйлдвэр зэрэг ажил эхэлсний дараа хувьцааны үнэ бодит байдлаар тогтох хүртэл тухайн иргэн хувьцаагаа зарж, борлуулах эрхгүй. Энэ нь иргэдээ эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг” гэлээ. “Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил тунгалаг, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх бөгөөд явцыг Засгийн газар сар, улирал бүрээр тогтмол мэдээлнэ. Харин хувьцаа эзэмшигч иргэн өөрөө хариуцлагатай байж, хяналтаа тавин, компанийн ажил ямар шатандаа явж байгааг мэдэж байх ёстой, энэ боломжийг ч иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлснээр бүрдүүллээ.

Цэнхэр, ягаан тасалбарын ач тусыг иргэд сайн ойлгоогүйгээс үр шимийг нь хүртэж чадаагүй. Энэ алдааг давтахгүйн тулд хөрөнгийн зах зээл гэж юу болох, энэ талаархи иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зэрэгт төр, засаг анхаарна, иргэд ч өөрсдөө хичээх хэрэгтэй” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэв.

Монголын иргэн бүр хувьцааг нь эзэмшиж байгаа Тавантолгой төслийг дэлхийн жишигт хүрсэн, дэд бүтэц зэрэг салбарт ирээдүйд хэрэгжих төслүүдэд үлгэр жишиг болохуйцаар хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд онцолж байна. Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ч санал нэгтэй байгаагаа хэллээ. Хувьцааг иргэдэд эзэмшүүлэх зохион байгуулалтын ажлыг Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн газар, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтэс хариуцна.

Ингэхдээ хувьцаа эзэмшигч гэснийг баталсан тусгай тэмдэглэгээг тухайн иргэний Хүний хөгжил сангийн дэвтэрт баталгаажуулах юм байна. Ийнхүү байгалийн баялгаа ашиглах, түүний дотор уул уурхайн салбарын хөгжлийн орлогоос ард иргэддээ хуваарилах, хишиг, хувь хүртээх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм асуудал биеллээ олж, иргэн бүртээ хувьцаа эзэмшүүллээ. Цаашид хөрөнгө оруулагчид болон олборлолтын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, гадаад, дотоодын хөрөнгийн биржэд хувьцааг нь арилжаалах бэлтгэлээ хангах зэрэг шат дараатай олон ажил хийгдэнэ гэж Ерөнхий сайд болон Тэргүүн шадар сайд нар хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.