Сурагчдын амралтыг уртасгалаа

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар сурагчдын өвлийн амралтыг уртасгав. Хүйтний эрч чангарсан, ханиад томууны халдвар ихэсч, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц ихээхэн доогуур байгаа нь амралтын хоногийг нэмэх гол үндэслэл болжээ. Түүнчлэн нийс­лэлийн сурагчдын эцэг эхчүүдийн холбооны анхдугаар чуулганаас хүйтний улиралд амралтын хугацааг сунгах хүсэлт гаргасан аж.

Олон нийтийн санал асуулгаар ч эцэг эхчүүдийн 70-аас дээш хувь нь хүйтэн цагт хүүхдүүдээ аль болох олон хоног амраах санал гаргасныг хүндэтгэн үзэж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Хальтиргаа гулгаа ихтэй, харанхуйд сургууль, гэр рүүгээ явахдаа гэмтэж бэртэж буйгаас сэргийлэхээс гадна замын түгжрэлд тодорхой хугацаанд эерэг нөлөө үзүүлэх аж.

 

Хот, хөдөөгийн сурагчдын амрах хоног нь адилхан эхлэх хугацаа нь өөр байхаар зохицуулжээ. Хөдөөгийн сурагчдын амралтыг цагаан сараар тааруулсан байна. Хөдөөгийн хүүхдүүд дотуур байранд биш гэртээ золгохоор тооцоолов.

 

Улаанбаатарын сурагчдын амралт хөдөөгийнхөөс эрт эхэлнэ. Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 31-нээс таван долоо хоног, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн гурван  долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 21-нээс эхлэн хоёр долоо хоног амарна.

Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын III улирлын хичээл 2013 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид ирэх оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн таван долоо хоног, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 28-наас эхлэн гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоног амарна.

 

Хөдөөгийн сурагчдын III улирлын хичээл “Цагаан сар”-ын баярын дараа хоёрдугаар сарын 17-ноос орох аж. Өвлийн амралтын хугацаа ялангуяа бага ангийнхны хувьд илүү сунгагдсанаар  дунд, ахлах ангийнхан энэ хооронд хоёр биш нэг ээлжинд шил­жинэ. Улсын хэмжээнд байгаа гур­ван ээлжтэй 22 сургууль хоёр ээл­жинд түр шилжих юм.

 

Хичээлийн жилийн үргэлжлэх болон улирлын амрал­тын хугацаанд өөрчлөлт оруулс­­­наар сурагчдын суралцах нийт цаг хорог­дохгүй, багшийн цалин хөлс, амралтын хугацаанд ямар нэг өөрч­лөлт гарахгүй аж. Ерөнхий боловс­ролын сургуулийн сурагчдын хи­чээл зургадугаар сарын 7-ноор дуусна. Сурагчид өвөл амарч байх хооронд бага ангийн багш нар бүгд мэр­гэжил дээшлүүлэх сургалтад хам­раг­дах юм байна.

 

Боловсрол, шинж­лэх ухааны яам телевиз, мэдээллийн хэрэгсэлтэй хамтран танин мэдэхүйн кино, нэвтрүүлгийг сурагчдын амралтын үеэр зохион байгуулахаар болжээ. Эцэг эхчүүд хүүх­дүүдээ өвлийн улиралд илүү ам­раах хүсэлтээ илэрхийлээд зогсох­г­үй гэртээ байхад нь анхаарал хандуу­лах, ажил амьдралаа зохицуулах хэрэгцээ шаардлага ч байгаа юм.
А.Лхагва

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих