Орцноосоо ч хүйтэн орон сууцтай конторуудыг яах вэ, О.Магнай дарга аа!

 

Айл гэр дулаан, тохитой бол хүний амьд­рал нэг хэсэгтээ л их аятайхан болчихдог. Ажилдаа хоцорч, эсвэл байсхийгээд өвдөхгүй. Алдаа гаргаж, даргадаа зэмлүүлээд байх­гүй. Хүү­хэд нь ч ялгаагүй, байн байн өвчин ороохгүй, ха­цар нь ягаараад л цэцэр­лэг, сургуулиасаа чөлөө, акт хүсдэггүй.

Бие арзайсан хүйтэн өрөөнд хүн удаан амьдар­хаар ханиад, томуунаас эхлээд бүх өвчний үүдийг нээдэг билээ. Хахир өвөл айлчилсан энэ өдрүүдэд орон сууцны халаалт тааруу, гэртээ бөөвийсөн хэдэн амьтан суудаг боллоо гэх гомдлыг бүх дүүргийн оршин сууг­чид ирүүлж байна. Жи­шээлбэл, Сүхбаатар дүүр­гийн долдугаар хороонд “Анд интернэйшнл” компа­нийн барьсан 21 дүгээр байр дэндүү хүйтэн. Цонхноосоо сийгдэг ч юм уу, айлууд нь орцноосоо ч хүйтэн өвөлждөг гэж оршин суугч А хэлж байв.

Хан-Уул дүүргийн  “Хайрхан-Уул” конторын­хон ажлаа барагтаа л бол хийдэггүй гэнэ. Оршин сууг­чид халаалт ирдэггүй, хүй­тэн байна гэж олон удаа гом­дол­лоход тэд  дүлийр­сэн мэт явах болжээ. Оршин суугчид хүйтэн байранд зутарч жил жилийн намар, өвөл өвчин тусч, ойрол­цоох эмийн сангуудын орлогыг тогтмол нэмэгдүүлэх болжээ. 28 дугаар байрны хоёрдугаар орцны нэг айл дуудлага өгөөд дуулдаггүй дүлий чихийг зөөлрүүлсэн гэж байв. Олон намар, өвлийн гомдлыг хотын мээр Э.Бат-Үүлийн санаа­чилсан 1200, “UB сонсож байна 1234” тоот утсаар өгөхөд удалгүй асуудлыг шийдсэн аж. Оршин суугч У дуудлага өгөөд таг чиг байсан тул дээрх утсанд гомдол, саналаа хэлээд долоо хонон­гуут л “чихгүй” кон­торын сан техникийн слесарь “Юу болов” гэж ирээд анхаарал тавьж, паарнаас нь хий авч “паараа угаахад яадгийн бэ” хэмээн аяга, таваг угаах дайны ажил зааж байгаа мэт томорч байгаад одсон аж. Тусыг эс олж, арга нь барагдсан  өнөөх айл модны хоёрт шинээр баригдсан  орон сууц  ху­далдаж авч “мөнхийн хөл­дүү” байрнаасаа салж амарсан гэж байв. Мөн­гөтэй, аргатай, ар­чаатай нэг нь шинийг худалдаж аваад цэвдэг байрнаас нүүгээд явчих­даг байж. Харин өр зээл­тэй, олуулаа амьдардаг айл тэр бүр ингээд байрны дулаан, сууцны шинэ, сайхныг шилээд нүүчихэж ча­дах­гүй. Тиймээс байгаа хэдэн өрөөгөө яаж, ийгээд л бү­лээ­хэн болгох гэж элдэв арга сэдэж суугааг ду­лааны­хан, орон сууц ний­т­ийн аж ахуйн конто­рын­хон мэддэг болов уу.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, офицеруу­дын ордны зүүн талд ор­ших 109 дүгээр байр хуучны сууц биш. Усан гүйдэлтэй газарт барьсан барилга тул өвөлдөө тэсгэм хүйтэн, зун, намартаа ма­шины гарааш нь үерт авт­даг болсоор хэдэн жилийн нүүр үзэж байгаа аж. Одоо ч тэндэхийн ор­шин сууг­чид нэхий дээл, дэгтий өмсөхдөө тулаад л амнаас нь уур савсах нь холгүй мөсөн хонгилд өвчинд ороог­дон аж төрж байгааг олон айлын эзэгтэй хэлж байсан юм.

Халаалт тааруу, бүр хөлдүүс болсон орон сууц нийслэлд зөндөө бий.  Хуучны байрнууд хүйтэн байдаг гэж ташаа мэдээ­лэл, ойлголт юм билээ. Шинэхэн сууцанд ч гэсэн чичирч, нэмнээтэй үнээ шиг зузаалж суугаа талаар бидэнд гомдол гаргасан айл бий. Хөлдүү, салхи сийгэж жавар хургасан ийм сууцанд аж төрж байгаа айлууд хэдий бол­тол халаалтын мөнгөө бүрэн төлөх ёстой юм бол О.Магнай дарга аа. Үйлчил­­гээгээ дутуу, хагас үзүү­лээд л мөнгөө бүрэн авна гэж нэхдэг бүх конторыг цэгцлэх цаг нь болсон гэж оршин суугчид дуу нэгтэй байсан.

Оршин суугчид орон сууцны контор руугаа зал­гаж халаалтын доголдож буйг хэлэхээр диспетчир нь тоть шиг “халаалт ерөнхийдөө цаанаасаа ийм байгаа” гэсэн ижил ха­риулт хэлдэг болжээ. Аваагүй үйлчилгээнийхээ хөлсийг бүрэн төлүүлж иргэдийн халаасыг цоол­дог энэ том мөнгө угаах ажил­лагааг Шударга өр­сөл­­дөөн, хэрэглэгчийн тө­лөө газраас шалгаж, ажлыг нь сайжруулах цаг болжээ.

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны  “Хөх -Асар”  орон сууцны контор жилийн жилд халаалт бага шахдаг гэнэ. Халаалт 60 хэмтэй ирж байх ёстой аж. Тэндэхийн айлуудад 35-40 градусын л дулаан ирж байгаа гэв. Жил болгон хэрүүл хийгээд нэмэргүй аж. Өдрийн цагаар ха­лаалтаа сааж өлбийлгөдөг хэрнээ мөнгө авах боло­хоор утасдаад салдаггүй мөнгөний араас хөөцөл­дөж иргэдийг хохироож буй жинхэнэ эздийг тог­тоох цаг болжээ.

Эх сурвалж: POLIT.mn


URL:

Сэтгэгдэл бичих